Л.Одсэр: Малчдаа, мал аж ахуйгаа өөд татаж байж л хөгжил ярина

Ардчилсан намын ҮБХ-ны  гишүүн Л.Одсэртэй хөдөө аж ахуйн салбарын талаар ярилцлаа. Учир нь тэрбээр энэ салбарт олон жил ажиллаж байгаа төдийгүй "Чинээлэг малчин бойжуулах төв" хэмээх ТББ байгуулан ажиллаж байгаа аж. 

-“Чинээлэг малчин бойжуулах төв” ТББ-ын талаар яриагаа эхэлье. Нэр нь их содон юм?

-Товчхондоо бол төрийн бус байгууллагыг малчдаа мэдлэгжүүлэх, малчин-бизнесмэнүүд бойжуулах ажлыг цогцоор нь хийх гэж байгуулсан юм. Мэдээж энэ том ажлыг хийхийн тулд бид бэлчээрийн доройтлын шалтгаан болсон хүчин зүйлсийн нөлөөллийг бууруулах, даацыг оновчтой зохицуулах, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний борлуулалтыг дэлхийн зах зээлд гаргах боломж, нөөц, эрх баригчдын гаргасан алдаатай бодлогын шууд үр нөлөө зэрэг хөдөө аж ахуйн салбарт тулгамдсан бусад  асуудлуудын талаар тусгайлсан судалгаа, шинжилгээ хийж, гарсан үр дүн дээр тулгуурлан “Чинээлэг Малчин” үндэсний хөтөлбөр боловсруулж, шийдэл гарцыг олон нийтэд танилцуулах, хөтөлбөрөө хэрэгжүүлж, маш тодорхой үр дүнд хүрэх ажлуудыг олны хүчээр, санал санаачлагаар, дэмжлэгээр хийх хэрэгтэй болно.

-Хөдөө аж ахуй тойрсон маш олон асуудал байгаа нь ойлгомжтой. Өнөөдрийн хувьд тантай бэлчээрийн талаар онцолж яримаар байна. Болох уу?

-Тэгье.

-Монгол орны бэлчээрийн нөхцөл байдал ямар байна?

-Мэргэжлийн байгууллагуудын хийсэн судалгааны тоо баримт дээр тулгуурлаад ярих нь зүйтэй болов уу. Монгол Улс 1.5 сая км квадрат талбайтай. Үүний найман хувь нь ойн мод, үлдсэн нь тал нутаг, бэлчээр байна. Газар тариалангийн талбай багахан хувийг нь эзэлж байгаа. Малын тоо толгой 2018 оны байдлаар хонин толгойд шилжүүлснээр 110 саяд хүрчихлээ. Энэ нь бэлчээрийн талбайн хэмжээтэй харьцуулахад ерөнхий даац нь дөрөв дахин хэтэрчихсэн байна гэж мэргэжилтнүүд хэлж байна. Швейцарийн Хөгжлийн агентлагаас хийсэн судалгааны тайлангаас харвал Монгол орны нийт бэлчээрийн 13 хувь нь нөхөн сэргээгдэхгүйгээр цөлжсөн. Дунд болон дундаас дээш түвшний цөлжилтөд 70 орчим хувь нь өртсөн. Үлдсэн багахан хэсэг нь буюу 17 хувь нь хэвийн түвшинд байгаа юм байна. Энэ байдлаараа цааш үргэлжилсээр байвал Монгол Улсын бэлчээрийн нөөц талбай ойрын таван жилд 100 хувь цөлжихөд бэлэн байна. Эрх баригчид, байгалийн баялгаас ашиг хүртэгчид чухам юу бодож байгаа вэ, энэ талаар санаа зовж байгаа юу үгүй юу. Үнэндээ ярихаас хэтрэхгүй байна.

-Малчид бэлчээрээ хамгаалах, нөөцөө үнэлэх тал дээр өөрсдөө маш хэнэггүй ханддаг. Өнөөдөр л болж байвал гэсэн хандлагатай хэт их малаа өсгөж байна шүү дээ?

