С.Эрдэнэболд: Эрх баригчид залуусын боломжийг "дээрэмдчихээд" залуу үе залхуу гэж доромжилж болохгүй

Ардчилсан залуучуудын холбооны (АЗХ) Ерөнхийлөгч С.Эрдэнэболдтой залуусын улс төрийн идэвхи, оролцооны талаар ярилцлаа.

 

-Ардчилсан залуучуудын холбоо сүүлийн үед ямар ажил зохион байгуулж байна вэ?


-Ардчилсан нам шинэчлэлийн алхмууд хийж байгаа. УИХ-ын 2016 оны сонгуулиас хойш үе шаттай дүрмийн болон зорилтын шинэчлэлт хийж ирлээ. Ардчилсан залуучуудын холбоо 2017 оны арваннэгдүгээр сард шинэ удирдлагаа сонгосон. Тэгэхдээ 21 аймаг, есөн дүүргээс орон даяар сонгосон юм. Үүнээс хойш гол гурван ажил хийсэн. Эхнийх нь бид урт хугацаандаа бодлогоор хөгжих ёстой. Аливаа асуудалд судалгаа шинжилгээтэй суурь бодлого боловсруулан хэрэгжүүлэх учиртай гэж үзсэн юм. Түүнээс биш сэтгэлийн хөөрөл, популизмаар улс орон хөгжилд хүрдэггүй. 


“Урам зоригтой ирээдүй” нэртэй АЗХ-ны хөтөлбөр гаргасан байгаа. Улмаар Ардчилсан намын Үндэсний хөгжлийн бодлого боловсруулахад АЗХ-ны олон залуу орж ажилласан. Ингээд Ардчилсан намын үзэл баримтлалыг боловсруулахад ахмад, дунд үе, эмэгтэйчүүдтэй манай залуус хамтран ажиллаж өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр болсон IX Их хурлаар үзэл баримтлалаа батлуулсан. Ардчилсан намын үзэл баримтлалын шинэчлэлд залуучууд оролцсон нь маш чухал үйл явдал юм. Мөн спорт бусад төрлийн арга хэмжээ, сайн үйлсийн аянд нэгдэж ирсэн. Хамгийн гол нь Монголд тулгамдаж буй асуудлуудад залуучууд ямар байр суурьтай байна вэ гэдгийг тодорхойлсон. Мөн залууст тулгамдаж буй асуудлуудыг өөрсдийнх нь оролцоотой шийдвэрлэх нь чухал юм.

Өнөөдөр манай нийгэмд ядуурал, ажилгүйдэл, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин гэсэн асуудал хурцаар тавигдах болсон. Энэ нь залуучуудад хэрхэн нөлөөлж байгаа талаар судалгаа хийж эрдэм шинжилгээний бага хурал хийсэн. Бодлого, зарчим гээд олон нийтэд хандсан цуврал арга хэмжээ зохион байгуулж байна.

-Ардчилсан нам үзэл баримтлалаа улс орон даяар танилцуулж байгаа. Энэ ажилд залуус та бүхэн хэрхэн оролцож байгаа вэ?


-Бид Конрад Аденауэрийн сантай хамтран үзэл баримтлалын сургалтыг 21 аймаг, Улаанбаатар хотын есөн дүүрэгт зохион байгуулж байна. Уг ажилд АЗХ, оюутны байгууллага идэвхтэй оролцож буй юм. 

-Улс орны болоод залуусын өмнө тулгамдаж байгаа асуудалд судалгаа хийсэн гэсэн. Энэ тухай ярихгүй юу? 


-Манай байгууллагад 39 наснаас доош насны залуус хамрагддаг. Монгол Улсын иргэн хүн 18 нас хүрээд улс төрийн сонгуульд оролцох эрх үүсдэг. Тэгэхээр залуучууд гэж багцаар нь авч үзэхээс гадна асуудлыг нарийвчилж харах ёстой юм. Тухайлбал, 18-25 насны залуусын бодол, хүсэл мөрөөдөл нэг өөр. Тэд сургуулиа дөнгөж төгсч байгаа тул зорилго, амьдралын идэвх, алсын хараа чухал байдаг. 25-30 насныхан бас өөр зүйл бодож, зорьдог. Учир нь тэд гэр бүл үр хүүхэдтэй болох, орон сууцны зээл авах, амьдралаа өөд нь татах зэрэг асуудалтай тулгардаг. Тэгвэл 35-40 насныхан ч бас өөр зорилго, асуудалтай юм. Тэд хүүхдэдээ цаг зарцуулах, боловсролд нь анхаарах, нийгэмд тодорхой хэмжээний үлдэцтэй, шингэцтэй зүйл хийх гэсэн хүсэл тэмүүлэлтэй болж ирдэг. Өөрөөр хэлбэл, тэднийг нийтэд нь хэдийгээр залуучууд гэдэг боловч насны бүлгээсээ хамаарч зорилтууд нь өөр өөр байгаа юм. Нөгөө талаасаа хаана амьдарч байгаагаас бас шалтгаална. Тухайлбал, хөдөө орон нутагт амьдарч байгаа залуусын өмнө тулгамдаж буй асуудал өөр байдаг. Мөн Улаанбаатар хотод гэр хороололд амьдарч буй залуусын асуудал ч ялгаатай. Нийгэм, насны бүлгийн энэ ялгавартай байдлыг харгалзан үзэж өрсөлдөөний шударга зарчмыг яаж бий болгох вэ гэдэгт анхаарч бодлогын түвшинд судалгаа хийж байгаа юм. Тулгамдсан асуудлын нэг бол ажилгүйдэл байна. Ажлын байр бий болвол гэмт хэрэг багасдаг. Мөн эрүүл мэнд, боловсролдоо хөрөнгө оруулалт хийх боломж бүрддэг. Тэгэхээр залуучуудад тогтвортой ажлын байр нэн тэргүүнд хэрэгтэй байна. Монголд ажлын байрны хүрэлцээ муу учраас хэдэн мянган залуу гадаадад гарч хөдөлмөр эрхэлж байгаа юм. Өнөөдөр ажлын байр бий болгох, орчныг нь дэмжих бодлого нэн чухал байна. Жишээ нь, шударгаар бизнес эрхлэх нөхцөл бүрдүүлж өгөх шаардлага бий. Гэтэл өнөөдөр төрийн өндөр эрх мэдэлтэй хүмүүсийн гэр бүл, хамаарал бүхий этгээд ЖДҮХС-гаас хөнгөлөлттэй зээл авдаг болж. Энэ нь иргэдийн тэр дундаа залуусын бизнес эрхлэх идэвх, сонирхлыг нь унтрааж орхидог. Нэг ёсондоо боломжийг нь дээрэмдэж байгаа юм. Төр хувийн хэвшил рүү хэт орох нь ажилгүйдлийг улам гааруулах, залуусын хөгжлийг боомилж байна. Иймд залуучуудын өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхийн тулд эдийн засаг, санхүү, эрх зүйн зохицуулалтын хувьд цогц утгаар нь харах шаарлага бий. Залуусыг залхуу байна гэж буруутгаж болохгүй. Шударгаар ажиллаж, хөдөлмөрлөх, баялаг бүтээх боломжийг нь эрх мэдэлтнүүд дээрэмдчихээд “Залуучууд залхуу” гэсэн нэр хоч өгч болохгүй. Монголын залуучууд идэвхтэй, алсын хараатай. Ийм учраас тэдэнд баялаг бүтээх боломжийг нь яаж бүрдүүлж өгөх талаар ажиллаж байна.

