З.Нарантуяа: Үндсэн хуулиас илүү улс төрчдийн хандлага, ёс зүйг өөрчлөх хэрэгтэй

УИХ-ын гишүүн З.Нарантуяатай ярилцлаа.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг энэ долоо хоногоос эхлээд хэлэлцэх гэж байна. Та хуулийн төсөлтэй танилцсан уу.  Дэмжих үү?

-Хуулийн төсөлтэй нэг бүрчлэн танилцсан, доторх зүйл заалт бүрийг авч үзвэл дэмжиж болохоор хоёр, гурван зүйл байгаа. Гэхдээ томьёоллын хувьд илүү сайжруулах зүйл байгаа. Энэ цаг үед, ийм арга замаар Үндсэн хууль өөрчлөх нь зөв үү гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Цаг хугацааны хувьд энэ парламент Үндсэн хуульд өөрчлөлт оруулах боломжгүй гэж үзэж байгаа. Үндсэн хууль манай нийгмийн бүх харилцааг тодорхойлох хамгийн чухал хууль. Энэ хуульд улс төрийн ашиг хонжоо харах, ямар нэгэн эрх баригчийн үүднээс хандах, олонхоор хүч түрэх байдлаар хандаж огт болохгүй. Энэ бол Монгол Улсын цаашдын хөгжлийн үндсэн гол суурь зарчим, Монгол Улсын хувь заяаны үндсэн чигийг тодорхойлох баримт бичиг учраас нийт ард иргэд бүгд оролцон батлах ёстой.Нөгөө талаар энэ УИХ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах чадамжтай гэж үзэхгүй байгаа. 75 гишүүний 50 гаруй нь хууль зөрчсөн, ёс зүйн хувьд олон түмэнд хүндлэгдэхээ байсан, бизнесийн бүлэглэлийн төлөөлөл болсон, үе дамжиж олон жил төрд шигдэж сууж өнөөдрийн төрийн муу муухай болгоныг бүтээлцсэн ийм хүмүүс энд сууж байгаа.

Хариуцлага гэдэг зүйлийг мэддэггүй төр энд ажиллаж байна. Хариуцлага алдаж байгаа хүмүүс нь хариуцлага хүлээх бус албан тушаал ахиж томилогддог, хар тамхины сүлжээ бизнесийн толгойлогчид болсон, түүнийг зогсоож чаддаггүй хариуцлагагүй сайдуутай, ард иргэдээ 20-р зуунд байсан өвчнөөр өвдүүлчихээд ямар ч арга хэмжээ авч чадахгүй байгаа, хүний амь нас эрсдсэн олон үйл явдал болоод байхад хариуцлага хүлээлгэж чадахгүй байгаа ийм чадваргүй Засгийн газар, эрх барьж байгаа нам, тэндээс олонхийг бүрдүүлж байгаа парламент энэ Үндсэн хуулийг батлах ёс зүйн ямар ч чадамжгүй. Ард иргэд ийм Их хурлыг Үндсэн хууль батал гэдэг эрх өгөхгүй байх. Мөн Үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулах вэ гэдгийг ард түмнээс асуух ёстой. Суудалгүй байсан ч улс төрийн намуудтай зөвшилцөх ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгч, Цэцээс санал аваагүй. Ард нийтээс ямар томьёоллоор хэзээ санал авах нь тодорхойгүй байгаа. Дээр нь ээлжит сонгууль болохоос жилийн өмнө, улс төр халсан үед олонх зөвхөн өөрийнхөө эрх ашгийг бэхжүүлэх заалтыг дурын үед оруулж ирэх эрх энэ хүмүүст байгаа.

-Таныг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжихгүй байгаа юм байна гэж ойлголоо. Гэхдээ хэлэлцээд эхэлбэл, олонх баталчих юм биш үү. Завсарлага авах эрхтэй сөрөг хүчин байхгүй шүү дээ?

