Дархан-Уул аймагт ажилгүйдлийн түвшин 40 хувиар нэмэгджээ  

 

Ардчилсан намын  200 гаруй мянган гишүүдийг нэгтгэж, нэг зүгт харах суурь баримт бичиг үзэл баримтлалыг таниулан сурталчлах III аян Дархан-Уул аймагт үргэлжилж байна. Аяны эхний үе шатанд 21 аймаг, 9 дүүргийн гишүүд дэмжигчдэд үзэл баримтлалаа таниулан сурталчилж, дараагийн үе шатанд 330 сум, 152 хорооны гишүүд дэмжигчдэд зориулсан сургалтын арга хэмжээ явагдах юм.

   Дархан-Уул аймгийн гишүүд дэмжигчдэд үзэл баримтлалаа таниулах сургалт эхэллээ. Сургалтын багийнхан үзэл баримтлалын талаарх мэдээллийг өгөхийн зэрэгцээ УИХ дахь АН-ын зөвлөлийн эдийн засгийн зөвлөх Р.Даваадорж, Монгол улсын нийгэм эдийн засгийн талаархи цаг үеийн мэдээ мэдээллийг өгсөн юм. Мөн тус аймгийн гишүүд дэмжигчдээс тулгамдсан асуудлыг сонсч, шийдлийг хамтдаа хайлаа. Дархан-Уул аймаг Монголын хоёр дахь том хот хэдий ч дэд бүтэц муутай, эрүүл мэнд боловсролын үйлчилгээ хүн амдаа хүрч чадахгүй байгааг иргэд нь хэлж байлаа. Тухайлбал, орон нутагтаа эмчлүүлэх боломж хязгаарлагдмал, заавал Улаанбаатар хотруу явж эмчлүүлэх шаардлага бий болдог. Энэ нь иргэдэд чирэгдэл учруулж байгааг хэллээ. Мөн өрхийн эмнэлгийн хүртээмж муу, хүн амдаа хүрч ажиллаж чадахгүй байгааг ч хэлж байсан юм. Мөн 0-5 насны хүүхдийн халамж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн асуудалд намын харьяаллаар хандаж ялгаварлаж байгааг хэллээ. Намын харьяаллаар ажлаас халж сольдог, төрийн үйлчилгээ үзүүлдэг явдал бусад орон нутагт ч байдаг тухай иргэд ярьж байсан юм. Мөн ЖДҮ-ийг дэмжих зээл эзэндээ хүрэхгүй байгаа нь орон нутагт ажилгүйдлийн түвшин нэмэгдэх нөлөөлж байгааг хэллээ. Банкны өндөр хүүнд дарлуулсан үйлдвэрлэгчид үйл ажиллагаагаа зогсоож байхад шинэ залуучуудад шинээр үйлдвэрлэл эхлэх зориг дутаж байна гэлээ. Гэтэл Дархан-Уул аймагт ажилгүйдлийн түвшин 2015 онтой харьцуулахад 40 хүртэл хувиар нэмэгджээ. Өөрөөр хэлбэл Дархан-Уул аймгийн ажилгүйдлийн түвшин 2015 онд 13,2 хувь байсан бол 2018 онд 19,6 хувь болж нэмэгдсэн байна. 35-аас дээш насны хүмүүс ажилд ороход хүндрэлтэй,  үйлчлэгчийн ажил хүртэл дээд боловсрол, насны хязгаар шаардаж байгааг Дарханчууд хэллээ. Ийнхүү ажилгүйдэл нэмэгдсэний цаана ядуурал, архидалт газар авч, эмэгтэйчүүдийн архидалт нэмэгдсэнийг ч орон нутгийн иргэд хэлж байлаа. Ажилгүй орлогогүй иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаатай зэрэгцэн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөөр байгааг ч хэллээ. 5 жилийн өмнө таван мянган төгрөгөөс давдаггүй байсан махны үнэ өнөөдөр 16 мянгад хүрч ард иргэдийг туйлдуулж байгааг Дарханчууд хэлж байсан юм.