Л.Энхсайхан: У.Хүрэлсүхийн Засгийн газар огцрох бүх болзлоо хангасан

Ардчилсан намын Үзэл баримтлалыг таниулах сургалт, сурталчилгааны үндэсний III аян 16 дахь аймагтаа амжилттай зохион байгуулагдлаа. Аяны хүрээнд Ардчилсан намын удирдлагууд Баянхонгор, Архангай, Өвөрхангай аймагт ажиллаж, орон нутгийн иргэдтэй уулзалт зохион байгуулж, Үзэл баримтлалаа таниулах сургалт зохион байгуулсан юм.

Ардчилсан нам өмнөө тавьсан зорилгынхоо төлөө Үзэл санааныхаа туган дор нэгдэж, нягтарсныг гишүүд, дэмжигчид хэлж байна. "Цаашид Монгол Улсын хөгжлийн бодлогыг тодорхойлох улс төрийн хүчирхэг нам байхын тулд сахилга бат, дотоод эв нэгдлээ сайжруулж, Үндсэн дүрмийнхээ хүрээнд ажиллах шаардлагатай. Ардчилсан нам олуулаа биш олонхи болох ёстой” хэмээн Ардчилсан намын дарга С.Эрдэнэ уулзалтын үеэр онцоллоо.

Баянхонгор аймагт мах болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханш тэнгэрт хадаж, кг мах 10 мянган төгрөгт хүрчээ. Ганц хонь 200 мянган төгрөгөөр худалдаж авахдаа тулсан төдийгүй үнийн өсөлт иргэдийн амьдралд хамгийн хүндээр туссан гэлээ.  Баянхонгор аймгийн иргэн Л.Энхбат "Хүрэлсүхийн Засгийн газар огцрох бүх болзлоо хангасан. Намынхаа байрыг хүртэл зарж луйвардсан Алтанхуяг, урвагч гишүүд Болд, Батзандан нарыг намын гишүүнчлэлээс хассан нь зөв. Намын гишүүд  дүрмээ дагаж мөрдөх ёстой" гэв. 

Сургалт, сурталчилгааны үндэсний аян 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг, сум, баг, хороонд хүрч зохион байгуулагдах бөгөөд Ардчилсан намын 200 гаруй мянган гишүүнд Үзэл баримтлалаа таниулан, сурталчлах юм. Үндэсний аян ирэх өдрүүдэд Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Булган, Орхон аймагт үргэлжилнэ.