-Хамгийн санаа зовоож байгаа асуудал энэ байна. Ямар ч байсан тэд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батална гээд дайрч байна. Өнөөдрийн төр, нийгэм, эдийн засаг, улс төр, хуулийн байгууллагын бурууг Үндсэн хуулиас хайж байгааг буруу гэж үзэж байгаа. Эрх баригч нам хоорондоо хуваагдсан, Засаг нь огцорсон буруугаа Үндсэн хуулиас хайж болохгүй. Үндсэн хууль муудаа эд нарыг хуваагаагүй. Нэг үгээр хэлбэл, Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй бол болохгүй шалтгааныг олж харахгүй байна. Захиргааны шүүхийг “шүдгүй арслан” болгочихлоо. Бүх хуулийн байгууллагынхныг айлгасан. “Бид нарынхаар явахгүй бол хонгилын прокурор, шүүгч шүү” гээд айлгасан. Аль хонгил нь аль хонгилоо ялаад байгааг ойлгохоо байчихлаа. Сөрөг хүчин ч гэсэн зөв зүйл дээр бид дэмжээд явж байсан. Шударга ёсыг тогтооно гэсэн хаана байна. Концесст холбогдсон долоон хүнтэй хариуцлага тооцно гэсэн худлаа, 60 тэрбумтай хариуцлага тооцно гэсэн ганцхан М.Энхболд гэдэг хүн зааланд суусан. Дипломат албанд байж байгаад хар тамхины хэрэгт холбогдсон бүх хүн эргээд хариуцлагатай албан тушаалд ахиж томилогдож байна. Хүний аминд хүрсэн яамны Төрийн нарийн бичгийн дарга албан тушаал ахиад явж байна. Дэд сайд нь Ерөнхий сайдынхаа зөвлөх болчихоод явж байна. Хариуцлага гэдэг зүйлийг ингэж хүлээлгэх байсан юм уу.

-Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлэх нь зөв гэж улстөрчид ярьж байна. Та үүн дээр ямар байр суурьтай байна вэ?

-Сайд нарыг байн, байн солиод Ерөнхий сайд хүчгүй байсан үе бий. УИХ дахь лобби бүлэг, намууд өөрсдийн төлөөллийг Засгийн газарт оруулах гэж шахдаг, хэлсэн зүйлийг нь хийхгүй бол огцруулна гэж шантаажилдаг зүйлүүд байсан. Харин өнөөдрийн эрх барьж байгаа намын хувьд хэт эрх мэдлийг Ерөнхий сайдад өгвөл нам доторх өрсөлдөгчөө нам дарах, улс төрийн тавцан дахь өрсөлдөгч намуудаа дарах гэж улайрах аюултай. Тиймээс Ерөнхий сайд бүх сайдаа томилоод, бүх эрх мэдлээ хэрэгжүүлээд явна гэдэг давуу талтай ч мөн сөрөг тал бий. Яаруу сандруу Үндсэн хуулийн өөрчлөлтийг батлуулах гээд байгаа шалтгааны нэг нь энэ юм уу гэж харж, болгоомжилж байна. Намын дарга, Ерөнхий сайд хүн Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулаад бүх сайд нараа өөрөө томилох эрхээ авчихлаа гэж бодъё. Жилийн дараа сонгууль болно. Энэ намд сөрөг хүчин байхгүй болно. Нөгөө 25 нь гадаа шидэгдэх нь шидэгдээд, буцаж “урвах нь урваад” энэ хүн нэр дэвшүүлэх, танхимаа бүрдүүлэх бүх эрхийг өөр дээрээ авна. Нам дотроо олон ургалч, олон фракцтай нам биш шүү дээ. Ингээд дараагийн сонгуулиар өөрийнхөө даалгавраар ажиллах хүмүүсийг л сайдаар тавина. Тэнд мэргэжлийн, салбарын, чадварлаг сайд томилогдоно гэсэн найдвар байхгүй болно. Хэт нэг нам, нэг хүний монополийг л бид дэмжих юм байна.

-Ерөнхийлөгчтэй холбоотой ганцхан заалт орсон байсан. Монгол Улсын 55 настай иргэнийг ганцхан удаа зургаан жилээр сонгоно гэж. Энэ өөрчлөлтийг хийснээр эмэгтэй Ерөнхийлөгчтэй болох боломжийг хааж байна гэж тайлбарлах хэсэг ч байна?

-Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн насыг 55 болгосонд би эсрэг байгаа. 45 настай залуу Ерөнхийлөгч гарч ирээд улс орныг бужигнуулсан тохиолдол байхгүй. Улс төрийн тогоонд хэр зэрэг чанагдаж, хэр зэрэг тулхтай, суурьтай улстөрч болсон бэ гэдгээс тухайн хүний үйлдэл хамаарах болохоос 45-тай байна уу, 55-тай байна уу хамаагүй. Энэ бол насаар нь ялгаварласан үйлдэл. Нөгөө талаар эмэгтэйчүүдийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжийг хаасан заалт. 55 гэдэг бол эмэгтэй хүмүүсийн тэтгэвэрт гардаг нас. Эмэгтэй хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн санаа эндээс цухалзаж байна.

-Тэгэхээр энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлтийг та дэмжихгүй байгаа юм байна. Энэ удаад биш бол хэзээ Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах вэ?

