Үзэл баримтлалаа сурталчлах үндэсний III аян Орхон аймагт хаалтаа хийлээ

Ардчилсан намын Үзэл баримтлалыг таниулах сургалт сурталчилгааны үндэсний III аян орон даяар амжилттай зохион байгуулагдаж, Орхон аймагт хаалтаа хийлээ. Аяны хүрээнд Орхон аймгийн иргэдтэй уулзаж, санал солилцохын зэрэгцээ Үзэл баримтлалаа таниулах сургалт зохион байгуулсан юм. Уулзалтад УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Ардчилсан намын Дэд дарга Б.Пүрэвдорж, Орхон аймгийн Ардчилсан намын дарга Ц.Батхуяг нарын холбогдох албаны хүмүүс оролцож, иргэдийн саналыг сонслоо.

Орон нутгийн удирдлагууд хууль ёсыг уландаа гишгэж, дураараа дургиж байгааг Орхончууд хэлж байна. Орхон аймгийн удирдлагууд ажил авснаасаа хойш 400 сая төгрөгөөр гадаадад зугаалжээ. Мөн төсвийн мөнгийг үрэн таран хийж байна гэв. Тухайлбал, Орхон аймгийн удирдлагууд “Багш” хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэрийдлээр олон тэрбум төгрөгийг салхинд хийсгэжээ. “Багш” хөтөлбөр хэрэгжүүлсэн боловч Орхон аймгийн боловсролын салбарт ахиц гараагүй төдийгүй энэ жилийн ЭЕШ-ын дүнгээр улсын хэмжээнд 20 дугаарт жагсчээ.

Уулзалтын үеэр Орхон аймгийн иргэн “Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэж үнэхээр дампуу зүйл болж байна. Монгол Улсын иргэдийн сонгох, сонгогдох эрхийг ноцтой зөрчсөн зүйл болох нь ээ. Нэг нам дангаараа эрх барьж байгаа тохиолдолд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах боломжгүй” гэв.