Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Элчин сайд Дэвид Мэтью Восэныг хүлээн авч уулзлаа

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга  С.Эрдэнэ Австрали улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дэвид Мэтью Восэнийг хүлээн авч уулзлаа. Элчин сайд Восэн нь өнгөрсөн хоёрдугаар сарын 15-ны өдөр итгэмжлэх жуух бичгээ Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барьсан юм. Тэрбээр Австралийн Гадаад хэрэг, худалдааны яам болон Умард Солонгосын асуудал хариуцсан хэлтсийн даргаар ажиллаж байжээ. 

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ уулзалтын эхэнд ноён Дэвид Мэтью Восэнийг Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсонд нь баяр хүргээд цаашид хоёр орны хамтын ажиллагаанд өндөр хувь нэмэр оруулж ажиллахыг хүссэн юм. Мөн уулзалтын үеэр талууд хоёр орны боловсрол, уул уурхайн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Хоёр орны хувьд уул уурхайн чиглэлийн хамтын ажиллагааг  нэмэгдүүлэх замаар хамтран ажиллах боломж байгааг онцолсон юм. Цаашид уул уурхай, боловсролын салбарт чиглэсэн хамтын ажиллагаанд  анхаарал хандуулахаа  талууд илэрхийллээ.