Б.Баатархүү: Хотын удирдлагууд өрөөгөө тохижуулахаас өөр ажил хийсэнгүй

НИТХ дахь АН-ын бүлгээс С.Амарсайханы нийслэлийн Засаг даргаар томилогдсоноос хойшхи 100 хоногтой холбоотойгоор өнөөдөр /2019.06.10/ мэдээлэл хийлээ. 

НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Баатархүү “Өнгөрсөн 100 хоногт манай нийслэлийн удирдлагууд өрсдийнхөө суух өрөөг тансаг болгоход л анхаарч ирлээ. С.Амарсайхан нийслэл дөрвөн орлогчтой байсныг зургаан орлогчтой болголоо. Агентлагууд нэмж байгуулсан. 12 даргатай болсон. Одоо жирийн албан хаагчид аль даргынхаа үгэнд орохоо ч мэдэхээ болиод байна. Энэ удирдлагууд албан тушаалын төлөө эргэлт буцалтгүй тэмцэлдэж байгаад бухимдаж байна. Маш хариуцлагагүй ажилласан 100 хоног өнгөрлөө” гэв.

Мөн НИТХ дахь Ардчилсан намын төлөөлөгч “Улаанбаатар хотын иргэдийг цэвэр усаар хангадаг Туул гол маань маш хүнд нөхцөлд байна. Ийм болоход нь нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нөлөөлж байгаа. Туул голын хамгаалалтын бүсэд төрсөн ах С.Уламбаярынхаа компанид 5 га газар олгосон. 14 мянга орчим бургас хядсан байна гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан. Байгаль орчны салбарын сайд нь олон тэрбумын хохирол учруулсныг зарласан. Хотын дарга иргэдийн төлөө, аюулгүй байдал, орчны төлөө ажиллах ёстой. Гэтэл иргэдийн цэвэр усанд маш ноцтой заналхийлэл учруулж байна. Энэ байдлаа далдалж нуухын тулд тулд маш олон хууль бус зүйл хийж байна. Ажлаа хийхээс илүү албан тушаалаа хадгалж үлдэхийн төлөө улайрч байна. Иймд, Улаанбаатар хотын Засаг даргад хариуцлага тооцъё гэдэг саналыг Ардчилсан намаас гаргаж байна” гэв.