Д.Баянмөнх: Ардчилсан намын гишүүнчлэлээс хасагдах өргөдөл өгсөн хүн байхгүй

Сүүлийн өдрүүдэд Ардчилсан намын гишүүд олноороо намаасаа гарч байгаа талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдэгдэх болсон. Энэ нь Ардчилсан намын дотоод зөрчлөөс болсон хэмээн тайлбарлаж буй. Тэгвэл энэ талаар Ардчилсан намын Бүртгэлийн хэлтсийн дарга Д.Баянмөнхөөс тодрууллаа.

 

-Ардчилсан намын 300 гишүүн намаасаа гарч байгаа талаар өнөөдөр олон нийтэд мэдээллээ. Тэд намынхаа гишүүдийг сонсдоггүй, үйл ажиллагаандаа татан оролцуулдаггүй гэж байна?

 

-Ардчилсан нам бол үндэсний хэмжээний томоохон улс төрийн хүчин. Одоогоор 208 мянган гишүүнтэй. Одоогоор Ардчилсан намын гишүүнчлэлээс хасагдах тухай өргөдөл өгсөн хүн байхгүй. Ер нь улс төрийн намд өдөр бүр гишүүд элсч байдаг шүү дээ. Ардчилсан намд өөрийн итгэл үнэмшлээрээ залуус түлхүү элсч байна. Нам ч залуус, эмэгтэйчүүдээ дэмжиж, тэдэнд боломж олгож байгаа. Намын шинэчлэлийн хүрээнд гишүүд, дэмжигчдээ сонсдог, үйл ажиллагаандаа татан оролцуулдаг болсон.

 

-Намаасаа гарч байгаагаа мэдэгдсэн нь нэг бус удаагийнх. Тэгэхээр тэдгээр хүмүүс бүгд худлаа ярьсан болж таарч байна уу?

 

- Гарын 10 хуруунд багтах цөөн тооны хүмүүс л энд, тэнд хэвлэлийн бага хурал зохион байгуулж байна. Хэвлэлийн бага хурал зохион байгуулж байгаа дээрх хүмүүсийн хувьд Ардчилсан намтай ямар нэгэн холбоогүй. Өөрөөр хэлбэл, Ардчилсан намын гишүүн биш. Тэд МАН-ын явуулгаар Ардчилсан намыг хагалган бутаргах зорилгоор ийм арга ядсан үйл ажиллагаа явуулж байгаа хэрэг. Мэдээг нь МАН-аас санхүүждэг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр түлхүү мэдээлж байна шүү дээ. Тэгэхээр хэн ч харсан ойлгомжтой асуудал. Цаашид энэ мэт гүтгэлгийн шинжтэй үйл ажиллагаагаа зогсоохгүй бол бид хууль, хяналтын байгууллагад хандах болно.