-Нэг талаас нь харвал бодит дүгнэлт. Нөгөө талаас нь харвал малчид энэ дайны зүтгэж малаа өсгөөгүй бол Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн нэг гол тулгуур нь ганхах байсан. “Баян уран хоёр болно доо болно” гэсэн эртний үг бий. Харамсалтай нь одоо цагт уран хэлтэй малын тоо толгойн өсөлт нь баян хангайн нөхөн сэргээлтийг дарлаж гүйцлээ. Байгалийн дулаарал, гангийн давтамж тодорхой хэмжээнд нөлөөлнө. Гэхдээ малчид руу, байгаль дэлхий рүү асуудлыг чихээд бултаж чадахгүй. Төр засгийн бодлого энэ асуудлын шийдлийн гол зангилаа нь шүү. Бэлчээрийн нөөцөөс авч хуваалцаж, газрын хэвлийгээс ашиг олж байгаа уул уурхай эрхлэгчдийг бодлогоор энэ тал дээр бодит хөрөнгө оруулалт хийх талаар шахахгүй байна. Малын тоо толгойг бэлчээрийн даацдаа хэрхэн тохируулах талаар мэдээлэл, мэдлэг өгөх талаар ажил хангалтгүй байна. Гэтэл яг үнэндээ малын тоо толгой гээд яривал амьжиргааныхаа төлөө дөрвөн цагт малаа дагаж яваа малчид биш покерийн ширээний ард аархалцаж байгаа тоотой хэдэн нөхдүүдийн талаар ярих хэрэгтэй. Тэдний дийлдэхгүй шунал, хийрхэл бэлчээрийн гол дайсан шүү.

Хатуу дүгнэлт байна. Ийм дүгнэлтэд баримттай байх хэрэгтэй л дээ.

-Та зүүн аймгууд руу яваад үз. Хангай баян болохоор энэ зуны бороонд сэргэж ногоорсон л байгаа байх. Гэхдээ яг ургамлын төрөл зүйлийн тоо, бүрдэл, шимт чанарыг нь судлаад үзвэл ямар их хомсорч, цөөрсөн, ядуурсан байгаа бол. Энэ талаар мэргэжлийн хүмүүс илүү тодорхой хариулт өгөх байх.

Би хувьдаа энэ хавар өөрийн нүдээр харснаа л хэлэхэд дөрөө шүргэм борогтой байдаг тал говь шиг л болчихсон байсан шүү. Бэлчээрийг талхалдаг мал бол ямаа, адуу. Хаана ч очсон малчин айлуудын сүргийн бүтцэд ямаа нь бараг хоёр дахин их тоотой болчихлоо. Ноолуур бодож л тэр. Бодлого хаана байна. Зөвхөн хэрэгцээндээ хөтлөгдөөд, өнөө маргаашаа бодоод ийм байсаар л байх уу. За зах зээлийн жамаар, малчин хэрэгцээ шаардлагаараа ямаагаа өсгөөд байдаг юм байж гэхэд Хэнтий, Сүхбаатар, Дорнодод маш олон бүр хэмжээ хязгааргүй олон адуугаа бэлчээж байгаа чинээлэг уяачид, төрийн өндөр албан тушаалтнууд, бизнесмэнүүдийн дур хүслийг яах бэ. Тэдний зөв үү. Доод тал нь 1000 адуутай гээд бод доо. Энэ тоо 2000-3000 хүрч байгаа нь ч бий. Энд тэндгүй адуу бэлчиж байна. Тэр олон адуугаар тэд яадаг юм бэ? Хэдийг нь уяж сойдог юм. Зуу, зуугаар нь уяад уралдуулаад байдаг юм бол аймгийн наадам, улсын наадамд хэдэн мянган адуу уралдана биз дээ. Тэгэхгүй л байгаа юм даа. Хэдийг нь идэш болгож хэрэглэж, хэдийг нь уналга ачлагад хэрэглэж байна бэ? Нэгийг ч биш. Хэдэн зуун саяын жип хөлөглөж, хэдэн зуун саяар мөрий тавьж покер тоглодог хүмүүс зураг авахуулах гэж л морины нуруун дээр хүнээр эмээл тохуулж байж улиралдаа нэг гардаг байх даа.

