З.Нарантуяа: Намын бодлого бол нэг хүнийх бус Үзэл баримтлалд суурилсан хөгжлийн бодлого юм

Ардчилсан намын Үзэл баримтлалыг таниулах сургалт, сурталчилгааны үндэсний III аян Завхан аймагт амжилттай зохион байгуулагдлаа. Аяны хүрээнд УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Ардчилсан намын Дэд дарга З.Нарантуяа, Завхан аймгийн Засаг дарга Т.Батсайхан, Завхан аймгийн Ардчилсан намын дарга Булган нарын хүмүүс иргэдтэй уулзаж, өнөөгийн нийгэм, эдийн засгийн байдлын талаарх бодит мэдээллийг хүргэж, санал солилцсон юм.

Уулзалтын эхэнд Ардчилсан намын дарга С.Эрдэнэ хэлсэн үгэндээ “Ардчиллын цэнхэр тугийг өндөрт өргөсөн Завханчууддаа талархлаа илэрхийлье. Хүндхэн сорилтыг Завхан аймгийн Ардчилсан нам, гишүүд, дэмжигчид туулж байгаа. Гишүүдийн оролцоотой, бодлогын нам байхын төлөө ажиллаж байна. Эрх баригчдад монголын ард түмэн хангалттай эрх мэдлийг өгсөн. Ардчиллын үлгэр болсон Завханчууд цаашид илүү хичээж ажиллаарай” гэв.

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын Дэд дарга З.Нарантуяа “Монголын эдийн засгийн гадаад нөхцөл байдал маш таатай байгаа. Гэвч эрх баригчид эдийн засгийн хөгжлийн зөв  моделийг бий болгож чадсангүй. Иргэдийн амьдралын чанарыг сайжруулж чадаагүй. Улс төрийн нам гэдэг бол маш бодитой, тооцоо, судалгаатай хөгжлийн загвартай байх ёстой. Улс төрийн орчинд шинэчлэл хийе гэвэл улс төрийн намууд шинэчлэгдэхээс өөр гарц байхгүй. Тиймээс ч улс орны  хөгжлийг түүчээлэх улс төрийн намын хувьд бодлоготой нам байх ёстой. Намын бодлого гэдэг бол нэг хүний бодлого биш. Намын бодлого гэдэг бол Үзэл баримтлал, Үндсэн дүрэмд суурилсан хөгжлийн бодлого юм. Хэн дарга байхаас үл шалтгаалж нам шинэчлэгдэх ёстой. Монгол Улсын хөгжлийг дараагийн 20 жилд авч явах улс төрийн хүчин бол Ардчилсан нам” гэлээ.