-Тэгэхээр та залуу хүний хувьд өнөөгийн УИХ, Засгийн газрын үйл ажиллагааг хэрхэн дүгнэж байна вэ?


-Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ыг өөрөө тар гэдэг санаачилгыг хоёронтоо гаргасан. Би үүнтэй санал нэгдэж байгаа. Өнөөгийн УИХ-д 75 гишүүн бий. Гэтэл дийлэнх нь ЖДҮ, концесс, газрын наймаа, оффшорын зэрэг гэмт хэрэгт холбогдсон. Тэгэхээр дийлэнх гишүүд нь ямар нэг байдлаар гэмт хэрэгт нэр холбогдсон тул УИХ тарах л ёстой. Засгийн газрын мөрийн хөтөлбөр сайн хэрэгжиж байна гэж өөрсдөө үнэлсэн байна лээ. Тэгтэл бодит амьдарлыг хар л даа. Ард түмний амьдрал өдрөөс өдөрт ядуурч хэцүүдэж байна. Эдийн засгийн өсөлт нь өрх бүрийн хаалгаар орохгүй байна шүү дээ.

-Залуучуудын улс төрийн идэвх ямар байна вэ?


-Залуучууд улс төрийн идэвх өндөртэй болсон. Өнөөдөр тархиа угаалгадаг үе ард хоцорсон. Гадаад хэлтэй, мэдээлэлтэй, боловсролтой, өөрийн гэсэн үзэл бодолтой, нийгэмд өрнөж буй үйл явдалд үнэлэлт дүгнэлт өгч чаддаг болсон. Ийм учраас популистууд хол явахгүй гэсэн үг.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэн. Энэ талаар залуучууд ямар байр суурьтай байгаа бол?


-АЗХ Ардчилсан намын Улс төрийн зөвлөлөөс гаргасан шийдвэрийг дэмжиж байгаа. Би энэ зөвлөлд залуусаа төлөөлдөг гишүүн нь. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд бас хэрэгтэй зохицуулалт бий. Огт баталж болохгүй заалтууд ч нэлээд байгаа юм. Үндсэн хуулийг ард түмнээр хэлэлцүүлэх ёстой. Өнөөдөр МАН үнэмлэхүй олонхи, ихэнх нь гэмт хэрэг, зөрчилд нэр холбогдсон нөгөө ЖДҮ, 60 тэрбумын асуудалтай хүмүүс Үндсэн хуулийг шинэчилнэ гэвэл ашиг сонирхлын зөрчилтэй гэж харагдахаар байгаа юм. Монгол Улс сонгодог парламентын зарчим руу л явах ёстой. Шүүх эрх мэдэл, гүйцэтгэх эрх мэдэл, хууль тогтоох эрх мэдлийн тэнцвэртэй байдлыг хангах нь Үндсэн хуулийн хамгийн чухал зүйл юм. 


-УИХ-аар бас Сонгуулийн тухай хууль хэлэлцэх болсон. Улс нэг тойрог гэсэн сонгуулийн тогтолцоо нэвтрүүлэх тухай ярьж байгаа. Энэ талаар ямар бодолтой байна вэ?


-Аливаа зохицуулалтад эерэг, давуу талаас гадна сөрөг тал байдаг. Энэ талаар судлаачидтай уулзаж ярилцаж байна, одоогоор дүгнэж хэлэхэд эрт юм. Магадгүй улс төрийн заль ч байж болно. Ингэж хэлж байгаад өөрсдөд хэрэгтэй ашигтай өөр өөрчлөлт хийж ч магад. Сонгуулийн тухай хууль бол Монгол Улсын иргэний өгч буй саналын тусгал нь юм. Төр засгийн бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд зөв гардаг л байх ёстой.