Ц.Сүхбаатар: Европын холбооны ажиглагчид Монголын ардчилалд аюул учирч буй талаар санал бодлоо илэрхийлсэн

 

            Ардчилсан намын удирдлагууд Европын холбооны гишүүн орнуудаас  Монгол Улсад суугаа болон хавсран суугаа 26 орны Элчин сайд нарын уулзалтад өчигдөр оролцлоо. Европын холбооны гишүүн улсуудаас Монгол Улсад суугаа, хавсран суугаа Элчин сайд нарын уулзалтыг Улаанбаатар хотноо 2009 оноос хойш тасралтгүй 11 дэх жилдээ зохион байгуулж байгаа юм. Уулзалтын үеэр талууд Монголын ардчиллын талаар санал солилцлоо. Энэ үеэр Ардчилсан намын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны асуудал хариуцсан Нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатартай ярилцлаа.

-Ардчилсан намын удирдлагууд Европын холбооны улсаас Монгол Улсад суугаа 26 орны Элчин сайд нартай уулзалт хийлээ. Уулзалтын гол зорилго юу байсан бэ?

 -Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, дэд дарга, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, З.Нарантуяа тэргүүтэй намын удирдлагууд Европын холбооны улсаас Монгол Улсад суугаа 26 орны Элчин сайд нартай уулзалт хийлээ. Жил бүр Европын холбооноос төлөөлөгчид Монгол Улсад айлчлан ирж, төрийн эрх барьж байгаа нам, байгууллага болон сөрөг хүчний төлөөлөлтэй уулзаж, улс төрийн нөхцөл байдлын талаар санал солилцдог уламжлалтай. Сонгуулийн өмнөх жил гэдэг утгаараа олон Европын холбооныхон олон зүйлийн талаар сонирхон асуулаа. Тухайлбал, Элчин сайд нар Монголын өнөөгийн улс төр, эдийн засгийн байдлыг сонирхохоос гадна нэг зүйлд нэлээд санаа нь зовнисон байдалтай асуулаа. Юу гэхээр, Монголын ардчиллын хувь заяаны асуудал байлаа. Тэд “Монголын ардчилалд аюул учирч байгаа юм биш үү, сүүлийн үед өрнөж буй үйл явдлуудаас харахад, ардчиллын үндсэн зарчмуудаас ухарсан алхмууд хийж байна” гэсэн. Үнэндээ, парламентад нэг нам хэт олонх болсноо далимдуулж Үндсэн хууль болон бусад хуульд ноцтой агуулга бүхий өөрчлөлтүүд оруулж байна. Тусгайлан хууль баталж, паралментын дархлааг үгүйсгэсэн алхмууд хийж, шүүх болон хууль хэрэгжүүлэх байгууллагын бие даасан байдалд халдсан, үгүйсгэсэн хуулийн өөрчлөлт явуулж байна. Мөн чөлөөт ардчилсан нийгмийн гол үндэс болсон хувийн өмч, хууль ёсны бизнес рүү дайрах, өмч хөрөнгийг нь битүүмжлэх, хуулийн дагуу эзэмшиж буй лицензийг улсын өмчид авахаар улайрч, тусгай хүчний байгууллагыг үүнд татан оролцуулах үйлдлүүд гарч байна. Энэ бүхэнд гаднын, ялангуяа Европын холбооны орнууд санаа зовниж буйгаа уулзалтын үеэр бидэнд илэрхийллээ. Бидний зүгэээс энэ бүхэнд тайлбар өгч, ярилцлага хийлээ. Мөн гол тавьсан асуулт нь, “Засгийн газрын үйл ажиллагааг хэрхэн үнэлж, дүгнэж байна вэ” гэлээ. Сөрөг хүчний зүгээс маргааш /өнөөдөр/ буюу тавдугаар сарын 30-нд ард түмэнтэй нэгдэж, эсэргүүцлийн томоохон жагсаал зохион байгуулах гэж буй талаараа мэдээлэл өглөө.

-Элчин сайдууд ардчилалд аюул учираад байна уу гэж асуужээ. Тэдний зүгээс ямар өнцөгөөс, яагаад ингэж харж, дүгнэх болсон талаараа тайлбар хийсэн үү?