Та надаас баримт нэхэж байна. Ганцхан жишээ хэлье. Би 2013-2016 онд Говь-Сүмбэр аймгийн Засаг даргаар ажилласан. Манай аймагт 2015 онд Монголын Морин спорт уяачдын холбоо 20 жилийн ойн арга хэмжээгээ зохион байгуулсан. Баянтал суманд морин уралдаан боллоо. Морины шагайнаас дээш татаж өвс ургадаг газар. Ийм тал говьд эрдэнэ мэт ховор бий. Гэтэл уралдаан болсон өвөл тэр баян хангайг талхлаад дуусгасан. Хэн гээч. Малчид лав биш. Та ч шууд л таамаглаж байгаа байлгүй. Уралдаанд морь ачиж ирж уралдуулсан нэр бүхий хэдэн манлай, тодууд тэр өвөл нь адуугаа тууж оруулаад, худаг ухаж гаргаад бүх зүйл дуусаж байгаа юм даа. Яг энэ жишгээр уяач цолтой хэдхэн баячууд, томчууд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын өвс ногоотой газруудад жилийн жилд сорчилж очоод, худаг гаргаж адуугаа орууллаа, хавар нь нүүлээ. Боллоо. Одоо нүүдэл хийх газар ч үгүй болж байх шиг байна. Өнөөх 2000-300 адуутай нөхдүүд яг хэдэн адуутайгаа ч мэдэхгүй покерийн ширээнийхээ ард тоглоод сууж байна. Хэдэн малчид нь яах арга ухаанаа олохгүй улаанаараа эргэсэн газар дээрээ нааш цаашаа нүүгээд л байж байна.

-Ийм чухал сэдвийг хөндөж байгаад тань талархалтай байгаа ч Засаг дарга байхдаа энэ ажлаа хийхгүй, эхлүүлэхгүй яасан юм бол оо гэсэн тэрслүү гэмээр бодол төрж байна л даа.

-Дээр хэлсэн Баянталын жишээнээс бусдаар бол манай аймгийн газар нутгийн талхлалт Сүхбаатар, Дорнод, Хөвсгөл зэрэг сонгодог жишээнүүдтэй харьцуулахад гайгүй байсан юм шүү. Нөгөөтээгүүр бэлчээрийн асуудалд төдийлөн анхаарал хандуулаагүй буруугаа ч хүлээе. Нийгмийн үйлчилгээний асуудлууддаа илүү анхаарал хандуулж, ажил эхлүүлж, богино хугацаанд бодитой үр дүнд хүрч чадсандаа жаахан сэтгэл ханах маягтай ажлаа хүлээлгэж өгсөн минь ч үнэн. Ажлаа хүлээлгэж өгснийхөө дараа Ардчилсан намын гишүүний хувиар “Монголоо сонсъё” аяны үеэр хөдөө орон нутгаар их явахдаа бэлчээрийн доройтлын эмгэнэлтэй дүр зургуудыг харсан. 2018 оны зургадугаар сард Монгол орны нийт нутгаар бороо хургүй байлаа. Жишээлбэл, Дорноговийн Өргөн суманд очиход хэсэгхэн жаахан газар л ногоотой, түүн дээрээ энэ тэндээс ирсэн бүх мал нь шавчихсан. Ямар сайндаа худаг дээр цугласан малдаа ундааны хуванцар саваар ус хутгаж малдаа нялх хүүхэд угжиж байгаа юм шиг өгч байхыг харж байв. Үнэхээр эмгэнэлтэй дүр зураг. Үүнийг хараад  л миний чих, нүд жинхэнээсээ онгойсон юм.

-Бид газар нутгийнхаа 83 хувийг бэлчээрийн доройтолд оруулчихсан мал аж ахуйн орон юм байна. Тэгэхээр удахгүй мал аж ахуйгүй болно гэсэн үг үү?

