Ардчилсан намын удирдлагууд Багануур дүүрэгт ажиллалаа

 

   2016 оноос хойш Багануур дүүрэгт нэг ч шинэ бүтээн байгуулалтын ажил эхлээгүйг Багануурчууд хэлж байна. Эдийн засгийн өсөлт өндөр гарсан гэх эрх баригчид орон нутаг, дүүргүүдэд хүрч ажиллахгүй байгаагийн нэг жишээ Багануур дүүрэг болж байна. Үнийн өсөлт, ажилгүйдлийн түвшин өндөр байгааг ч ярихгүй өнгөрсөнгүй.

  УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнээр ахлуулсан үзэл баримтлалаа таниулан сурталчлах ажлын хэсэг 10 аймаг, 2 дахь дүүрэгтээ ажиллаж байна. Энэ хугацаанд үзэл баримтлалаа таниулахын зэрэгцээ орон нутгийн иргэдтэй уулзалт хийж, иргэд гишүүдийнхээ санал хүсэлтийг сонсож байна. Орон нутагт үнийн өсөлт, ажилгүйдлийн түвшин өндөр байгаа тухай яриагүй иргэн нэг ч байсангүй. Мөн сүүлийн 3 жилд эрх баригчид орон нутагт ямар ч бүтээн байгуулалт хийгээгүй, хий хоосон амлалтаас өөр юу ч үгүй сонгуулийн жилтэй золгох нь гэж ярьж байлаа.

  Эрх баригчдын биелээгүй амлалтыг нэхнэ, сөрөг хүчний хувьд хариуцлага тооцож ажиллана гэдгээ намын удирдлагууд орон нутагт ажиллах үеэрээ хэлж байсан юм. Өнөөдөр ч мөн Багануурчуудад хандаж эрх баригчидтай хариуцлага тооцож ажиллахаа хэллээ. Багануур дүүргийн иргэдтэй уулзах уулзалтанд УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат , Багануур дүүргийн АН-ын дарга Ч.Очирхүү болон холбогдох албаны хүмүүс оролцож байна.