-Зөвхөн Европын холбоо бус бусад орны ажиглагчдын тавьж буй бас нэг асуулт нь “Монголд ардчиллаас ухарсан олон алхам хийгдээд байна уу” гэсэн утгатай байлаа. Учир нь, Ардчилсан намаас нэр дэвшиж, ялалт байгуулсан Монгол Улсын Ерөнхийлөгч “Ардчилал мухардалд орлоо” гэж чуулганы индэр дээрээс албан ёсоор мэдэгдэл хийсэн. Үнэндээ тэдний харж буйгаар Монголд парламентын ардчилал явцгүй болж, өөр хоорондоо маргалдаж, сандал суудал булаацалдахаас өөр асуудал шийдэхгүй байна гэж ярьж байна. Тийм ээ. Парламентын дархлааг үгүй хийж байгаа нь үнэн. Хэн байх нь, аль намынх байх нь хамаагүй УИХ-ын дарга гэдэг хүн парламентын ардчиллын тогтвортой хөгжлийг хангахад маш чухал үүрэгтэй. Хэдэн ч Засгийн газар солигдож болно. Харин парламент, парламентын дарга нь тогтвортой ажиллаж, хурлаа хийгээд явж байх ёстой. Гэтэл Засгын газар солигдоход УИХ-ын даргыг мөн солино гэдэг парламентийг бүхэлд нь Ерөнхий сайдын мэдэлд өгснөөс ялгаагүй хэрэг болсон. Үүнийг л парламентын ардчилал руу, цаашлаад Монгол Улсын ардчилал руу халдсан аюултай алхам гэж үзээд байгаа юм. Дээрээс нь хэнээс ч хамааралгүй байх ёстой шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байх бүрэн эрхэд халдсан хууль баталчихлаа. Ердөө гуравхан хүний үзэмжээр шүүгч нарыг сольдог, хугацаанаас нь өмнө өөрчилдөг хуулийг олонхоороо түрий барьж баталчихлаа. Ингээд өөрт таалагдах, өөрийнх нь эрх ашигт нийцэх хүнээр сольж байх жишээний. Энэ мэт дур зоргоор авирлаж байгаа асуудлыг гаднын нэр бүхий хүний эрх, хууль ёсыг хүндэлдэг байгууллагууд гайхаж, толгой сэгсэрч хүлээн авч байна. Энэ бүхнийг гаднынхан ажиглаж, мэдсэн байна. Тиймээс л ардчиллын үнэт зүйлс алдагдаж, Монгол Улсын ардчиллын төлөө явсан өнгөрсөн жилийн үүх түүх, олж авсан нэр хүнд хэдхэн жилийн дотор унаж байна гэж ажиглагчид дүгнэж байна.

-Нэг хэсэг ШХАБ-д элсэнэ гэж ярьж байгаад намжчих шиг боллоо. ШХАБ-д нэгдэх нь зөв үү, буруу юу?

-ШХАБ-ын асуудал орхигдоогүй. Одоохондоо түр намжаад байна. Удахгүй тус байгууллагын хурал болж, Монгол Улс төрийн тэргүүний хэмжээнд оролцоно. Ер нь хөрш зэргэлдээ улсууд “Монголыг ШХАБ-д элсэх нь зүйтэй, ингэснээр нэр хүнд, аюулгүй байдал чинь бэхжинэ” гэсэн агуулгатай мэссэж өгч байгаа. Монгол Улс 1990 оны ардчилсан хувьсгалаар бие даасан байдлаа олж авсан. Хэдийгээр бид тусгаар тогтносон улс гэж явж ирсэн ч 1990 оныг хүртэл бие даан шийдвэр гаргаж байгаагүй. Манай бүх асуудлыг ЗХУ, Москва, Кремльд шийддэг байсан. Тиймээс сайн, муу, буруу, зөв ч өөрийнхөө асуудлыг тайван замаар шийддэг парламентын ардчиллаас бид хэрхэвч ухарч болохгүй. ШХАБ-д элсвэл бие даасан бодлогод аюул учирч магадгүй учраас Ардчилсан нам зарчмын хувьд эсэргүүцэж байгаа. Гэхдээ байгууллагыг нь эсэргүүцэж, шүүмжлээгүй. Монгол Улс ажиглагчийн түвшинд дэмжиж, оролцож байгаа. Эдийн засаг, соёл хүмүүнлэгийн хамтын ажиллагаанд оролцоно, харин улс төр хийгээд цэргийн ажиллагаанд оролцохгүй гэсэн маш тодорхой байр суурьтай байгаа.

-Үндсэн хуулийн цэц Хэнтийн нөхөн сонгуулийг явуулахгүй гэсэн шийдвэр гаргачихлаа. Энэ нь явсаар Монгол Улсын иргэн сонгох, сонгогдох ардчилсан Үндсэн хуультай зөрчилдөж байгаа хэрэг биш үү?

 -Нөхөн сонгууль гэдэг хаана ч байдаг, тохиолдог жирийн л улс төрийн ажиллагаа гэж Европын холбооны төлөөлөгчид үзэж байна. Гэтэл яагаад нөхөн сонгууль явуулахгүй гэсэн шийдвэр гаргаж байна вэ гэдгийг биднээс асуулаа. Тэд “Урьд өмнө танайд нөхөн сонгууль болж байгаагүй юм уу. Хүн нас нөгчиж, бие нь өвдөж болдог. Ингээд чөлөөлөгдөж, нөхөн сонгууль болдог. Гэтэл яагаад зогсоож байна вэ” гэхэд нь үнэхээр хэлэх үг бидэнд байсангүй. Гэхдээ энэ үйлдлээрээ эрх баригч нам ирэх 2020 оны сонгуульд ялагдана гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэж тайлбарлахаас өөр арга алга.