-Бэлчээр, мал сүрэг зөвхөн малчдын амьжиргааны асуудал биш гэдгийг бид ганцхан хаврын махны хомстол, үнийн хөөрөгдлөөс харчихлаа шүү дээ. Малгүй болчихвол малчин Дорж гуай л хэцүүдэх үү? Дорж гуайн ам бүлээс тасарч сум руу, аймаг руу, хот руу явсан хүүхдүүдийн амьдралд ямар өөрчлөлт орох бол. Дорж гуайгаас мах, сүү, ноолуур, арьс шир авдаг хүмүүс яах бол. Дорж гуайд гутал зардаг, гурил зардаг наймаачид хэнтэй наймаа хийх бэ? Хүүхдийнх нь төлбөрийг авч сургадаг сургуулийн багш, захирал хаанаас цалингийн эх үүсвэрээ олж, байрны халаалт дулаанаа яаж төлөх бэ? Дорж гуай бүхнийг шийдэхгүй ч эдийн засаг доголдож л таарна ш дээ. Асуудлаа бусдад нялзааж, асуудлаас зугтаах биш шийдэл л олох хэрэгтэй. Иймээс л би “Чинээлэг Малчин” гээд яриад эхэллээ. Сайн талаас нь харвал асуудал байж шийдэл хайдаг. Хайсан бол олдог. Олсон бол үр дүнд хүрнэ.

-Иргэд ядуу байна. Ходоод нь өлсгөлөн хүн том асуудалд анхаарал хандуулах сөхөөгүй байдаг.  Төр засагт  тодорхой, урт хугацааны бодлого байхгүй байгаа энэ үед малчдаас бэлчээрийнхээ дааацад анхаарал хандуул, сайжруул гэдэг шаардлага тавих хэцүү байх?

-Бэлчээрийг нөхөн сэргээхэд хэдий хэмжээний зардал гарахыг ч тооцох боломжгүй болчхоод байна. Тэр зардлыг энэ том газар нутагтай Монгол Улсын төр өөрөө дааж чадах уу гэдэг асуулт ч урган гарна. Чадлаа гэхэд хэдий хэмжээний хугацаа зарцуулах билээ. Эрх баригчид энэ талаар бодох нь битгий хэл санаа нь ч зовж байгаа зүйл харагдахгүй байгаад харамсалтай байна. Бэлчээрийг нэгдүгээрт уул уурхай сүйтгэж байна. Гэхдээ болохгүй бүхнийг уул уурхайгаас хайдаг байдлаа өөрчлөх ёстой гэдгийг баячуудын адуу бэлчсэн газар бүхэнд бидэнд харуулж байна. Гэхдээ би уул уурхайг дэмжиж байгаа юм биш шүү. Уул уурхай илүү хариуцлагатай, шинжлэх ухаанчаар нөхөн сэргээлтээ хийх ёстой. Төр засаг уул уурхайгаас орсон мөнгө бүхнийг төсвийн цоорхойгоо нөхөхөд ашиглаад байж болмооргүй байна. Байгаль дэлхийдээ ирээдүй харсан хөрөнгө оруулалтыг хийх цаг нь болсон. Малчид маань ч мэдлэг тэлж, хандлагаа өөрчлөх хэрэгтэй байна. “Мянгат малчин”, “Сайн малчин” гэдэг балай зүйлээ болих хэрэгтэй. Зүгээр л нэг хоосон өргөмжлөл шүү дээ. Хэдэн малчдынхаа дунд малын тоо толгойг нэмэх уралдаан зарласан ийм бодлоготой төрийг “тэнэг” гэхээс өөрөөр тодорхойлох арга байна уу. Төр засаг мал аж ахуйн салбарын хөгжилтэй холбоотой буруу бодлоготой явж ирснээ хүлээн зөвшөөрч өөрчлөх хэрэгтэй байна.

-Нүүдэлчний соёлоо авч үлдэж байгаа гэж өөрсдөөрөө бахархаад байдаг хэрнээ бидний сэтгэлгээнд тэр соёл нь үлдэхгүй болж байх шиг?

