Үзэл баримтлалаа сурталчлах аян Говьсүмбэр аймагт үргэлжилж байна

Ардчилсан намын үзэл баримтлалыг таниулан сурталчлах аян Говьсүмбэр аймагт үргэлжилж байна. Аяны хүрээнд намын удирдлагууд, ҮБХ-ны гишүүд үзэл баримтлалаа сурталчлах чиглэлээр ажиллаж байна. Гишүүд дэмжигчдийн зүгээс үзэл баримтлалаа шинэчлэн баталж, 200 гаруй мянган гишүүдээ нэг чигт харах боломжийг олгосон намын удирдлагууд талархлаа илэрхийлж байсан юм. Хэн нэгэн лидер дагах биш намын үзэл баримтлалаараа нэгдэж, үзэл баримтлалынхаа хүрээнд бодлого боловсруулж ажиллах нь АН-ын үзэл баримтлалын шинэчлэлийн гол зорилго болохыг намын дарга онцолж байлаа. 
Мөн энэ үеэр иргэдийн уулзалтыг зохион байгуулж, Говьсүмбэрчүүдийн өмнө тулгамдаж буй асуудлыг намын удирдлагууд сонссон юм. Иргэдийн зүгээс хүний хөгжил, тэр дундаа боловсрол, аятай тухтай орчинд амьдрах боломжийг хангаж өгөх чиглэлд хэрэгжиж буй бодлого хангалтгүй байгааг хэлж байлаа. Тухайлбал, 19 мянга гаруй хүн амтай Говьсүмбэрчүүдэд халуун усны газар нэг ч байдаггүй гэлээ. АН-ын дарга С.Эрдэнэ хэлэхдээ, “АН цаашдаа хүн амын хөгжлийн цогц бодлого явуулах чиглэлд анхаарч ажиллана. Монгол улсын хөгжил хувь хүний хөгжлөөс хамаарна” гэсэн юм. Мөн иргэдийн зүгээс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт иргэдийн нуруун дээрх ачааг нэмж байгааг хэлж байсан. Ажлын байр дутагдалтай орон нутгийн иргэдэд үнийн өсөлт хэд дахин хүнд тусч байгааг учирлаж байсан юм.