З.Нарантуяа: ОУПХ-нд Г.Батхүү агсны ар гэрийнхний гаргаж өгсөн материалыг явуулсан

УИХ-ын гишүүн З.Нарантуяатай ярилцлаа.

 

-АН-ын зөвлөлөөс Г.Батхүү агсны амиа алдсан хэрэгтэй холбогдуулан ОУПХ-нд хүсэлт хүргүүлсэн. Яагаад хүсэлт өгөхөөр болов?

 -Олон улсын парламентын холбоо нь эгнээндээ маш олон орны парламентыг гишүүнээр элсүүлж хамтран ажилладаг байгууллага юм. ОУПХ нь гурван зүйл дээр маш чухалчилж ажилладаг. Нэгдүгээрт, парламентын гишүүдийнхээ хүний эрхийн асуудалд ихээхэн ач холбогдол өгдөг. Парламентаар дамжуулж тухайн орны хүний эрхийн асуудалд анхаардаг юм. Хоёрдугаарт, улс орнуудын тогтвортой хөгжлийн асуудлыг онцлон үздэг. Тогтвортой хөгжлийн асуудлаар манай улсад бүсийн чуулга уулзалтаа амжилттай хийж өндөрлөлөө. Харин гуравдугаарт, жендерийн болоод тэгш байдлын асуудлыг онцгой анхаарч үздэг юм.

Бидний зүгээс хүний эрх болоод Монгол Улсын парламентын дэд дарга, УИХ-д гурван удаа, Засгийн газрын гишүүнээр хоёр удаа сонгогдсон, Тусгай хяналтын дэд хороо, Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан төр нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү агсны Төрийн хамгаалалттай газар амь эрсэдсэн ноцтой асуудлыг хөндөж тавьсан. Тухайн хүний амьд явах эрхийн баталгаа Төрийн ордонд алдагдсан учраас ОУПХ анхаарах ёстой гэж үзэн хэд хэдэн хүсэлтийг тавьсан.

-Яг ямар хүсэлтүүдийг ОУПХ-нд тавьсан бэ?

-Нэгдүгээрт, мөрдөн шалгах ажиллагааг өндөр түвшинд, ОУПХ-ноос томилсон мэргэжлийн экспертийн хяналт дор, тэдэнд мэдээлэл нь нээлттэй байхад анхаарч өгөөч ээ гэж хүссэн. Учир нь Төрийн ордны тэрхүү хэсэгт хяналтын камергүй байсан. Ямар орчинд, хэрхэн амь насаа алдсан нь маш эргэлзээтэй байгаа. Тэр тусмаа өвчний улмаас биш, гадны нөлөөтэй байж болзошгүй байдлаар амь насаа алджээ гэх анхны дүгнэлт эмнэлгийн байгууллагаас гарч байгаа учраас үүн дээр анхаарахыг хүссэн. Хоёрдугаарт, хууль хяналтын байгууллагын мөрдөн шалгаж байгаа ажиллагаа хэр үнэн зөв, үндэслэлтэй явж байгаа нь нийтэд нээлттэй биш байна. Энэ хэргийн мөрдөн шалгах үйл ажиллагаа нь сонгуулийн өмнө улс төрийн ямар нэгэн нөхцөл байдлаас хамаараад хаалттай, үнэн зөв явахгүй байх нөхцөл байдал үүсчих вий гэх болгоомжлол байна. Тиймээс ОУПХ-г энэ асуудалд анхаарал хандуулахыг хүсч байгаа юм. Анхаарлын төвд нь ч оруулж байгаа хэрэг. Ийм байдлаар хүсэлтийг өгсөн. Мэдээж ар гэрийнхнийх нь зүгээс “Харьяалагдаж байсан улс төрийн хүчнийх нь парламентад байгаа зөвлөл энэ асуудалд анхаарч, ОУПХ-ны Монголын парламентын бүлгэмд энэ хүсэлтийг тавьж өгөөч ээ” гэж хүссэн. Бид энэ хүсэлтийн дагуу ОУПХ-ны Монголын парламентын бүлгэмийн дарга Л.Энх-Амгалан гишүүнд өгсөн. Мөн бид ОУПХ-ны тэргүүн өөрийн биеэр Монгол Улсад байгаа завшааныг ашиглаад уулзсан. Бид түүнд нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн юм. Мөн хүсэлтийг ар гэрийнхнийх нь гаргаж өгсөн материалын хамт өгсөн.

-Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль болохгүй байх нөхцөл байдал үүсчихлээ. Сөрөг хүчний зүгээс Цэцийн шийдвэрийг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Нөхөн сонгуулийг эрх зүйн хувьд явуулахгүй байхаар болчихлоо. Цэц 42 дугаар тойрогт сонгуулийг зарласан, УИХ-ын 22 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчжээ гэсэн дүгнэлтийг гаргалаа. Энэ бол ардчилсан Монгол Улсад өөрийнхөө төлөөллөөр дамжуулж төрийн эрх барих үйл ажиллагаанд оролцдог иргэдийн Үндсэн хуульд заасан эрхийг жил гаруйн хугацаанд хэрэгжих боломжгүй болгочихож байгаа үйл явдал. Үндсэн хуулийг сахин биелүүлж, түүний биелэлтийг сахин хамгаалж байх ёстой Цэцийн энэ үйлдэл улс төрийн нөлөөтэй байв уу гэж хардахад хүргэж байна. Цэцээс гаргасан нэг үндэслэл нь сонгуулийг зохион байгуулах төсөв хөрөнгө нь Төсвийн хуулиар батлагдаагүй байсан тухай байгаа. Энэ нь ямар ч хуулийн үндэслэлгүй дүгнэлт. Улс оронд ямар ч үйл явдал өрнөж болно. Бид хэзээ ч нөхөн сонгууль болж болзошгүй гэж Төсвийн хуульд тодорхой хөрөнгө мөнгө зүйл ангиар нь тавьж өгч байгаагүй. Улс орны өмнө байгалийн гамшиг гээд урьдчилж таахын аргагүй олон зүйлүүд тохиолдож болзошгүй байдаг учраас тэр тохиолдолд хэрэглэхээр Засгийн газарт нөөцийн хөрөнгийг баталж өгдөг.

Өнөөдөр Засгийн газрын нөөцийн хөрөнгөд ганцхан тойргийн сонгууль хийх хэмжээний мөнгө байгаа. Тэр нөөц хөрөнгөөс нөхөн сонгууль зохион байгуулсан гэх тайлан байхад энэ нь ямар ч хууль дүрэм зөрчихгүй. Гэсэн ч ийм арга ядсан үндэслэлээр нөхөн сонгуулийн товыг зарласан тогтоолыг хүчингүй болгож, сонгууль явуулах боломжгүй болгож байгаа нь үнэхээр харамсалтай юм.