-Улстөрчид, УИХ-ын гишүүд, танхимын сайдуудаас эхлээд  хуулийг хэрэгжүүлдэг, мөрддөг соёл байхгүй. Ямар ч хуулийг дураараа зөрчдөг болсон хандлага, соёлтой орчинд Үндсэн хууль сайн байх, муу байх зарчмын хувьд ач холбогдолгүй. Сайн ч хуулийг биелүүлэхгүй, муу хуулийг ч хэрэгжүүлэхгүй. Тэгэхээр хуулиасаа болоод болохгүй байна биш улстөрчид нь өөрсдийнхөө хандлагыг эхлээд өөрчлөх ёстой. Үндсэн хуулиас илүү улстөрчдийн хандлага соёлын өөрчлөлт хэрэгтэй байна. Төрийн тогтолцоог эвдээд байгаа зүйл нь улстөрчид өөрсдөө.

Төв банкнаас арилжааны банкуудад тавих хяналт сул байгааг далимдуулж банкууд ч дураараа загнасан

-ОУВС-гийн санхүүжилтийн талаар мэдээлэл танд байна уу. Арилжааны банкуудыг өөрийн хөрөнгөө хэрхэн нэмэгдүүлснээ баталсны дараа зургаадахь шатны санхүүжилтыг олгоно гэсэн байсан?

-Монгол Улсын Засгийн газар нэгэнт ОУВС-тай хөтөлбөр хэрэгжүүлээд, хэлэлцээр байгуулаад хоёр тал болсон л бол манай тал үүргээ биелүүлэх ёстой. Эхний хоёр жил гайгүй биелүүлж байгаад сүүлийн нэг жил биелүүлээгүй. Төсвийн сахилга хариуцлага, төрийн албаны сахилга хариуцлага, санхүүгийн салбарыг чадвахжуулах гэх мэт олон зүйлийг биелүүлээгүй. Тэр дундаа банкны салбарыг чадвахжуулах асуудал дээр Монголбанк, Сангийн яам маш хойрго хандсан. Эдийн засгаа бодитоор сайжруулахад доривтой арга хэмжээ авч чадаагүй учраас хөтөлбөрийн дагуу хөрвөх үзүүлэлтүүд нь хэрэгжээгүй. Энэ утгаараа ОУВС дараагийн санхүүжилтээ зогсоогоод, шаардлага тавьсан гэж сонссон. Яг өнөөдрийн байдлаар ОУВС-гийнхантай уулзаж, нарийн мэдээлэл биечлэн аваагүй байна.

-Манайх өмнө нь хэд хэдэн удаа ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж байсан. Хөтөлбөрт хамрагдаад, дундаас нь энэ мэт үүргээ биелүүлэхгүй зогсоож байсан тохиолдол бий юү?

-Манй улс өмнө нь дөрөв, таван удаа ОУВС-тай хамтран хөтөлбөр хэрэгжүүлж байсан. Хамгийн амжилттай хэрэгжиж дуусан нь 2009 оны хөтөлбөр. Бусад хөтөлбөрөө манайхан хэрэгжүүлж байгаад эдийн засаг жаахан гайгүй болоод ирэхээр хаячихдаг. Би дахиад тэр тал руугаа явж байна гэж харж байгаа.

-Банкууд өөрийн хөрөнгөө хэрхэн нэмэгдүүлснийг батлах ёстой гэсэн шаардлагыг ОУВС-аас тавьж байгаа нь манай банкууд хууль бус хөрөнгөөр өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн гэж хардаж байна гэж ойлгож болох уу?

-Банкууд дүрмийн сангаа бүрдүүлсэн эх үүсвэрээ ямар орлогоос бий болгосон бэ гэдгээ нотол гэдэг  шаардлага тавьсан гэж ойлгож байгаа. Үүнийгээ нотолж чадахгүй байгаа учраас Монголбанк цэвэр эх үүсвэрээс, хууль ёсоор олсон орлого байна гэж хэлж чадахгүй гацсан юм болов уу гэж бодож байна. Ер нь банкны салбарт сүүлийн 10 жил хяналт, шалгалт сул байсан. Төв банкнаас арилжааны банкуудад тавих хяналт сул байгааг далимдуулж банкууд ч дураараа загнасан үйлдлүүд их хийсэн. Харилцагчдын мөнгийг хувь нийлүүлэгчдийнхээ бизнесийн эрх ашигт нийцүүлж хяналтгүй, их хэмжээгээр буюу хуулиар тогтоосноос их хэмжээгээр олгосон асуудал байгаа. Үүнээс болоод хүндрэлд орсон банкууд ч бий. Тэр банкууд Монголын улс төрд, шийдвэр гаргадаг УИХ-ын гишүүдэд нөлөөлөөд байгаа нь үнэн. Цэвэр үйл ажиллагаа явуулж байгаа зөв удирдлагатай, зөв менежменттэй банкууд шударгаар орон зайгаа эзлэхэд нь лобби сайтай банкууд дандаа садаа болж байсан. Тиймээс Монголбанк олон улсын хэмжээнд банкуудад тавьдаг шаардлагыг жигд тавих ёстой.

ЭХ СУРВАЛЖ: WWW.ITOIM.MN