Үзэл баримтлалаа сурталчлах аян Налайх дүүрэгт үргэлжиллээ

Ардчилсан намын Үзэл баримтлалыг сурталчлах үндэсний аян Налайх дүүрэгт үргэлжиллээ. Аяны хүрээнд намын удирдлагууд, Үндэсний бодлогын хорооны гишүүд Налайх дүүргийн иргэд, гишүүд дэмжигчдэд намын үзэл баримтлалаа танилцуулж, улс орны эдийн засгийн нөхцөл байдлын талаарх мэдээ мэдээллийг өгч ажилласан юм. Энэ үеэр үзэл баримтлал үнэт зүйлээ тодотгож, шинэчлэлийн аяныг өрнүүлж яваа намын удирдлагуудад Налайхчууд талархлын үгээ хэлж байсан юм.    

Иргэдийн зүгээс улирлын чанартай ажилгүйдэл Налайх дүүргийн тулгамдсан асуудал болж байгааг хэлж байлаа. Ажилгүйдлийг дагаад ядуурал, архидалт газар авч буйг ч онцолж байсан юм. Мөн сүүлийн жилүүдэд тус дүүрэгт бүтээн байгуулалтын ямар ч ажил хийгдээгүй болохыг иргэд хэлж байлаа. АН засаг барьж байх үед зам, барилга, орон сууц гээд олон бүтээн байгуулалт өрнөж, Налайх дүүрэгт шилжин ирэгсдийн тоо нэмэгдэж байжээ. Гэтэл сүүлийн гурван жилийн хугацаанд бүтээн байгуулалтын ажил зогсонги байдалд байгаа гэлээ. Мөн энэ үеэр ахмадууд тэтгэврийн зээл, тэтгэврийн зөрүүг арилгах зэрэг асуудлаар намын удирдлагуудад санал хүсэлтээ уламжилсан юм.  

Тэтгэврийн зөрүүг арилгах, тэтгэврийн зээл олголтыг нэмэгдүүлэх асуудалд анхаарлаа хандуулан ажиллахаа намын дарга энэ үеэр онцоллоо. Үүний дээр хамтын тэтгэврийн тухай хуулийг хэрэгжүүлнэ гэдгээ хэлсэн юм. Мөн тэрээр, Налайх дүүрэг нийслэлтэйгээ ойрхон дэд бүтцээр бүрэн хангагдсан дүүргийн хувьд хөгжих бүрэн боломж байгааг хэлээд, хотжилтыг сааруулах замаар дагуул хотыг бий болгох хөгжүүлэх боломж байгааг хэлж байсан юм.