-Ерөнхийлөгчийн Татварын багц хуульд тавьсан хоригийг УИХ хүлээж авсангүй. Энэхүү хууль нь татварын байцаагчдад илүү их боломж олголоо гэх шүүмжлэлийг гишүүд хэлж байна. Таны хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-Татварын багц хуульд ерөнхий утгаараа олон зүйл шинэчлэгдсэн. Аж ахуйн нэгжүүдийн татвараа тайлагнадаг, татварын өрөө төлөх асуудлууд дээр дэвшил гаргасан заалтууд бий. Гэхдээ татвар төлөгч аж ахуйн нэгжүүд өрөө төлөхгүй удах юм бол албадан татвар төлүүлэх процесс дээр татварын алба өөрөө шүүхийн зөвшөөрөлгүйгээр эрх хэмжээтэй оролцохоор болсон. Энэ процесст татварын байцаагчдын эрх хэмжээ шүүхийн буюу хуулийн байгууллагын хяналтаас гадуур байна. Энэ нь тухайн аж ахуйн нэгжид ямар нэгэн байдлаар дарамт, чирэгдэл учруулахгүй гэсэн баталгаа байхгүй юм. Хоёрдугаарт, Татварын багц хуулийг дагаад маш олон дүрэм, журам батлагддаг. Татвар тооцдог аргачлал, татвар хураах процессын журмууд шинэчлэгдэх ёстой. Тэр бүгдийг Сангийн сайдын тушаалаар батална. Энэ нь Засгийн газрын журмаар биш, хариуцсан сайдын эрх хэмжээний асуудал болоод явчихаж байгаа юм. Энэ бүхэн хуулийн дагуу хийгдэж чадах уу гэдэг нь эргэлзээтэй. Учир нь татвар хураагч талд дэндүү их эрх хэмжээ очиж байгаа. Татвар төлөгч талын эрх ашиг хууль, дүрэм журмынхаа орчинд муудаж байна уу гэдэг дээр хяналт тавихад хязгаарлагдмал болчихож байгаа юм. Аль аль талаас нь аваад үзэхэд энэ хуулийг эргэн нягтлах зайлшгүй шаардлага байна. Тиймдээ ч энэ талаас нь Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж байгаа.

-Ерөнхийлөгчийн хоригоос хуульдаа тусгахаар зүйлүүд нь юу байв?

-Үндэстэн дамнасан корпорациуд дэлхий даяараа татвараас зайлсхийх, татварын тайлангаа орнуудад өөр, өөр байдлаар мэдээлэх асуудал их байдаг. Тиймээс 2010 оноос хойш олон улсын хэмжээнд татварын ил тод байдлыг сайжруулах тал дээр хамтын нийгэмлэгүүд хүчин чармайлт гарган ажиллаж байгаа. Түүний нэг нь “Beps”-ийн шаардлага юм. Нэг мэдээллийг татварын байгууллагуудад өгч, татвар хураагч байгууллага нь үндэстэн дамнасан корпорациудын мэдээллийг хоорондоо солилцоод, нэгдсэн байдлаар хяналт тавих боломжийг олон улсын хэмжээнд бий болгосон форум юм. Энэ форумд Монгол Улс элсэн, манайд үйл ажиллагаа явуулж байгаа гадны томоохон компаниудын татвар дээр бусад орны тусламжтайгаар хяналт тавих боломж гарч ирж байгаа нь сайн хэрэг юм. Гэхдээ одоогийн энэ хуулиар хэд хэдэн татварт ногдох хувь хэмжээнүүд өөрчлөгдсөн. Үндэсний татвар төлөгч компаниудад тавьдаг татварын хувь хэмжээ нь зарим компаниудын тодорхой үйл ажиллагаа, орлогод нь багассан зүйлүүд бий. Үүнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын зүгээс тавьж буй аргумент, Сангийн яамны зүгээс тайлбарлаж байгаа аргумент хоёр зөрөлдөөд байгаа. Тиймээс хоригийг хүлээж аваад зөрөлдөөд байгаа зүйлүүдээ нэгтгэж, зарчмаа нэг хэмжээнд ойлгож явах нь чухал юм. Тэгэхгүй бол цаашдаа хуулийг хэрэглэх явцад татварын байцаагч бүрийн өөр, өөрсдийн ойлголт, үзэмжээр маргаан гараад байх юм бол татвар төлөгч нарт маш хүнд болно. Харамсалтай нь гишүүдийн олонх эсрэг кноп дарсан тул хоригийг хүлээж авсангүй. Ямартаа ч энэ хууль шинээр хэрэгжиж байгаа учраас олон дүрэм, журам нь шинэчлэгдэнэ байх. Хэрэглээд эхлэхээр сайн, муу нь ялгараад харагдах байх. Тэр үед л засах боломж гарч ирэх байх гэж найдаж байна.

Эх сурвалж: "ӨДРИЙН СОНИН"