Эрүүл мэндийн сайдыг халз мэтгэлцээнд дуудав

Эрүүл  мэндийн сайд Д.Сарангэрэлийг огцрохыг шаардан иргэд ЭМЯ-ны гадаа жагслаа. Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт  Эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэхээр тусгасан 22 зорилт бий. Гэвч Засгийн газрын үйл ажиллагааны хэрэгжилт ердөө 30 хувьтай байгаа нь Эрүүл мэндийн сайдын огцрох шалтгаан мөн гэдгийг жагсаалд оролцогчид хэлж байлаа. Нэг хүртэлх насны хүүхдийн төрөлхийн гажиг 1000-аар, нярайн өвчлөл 5000-аар, нялхсын эндэгдэл 30 орчим тохиолдлоор ганцхан жилийн дотор нэмэгджээ. Салбарын яамных нь албан хаагчид авлигын хэрэгт холбогдож, олон зуун хүүхэд сүрьеэгийн халдвар авч, эхийн эндэгдэл нэмэгдэж байгаа нь салбарын сайдын ажлаа хийж чадахгүй байгаагийн илэрхийлэл гэв.

Эрх баригчид “Мэргэжлийн” Засгийн газар байгуулна хэмээн мэдэгдэж байсан. Гэвч Засгийн газар хэлснээсээ буцаж мэргэжлийн бус хүнээр Эрүүл мэндийн яамыг удирдуулж байгааг иргэд эсэргцүүцэж байна.

Жагсаалын үеэр Эрүүл мэндийн Дэд сайд асан Ж.Амарсанаа Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг халз мэтгэлцээнд дуудаж байгаагаа зарласан бөгөөд урилгаа яамны холбогдох албан тушаалтнуудад өгсөн юм. Мэтгэлцээн маргааш буюу энэ сарын 06-ны өдрийн 20.00 цагт ТВ4 телевизийн байранд зохион байгуулагдана. Салбарын бодлогын асуудлаар халз мэтгэлцэх тус мэтгэлцээнд Д.Сарангэрэл сайдыг өөрийн биеэр хүрэлцэн ирэхгүй бол тэмцлээ үргэлжлүүлнэ гэдгээ Эрүүл мэндийн Дэд сайд асан Ж.Амарсанаа мэдэгдлээ.