Х.Тэмүүжин: Цагдаа нөлөөлөлгүй энэ хэргийг илрүүлнэ гэдэгт итгэхгүй байна

 

Ардчилсан намын дэд дарга Г.Батхүү агсны амь насаа алдсан асуудлаар талийгаачийн ар гэр болон Ардчилсан намаас Олон улсын парламентын холбоо /ОУПХ/-ны удирдлагатай өнөөдөр /2019.05.28/ уулзаж, хэргийг шалгах явцад арга зүйн зөвлөгөө болон хяналт тавих саналаа өгсөн байна.  Энэ талаар Ардчилсан намын дэд дарга Х.Тэмүүжингээс зарим зүйлийг тодрууллаа.

 

-Г.Батхүү агсны амиа алдсан хэрэгтэй холбоотойгоор ОУПХ-нд хандаж, арга зүйн туслалцаа үзүүлэхийг хүсчээ. Энэ талаар тодруулъя?

 

-Муу муухай гэмт хэрэг харанхуй газарт бүгж алга болохдоо амархан байдаг учраас ОУПХ-нд хандсан нь хөндлөнгийн гэрэл тусгах, үйл явцад хөндлөнгийн хяналт тавина гэдэгт итгэж хандсан. Тус холбоонд үндсэн гурван чиглэлээр хяналт тавих санал гаргасан. Нэгд, саяын үйл явдалтай холбоотойгоор Төрийн ордонд, тусгай хамгаалалттай байгууллагад энэ үйл явдал болсон. Ийм нөхцөлд гадны хяналтын байгууллага байх нь зөв гэж үзэж байна. Хоёрт, хэрэг гарсан өдөр, тухайн цагт 64 гишүүнтэй олонхын бүлгийн олон гишүүн өрөөндөө архидаж, дараа нь цэвэрлэгээ хийлгэсэн гэсэн хэл ам гарсан нь сонгууль ойртож байгаа үед намынхаа нэр хүндтэй холбоотойгоор мөрдөн байцаах ажиллагаанд тээг болох вий, улстөржилт явах вий гэж үзэж ОУПХ-оос дэмжлэг хүссэн. Гуравт, нотлох баримт болон үйл явдлуудыг харахад зүрх болон цус харвалтын үйл явц байхгүй, өндрөөс унасан байдалтай гэмтлийн улмаас нас барсан. Унах болсон шалтгаан учир битүүлэг байна. Өөр нэг мэдээллээр тодорхой хүмүүсийн дунд маргаан болсон байж болзошгүй гэсэн таамаг маш хүчтэй яригдаж байгаа учраас манай цагдаагийн байгууллага улс төрийн нөлөөлөлгүй үйл ажиллагаа явуулах нь эргэлзээтэй байна. Тиймээс дотоодын хууль тогтоомж, мөрдөн шалгах үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавьж байж асуудал илүү тодорхой болох байх гэж бодож байна.

 

-ОУПХ энэ хэргийг шалгах асуудалд хамтарч ажиллах талаар ямар нэг хариу өгсөн үү?

 

-Энэ холбооны хамгийн чухал хэсэг хүний эрхийн асуудал байдаг. Хуучин парламентын, тус холбооны гишүүн байсан хүн Төрийн ордонд нас барна гэдэг нь хүний эрхийн асуудалтай холбогдож байгаа учраас анхаарал тавина гэсэн.

 

-Ар гэрийнхэн нь энэ хэргийн талаар ямар байр суурьтай байна вэ. Янз бүрийн хардлага байгаа болов уу?

 

-Хүнээ алдсан хүмүүс хэцүү байгаа, олон зүйл сонсогдож байгаа. Ямар ч гэсэн өвчнөөс энэ учрал болоогүй гэдэг нь хардлага дагуулж байгаа. Тэр хардлагыг бодитоор олохын тулд эрх барьж байгаа, засаглал барьж байгаа хүмүүсийн дор ажиллаж байгаа хуулийн байгууллага асуудлыг хурдтай, үнэнээр нь шийднэ гэж бодохгүй байгаа учраас олон улсын байгууллагын хяналт байх ёстой гэж үзэн саналаа гаргасан. Эрх баригчид яаж ажилладгийг өчигдөр Үндсэн хуулийн Цэц харууллаа.

 

-Энэ хэрэг дээр зарим нэг УИХ-ын гишүүд холбоотой байж болзошгүй гэх мэдээлэл гараад байгаа нь нэг улстөрчийн гэхээс илүү нам хоорондын асуудал болох вий гэсэн болгоомжлол бий гэх хүмүүс байна?

 

-Сонгууль ойртож байгаа учраас аль аль намаас улстөржүүлэх гэж оролдох байх. Гэхдээ улс төрөөс ангид, хүний амь нас хохирсон асуудлыг илрүүлэх шаардлагатай байна. Тиймээс эцсийн дүгнэлт гараагүй, асуудал шийдэгдээгүй байхад хэн нэгнийг буруутгах,  түрүүлж хашгирахыг хүсэхгүй байна, АН. Гэхдээ үйл явдал, нотлох баримт асуудлыг улам бүр аюултай буюу эгзэгтэй нөхцөл байдал руу түлхээд байгаа учраас бид болгоомжилж, хөндлөнгийн хяналт байх ёстой гэж үзсэн.

 

 

-Та хуулийн байгууллагын шалгах асуудалтай холбоотой АН-аас байгуулагдсан ажлын хэсгийг ахалж байгаа. Энэ хэрэгтэй холбоотой хэдэн хүнээс байцаалт авсан бэ, шинэ мэдээллүүд байгаа юу?

 

-Шүүх шинжилгээний эхний дүгнэлтээр зүрх нь хаагдаагүй, цус харвалт биш байсан, гэмтлийн улмаас амиа алдсан гэсэн. Тэр гэмтэл нь өндрөөс унаснаас үүссэн үү, эсвэл гадны нөлөөтэй байсан уу гэдгийг дахин нягталж шалгаж байгаа. Тухайн хэрэг гарсан өдөр нэр бүхий улстөрчид, гишүүд маш их хэмжээний архи уусан, агсам тавьсан гэсэн мэдээлэл нь тодорхой байгаа.

 

-Талийгаачийг нас барснаас хойш тодорхой хугацааны дараа цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байсан. Дуудлага өгөөгүй шалтгааныг тодруулж үзэв үү?

 

-Тусгай хуультай Төрийн ордны журам, зохицуулалт, дарга цэрэг хоорондын харилцах үйл явц гээд олон асуудал байх шиг байна. Ер нь бол цагдаагийн байгууллага гудамжнаас Төрийн ордонд орж ирж энэ хэргийг шалгаж, илрүүлэхэд хүндрэлтэй байх шиг байна.

 

Эх сурвалж: www.news.mn