“Баянголын багачууд-2019” хүүхдийн баярын парад долоо дахь жилдээ боллоо

“Баянголын багачууд-2019” хүүхдийн баярын парад өнөөдөр /2019.05.31/ боллоо. Уг арга хэмжээ нь жил бүр хүүхдийн баярыг тохиолдуулан зохион байгуулагддаг бөгөөд энэ жил долоо дахь жилдээ болж байна. Баярын арга хэмжээнд УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ, Баянгол дүүргийн засаг дарга С.Одонтуяа болон дүүргийн бусад удирдлагууд, НИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяа нар оролцлоо. Мөн дүүргийн өсвөрийн шигшээ багийн тамирчид , урлаг спортын шилдэг сурагчид, дүүргийн скаут сурагчид , мөн гимнастикийн дүүрэг нийслэлийн аваргууд гээд нийт 500 гаруй хүүхэд баярын парадад оролцсон юм. Мөн энэ жилийн онцлог нь 250 гаруй албан хаагчид баярын жагсаалд нэгдсэн явдал байлаа. Энэ жил анх удаа албан хаагчид баярын парадад оролцож байгаа бөгөөд хүүхдийн хүчирхийллийн эсрэг нэгдсэн 30 гаруй төр захиргааны байгууллагын төлөөлөл үүнд багтаж байгаа юм.

 

 Баярын парад Төмөр замын дээд сургуулиас УБ палас хүртэл үргэлжилсэн бөгөөд баярын нэгдсэн арга хэмжээ УБ паласын задгай талбайд зохион байгуулагдсан юм. Баярын арга хэмжээнд спорт, танин мэдэхүй, үлгэрийн баатрын, тоглоомын гэх мэт нийт 6 төрлийн өртөө байгуулж өртөө тус бүр дээр сонирхолтой арга хэмжээ зохион байгуулсан юм. Мөн хүүхдийн ордны авъяаслаг багачууд, БГД-ийн Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн найрал дууны хамтлаг, Сарны танго бүжгийн хамтлаг уран бүтээлээ толилуулсан циркийн үзүүлбэртэй 1 цаг 30 минутын концертын арга хэмжээ боллоо. Баярын арга хэмжээний үеэр дүүргийн шилдэг хүүхдийн шагналаар 25 сурагч, ИТХ-ын нэрэмжит шагналаар 10 хүн, Дүүргийн Засаг даргын жуух бичгээр 20 багш шагнуулж, парадад оролцсон хүүхэд бүр гарын бэлэг гардаж авсан юм.