Архангай аймаг өрсөлдөх чадвараараа сүүл мушгиж, засаглалын хямрал нүүрлэжээ

Ардчилсан намын Үзэл баримтлалыг сурталчлан таниулах үндэсний  III  аян Архангай аймагт үргэлжилж байна. Аяны хүрээнд УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг гишүүд, дэмжигчиддээ Үзэл баримтлалаа сурталчлан таниулахаас гадна орон нутгийн иргэдтэй уулзаж, Монгол  Улсын нийгэм эдийн засгийн талаарх бодит мэдээллийг хүргэж, санал бодлыг нь сонсч байгаа юм. 

Архангай аймагт зохион байгуулагдаж буй  Үзэл баримтлалаа сурталчлан таниулах аяны үеэр Ардчилсан намын дарга С.Эрдэнэ  “Эрх баригчдын увайгүй үйлдлийг таслан зогсоохын төлөө тэмцэж буй улс төрийн хүчин Ардчилсан намаас өөр байхгүй байна. Өнөөгийн улс орны нөхцөл байдлыг харвал үнэхээр хүнд байгаа. Гадаад зах зээл дээр уул уурхайн түүхий эдийн ханш 6 дахин өссөн. Гэвч эдийн засгийн өсөлтөөс иргэд хүртсэнгүй. Эрх баригчдын зодолдож өнгөрүүлсэн гурван жилд иргэдийн амьдрал доройтсон. Иргэдэд худал амласан. Мөрийн хөтөлбөрийн биелэлт нь 30 хүрэхгүй хувьтай байна” гэлээ.

Архангай аймаг өрсөлдөх чадвараараа сүүл мушгиж, засаглалын хямрал нүүрлэснийг иргэд хэлж байна. Монголын төрд хариуцлагагүйн зуд нүүрлэснийг иргэд хэлж байна. 

Монгол Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй 32 улс төрийн нам бий. Тэдгээрээс Үзэл баримтлалаа тодотгосон нь Ардчилсан нам. Тиймээс ч Ардчилсан намын шинэчлэлийн хүрээнд Үзэл баримтлалаа нийт гишүүдээрээ хэлэлцүүлэн баталсан юм. Үзэл баримтлалаа нийт гишүүд, дэмжигчиддээ таниулан, сурталчлах үндэсний аян ирэх өдрүүдэд Өвөрхангай, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Хөвсгөл, Булган, Орхон аймагт үргэлжилнэ.