Ардчилсан намын удирдлагууд Булган аймагт ажиллаж байна

Ардчилсан намын Үзэл баримтлалыг  таниулах сургалт, сурталчилгааны  үндэсний III аян  Булган аймагт үргэлжилж байна.  Аяны хүрээнд Үзэл баримтлалаа сурталчлан, таниулах сургалт зохион байгуулж, Ардчилсан намын удирдлагууд орон нутгийн иргэдтэй уулзаж, санал солилцсон юм.

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Эрх баригчид нийт 30 мянган төрийн албан хаагчийг ажлаас нь халжээ. Улс төрийн хэлмэгдүүлэлтийг орон даяар зохион байгуулсан байна. Ардчилсан намыг хагалан, бутаргах зорилготой гадна, дотны хүмүүс олон бий. Гэхдээ бид үүнийг даван туулах ёстой. Даван туулах үүрэг хүлээсэн. БНСУ-д ойролцоогоор 50 гаруй  мянган Монгол иргэн ажиллаж байна. Энэ тоо 2012-2016 онд  29 мянга хүртлээ буурч байсан юм шүү. Гадаадад ажиллаж, амьдарч буй монголчууд эх орондоо буцаж байсан. Харамсалтай нь өнөөгийн эрх баригчдын бодлогын алдаа, хөдөлмөрийн хөлсний үнэлэмжээс болж мянга, мянгаараа гадагшаа явж байна. Хүн ажил, амьдралаа бодох нь аргагүй шүү дээ. Монголд ажиллах хүчний хөдөлмөрийн үнэлэмж хэд дахин буурсан” хэмээн онцоллоо.