Г.Гантулга: Дархан-Уул аймгийн төсөв 38 тэрбум төгрөг болж нэмэгдсэн боловч нэг ч бүтээн байгуулалт хийгдээгүй

 

Ардчилсан намын үзэл баримтлалыг таниулан сурталчлах аян Дархан-Уул аймагт үргэлжилж байна. Энэ үеэр Дархан-Уул аймгийн АН-ын дарга Г.Гантулгатай орон нутгийн хөгжил, иргэдийн амьдралын талаар цөөн хором ярилцлаа.

-100 гаруй мянган хүн амтай Дархан-Уул аймаг улсынхаа 2 дахь том хот гэж явдаг. Өнөөдрийн дүр төрхийг харахад тийм ч их хөгжил шинэчлэл харагдахгүй байна. Ер нь сүүлийн үед ямар бүтээн байгуулалтын ажил хийгдсэн бэ?

-Дархан-Уул аймагт 2016 онд МАН засгийн эрх авч үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Ингэхдээ тухайн үед Дарханчуудад маш их зүйлийг амлаж ялалт байгуулсан байдаг. Гэвч энэ хугацаанд МАН-ынхан албан тушаалын наймаа, хоорондын толхилцоон, нам доторх эв нэгдэлгүй байдал гэсэн зүйлээр л хөөцөлдлөө. Ялангуяа 60 тэрбумын Aсхемээр ажил албан тушаалд томилох, нам үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхах, ялангуяа АН-ын гишүүд дэмжигчдийг ажлаас нь халах зэрэг зүйлийг л хавтгайрууллаа. Ард иргэдийн ая тухтай амьдрах орчин бүрдүүлэх бүтээн байгуулалтын нэг ч ажил хийсэнгүй.

-Танай аймгийн төсөв 10 тэрбумаар нэмэгдсэн гэж сонссон. Гэтэл бүтээн байгуулалт хийгдээгүй гэхээр орон нутгийн удирдлагууд хангалтгүй ажилласан гэж дүгнэж болох нь ээ.

- Дархан-Уул аймгийн засаг дарга С.Насанбат, ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат нар өөрсдийн болон намын эрх ашгийн төлөө төсөв мөнгийг чиглүүлж байна. Төрийн мөнгөөр маш олон уулзалт, хурал цуглаан, гадаад аялал зохион байгуулж төсвийн мөнгийг гарын салаагаар урсгаж байна. Манай аймгийн төсөв жилээс жилд нэмэгдэж байгаа. Энэ жил 38 тэрбум төгрөг болж нэмэгдсэн. Гэтэл төсвийн зарцуулалт ил тод бус, хараа хяналтгүй байна. Ард иргэддээ хэрэгтэй бүтээн байгуулалтанд мөнгө зарцуулахгүй зөвхөн өөрсдийн эрх ашигт хэрэгцээ шаардлагатай зүйлс, төсөл хөтөлбөрийг л хэрэгжүүлж хийж байна.

-Тухалбал?

-Дарханчуудын эрх ашгийг хамгаалах ёстой аймгийн иргэдийн хурал нь аймгийн Засаг дарга С.Насанбатын дохиурын иргэдийн хурал болсон нь олон зүйл дээр ил болсон. Иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэхийн оронд засаг даргаас оруулж ирсэн бүх саналуудыг хэлэлцэж 100 хувь дэмжиж гаргадаг. Ийм л болчихоод байна. Тухайлбал, хүүхдийн паркийн газраас 8.4 га газрыг хувьчлах ажлыг зохион байгуулсан. Мөн 3 тэрбум төгрөгөөр хүүхэд залуучуудын амралт зугаалгын цогцолбор байгуулна гэж иргэдээс хурлаас батлас шийдвэрийг зогсоож, 1.2 тэрбум төгрөгөөр тоглоом худалдаж авах тендер зарласан. Тухайн тендерийг амжилтгүй болсон гэж үзэж шууд гэрээ хийх журмаар хувийн компанид тоглоом оруулах эрхийг олгосон байх жишээтэй. Энэ мэтээр эрх мэдлээ ашигласан шийдвэрийг эрх баригчид гаргаж байна. Мөн Дархан-Уул аймгийн Хонгор сумын газар нутгаас 10 мянга гаруй га газрыг Сэлэнгэ аймагт шилжих үйл явцад орон нутгийн удирдлагууд ямар ч үйлдэл хийгээгүй. Засаг дарга, иргэдийн хурлын дарга нар энэ асуудлыг ерөөсөө яриагүй өнгөрсөн. Малчдын малаа бэлчээдэг, үржил шимтэй, хадлан тэжээлээ авдаг газрыг алдсан байгаа. Энэ мэтээр ард иргэдийн төлөө бус, тэдний эсрэг ажлуудыг хийж ирсэн. Бид мөрөг хүчнийхээ хувьд эдгээр асуудалд шүүмжлэлтэй хандаж байна.

-Дархан-Уул аймагт ажилгүйдлийн түвшин 40 хүртэл хувиар нэмэгдсэн статистик гарсан байна. Бодит байдал ямар байна вэ?

- Ажилгүйдэл ядуурал манай аймгийн хэмжээнд хавтгайрсан. Ялангуяа архидалт. Манай Дархан хотын 60, 70 хувь нь залуучууд, залуусын хот. Шинээр их дээд сургууль төгсөөд ирсэн залуучууд ажилгүй байна. Зөвхөн намын харьяаллаар залуучуудыг ажилд авч байна шүү дээ. Мэргэжил чадвартай нь биш дарга дагасан нь ажилтай болж байна. Энэ бүхэн хууль ёс хэрэгждэг болсон цагт засагдах ёстой бөгөөд ингэж ажиллаж байгаа орон нутгийн удирдлагуудад хариуцлага тооцох ёстой. Үүний төлөө АН ажиллах болно. Мөн Дархан-Уул аймгийн иргэдийн эрүүл мэндийн асуудал маш ноцтой зөрчигдөж байна. Маш олон хүмүүс орон нутагтаа эмчлүүлэх боломжгүйгээс нийслэл хотыг зорьдог. Улаанбаатараас эмч нар ирэхээр гурав дөрвөн өдөр хэдэн зуугаараа оочирлож үзүүлж байна шүү дээ.  

-Ярилцсанд баярлалаа.