-Ардчилсан нам гадаад хамтын ажиллагаагаа хэр сайжруулж байна вэ?

-Ардчилсан нам 1993 оноос “Дэлхийн ардчилсан холбоо” гэдэг байгууллагад гишүүнээр элссэн. Уг холбоонд баруун төвийн үзэлтэй намууд нэгддэг. Тухайлбал, АНУ-ын төрийн эрх барьж байгаа “Бүгд найрамдах нам”, Английн “Консерватив нам”, ХБНГУ-ын “Христосийн ардчилсан холбоо” нам гэх мэтчилэн Канад, Швед, Австрали, Шинэ Зеланд гэхчлэн дэлхийн хүчирхэг 80 гаруй нам энэ холбоонд багтдаг. Эдгээр намтай өргөн хүрээний харилцаа, хамтын ажиллагаатай байдаг. Тухайлбал, манай нам Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг АНУ-ын “Бүгд найрамдахчуудын хүрээлэн”, Германы “Конрод аднаурын сан” зэрэг байгууллагатай хамтын ажиллагаатай. Тэрчлэн миний бие “Дэлхийн ардчилсан холбоо”-ны Дэд ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн З.Нарантуяа уг холбооны дэргэдэх “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны УЗ-ийн гишүүнээр ажиллаж байна. Энэ жилийн тухайд оны төгсгөлөөс эхлээд ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тэмдэглэнэ. Ойн хүрээнд ирэх оны дөрөвдүгээр сард олон улсын бага хурал зохион байгуулахаар ажиллаж байна. Үүгээр Монголын ардчиллын амжилт, алдаа оноо, бусад улсын туршлага, сургамжийн талаар хэлэлцэнэ.

-Оны өмнө Ардчилсан нам шинэчилсэн үзэл баримтлалаа танилцуулж, баруун төвийн үзэл баримтлалтай нам байна гэдгээ тунхагласан. Гадаад хамтын ажиллагаа хариуцдаг хүний хувьд гаднын баруун төвийн үзэлтэй намууд хэрхэн хөгжиж байна вэ. Бидэнд суралцах зүйл байна уу?

-Бид 1990 оноос баруун чиглэлийн нам байна гэж өнөөг хүртэл ярьж, ардчиллын ерөнхий зорилтуудыг тавьж иржээ. Хүний эрх, хэвлэлийн эрх чөлөөг хүндэтгэж, засаглалыг зөв хуваарилж, зах зээлийг хөгжүүлнэ гэсэн зорилт тавьсан. Ганц манай гэлтгүй бүх намууд ийм зорилттой байсан. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улс ардчиллын замаар замнаад тодорхой шатанд хүрсэн. Ардчилсан намын 1990 онд барьж гарч ирсэн зорилтууд хэрэгжсэн. Чөлөөт ардчилсан сонгууль явуулж, төр засгаа сонгодог боллоо, нэг улс төрийн хүчнээс нөгөө улс төрийн хүчинд тайван замаар шилжүүлдэг боллоо, хувийн хэвшил давамгайлсан эдийн засагтай боллоо, ДНБ-ий 70 хувийг хувийн хувшил бүрдүүлж байна, хэвлэлийн эрх чөлөө хэрэгжиж байна. Харин цаашид яах вэ? Өнгөрсөн хугацаанд Ардчилсан нам лидер дагасан фракцуудын бөөгнөрөл болсон байлаа. Намын шинэ дарга гарч ирснээр шинэчлэл явагдаж, лидер дагасан фракцуудаас бүрдсэн нам бус үзэл баримтлалынхаа туган дор нэгдэж, зүүн төвийн үзэлтэй намаас ялгарсан баруун төвийн үзэл баримтлалтай нам болох зорилт тавьж, өөрчлөлтийг хийж эхэллээ. Баруун төвийн нам гэдэг ямар үнэт зүйлийг барьж, юугаараа ялгарах ёстой вэ гэдгээ тодорхой болголоо. Бид хувь хүний эрх чөлөөг дээдэлж, хувийн хэвшил дэх төрийн оролцоог багасгаж, татварын хэмжээг бууруулах гэхчлэн зүүний намаас бодлогоор ялгарна. Үүн дээрээ үндэслэн сонгуулийн мөрийн хөтөлбөрөө гаргана. Цаашид энэ үзэл баримтлал дээрээ нэгдэнэ. Үүнээс зөрсөн хүнтэй хариуцлага тооцно. Тухайлбал, намын үнэт зүйлээс ухарсан хоёр ч УИХ-ын гишүүнд бид хариуцлага тооцож, намаас гаргалаа. Энэ бол гаднын баруун төвийн үзэлтэй намуудын баримталдаг байр суурь. Бүгд энэ зарчмаар явж байгаа.

 

Эх сурвалж: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН 

 

Сэтгүүлч: Б.БЯМБАСҮРЭН