-Малчид маань амьжиргаагаа залгуулахын тулд аль ашигтай хувилбарыг л сонгож таарна. “Байгаль өөрөө нөхөн төлжиж л таарна” гээд уламжлалт сэтгэлгээгээрээ хандаад байгаа хандлага малчдад ч, төрд ч, аархуу баячуудад ч хэн хэнд нь байх шиг байна. Яах учраа олохгүй болохоороо ингэж цаг хугацаа, байгаль дэлхийд найдаад хаячих гээд байх шиг байна. Бид бол орхихгүй. Сайхан мэдээ дуулгахад, шийдлийг нь бид гаргасан. Сүүлийн гурван жил мэргэжлийн байгууллагуудтай хамтарч судалсан. Хөтөлбөрөө боловсруулсан. Ер нь бол бид малчдаа, мал ахуйгаа өөд нь татаж байж л улсын хөгжил ярина шүү.

-Тантай саяхан утсаар холбогдоход Дорнод, Сүхбаатар аймагт явж байна гэсэн. Энэ ажлаараа л явж байсан байх нь?

-Тийм, тийм. Намар 500 орчим эцэг мал Говьсүмбэрт авчирч, нутгийн сүргийн чанар сайжруулах бодитой ажил хийнэ гэсэн зорилготой, нутгийн үүлдрийн хуцан хурга худалдан авах гэрээ байгуулж, хургануудаа шилж сонгож, биркэлж тэмдэглэх ажилтай явсан. Нийт 430 гаруй хурга худалдаж авах гэрээгээ хийгээд тодорхой хэмжээний урьдчилгааг нь малчдынхаа гар дээр бэлэн өгөөд ирлээ. 160 гаруй нь барга, үлдсэн нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр багаас үзэмчин үүлдэр байгаа.Сүхбаатар аймаг бодлогоор Өвөр Монголоос цөм сүрэг үүсгэх зорилготой хуц авчирсан байна. Тэр сүргийн төлөөс 50 хурга авах захиалга өглөө.

-"Чинээлэг малчин" төсөл, хөтөлбөрийнхөө талаар тун бага ярилаа. Илүү тодорхой ярих цаг хэзээ бэ?

-Би хувьдаа ажлыг ярьж эхлүүлдэггүй. Ажлыг хийж, үр шимийг нь хуваалцахыг хичээдэг. Гэхдээ таныг асуусан болохоор багахан тодруулга хэлэхэд найман сард Говьсүмбэр аймгийн малчидтайгаа нүүр тулж уулзаад хөтөлбөрөө танилцуулна. Тун удахгүй сайн үр дүн, сайн туршлагын талаар мэдээллээ өгөхөөр эргээд уулзана гэдэгтээ итгэлтэй байна. Зөв хандлага, сайн туршлага юм чинь тэгээд аяндаа Монгол даяар давлагаална байх аа.

-Яагаад Говьсүмбэр аймгийг төслийнхөө хэрэгжих нутаг болгож сонгож авсан юм бэ?

-Ер нь би Говьсүмбэр аймгийг би мэргэжлийн түвшинд нь болгоноо л гэж зорьж байгаа. Аяндаа бүх аймгуудаас Говьсүмбэр аймагт ирж туршлага судалдаг болно. Энэ аймагт надад итгэдэг, тусалж дэмждэг олон хүн байгаа учраас намайг маш халуун дотноор хүлээн авч, зарим талаараа надаас гарах зардал чирэгдэлийг хуваалцаад, хөдөлмөрөөрөө, сэтгэлээрээ туслаад дэмжээд явах баг болоод хамтрах хүмүүс байгаа учраас би  аймгаа сонгосон. Би энэ аймгийн Засаг дарга байсан хүн. Нутгийнхнаа танина, мэднэ. Хамтарч ажиллахад хэрэгтэй. Мөн манай аймаг хуучин цагт кракул хонины сангийн аж ахуй байсан учраас мэргэжилтэнгүүд олон. Яг ажил ундраад ирэхээр зохиомол хээлтүүлэг явуулна. Мэргэжлийн зоотехникчид хэрэгтэй шүү. Манай аймагт малчин өрх цөөн. Тиймээс аймаг даяараа хамтраад амжилтад хүрэх мэдээлэл түгээх ажил түгээхэд дөхөм учир бусад аймгуудад ашиглах загвар болгоход дөхөм шүү дээ.