Үзэл баримтлалаа таниулан сурталчлах аян нийслэл хотод үргэлжилж байна

  Ардчилсан нам үзэл баримтлалаа таниулан сурталчлах үндэсний III аяныг орон даяар эхлүүлсэн. Аяны хүрээнд АН-ын дарга С.Эрдэнээр ахлуулсан ажлыг хэсэг 21 аймаг, нийслэлийн 2 дүүрэгт амжилттай ажиллаад байна. Өнөөдөр үндэсний III аян нийслэлийн Сонгинохайрхан, Баянгол дүүргүүдэд үргэлжиллээ.

 Ардчилсан намын 200 гаруй мянган гишүүдийг нэг туган дор нэгтгэсэн ардчилсан намын шинэчилсэн үзэл баримтлал нь улс төрд цоо шинэ соёл, шинэ давлагаа авчирсныг намын удирдлагууд онцолж байгаа юм. Хэн нэгэн лидерээс үл хамааран үзэл баримтлалаараа нэгдэх нь шинэчлэлийн гол утга учир, зорилго болохыг ч хэлж байна. Тиймээс намын цаашдын бодлого хөтөлбөрийн суурь үзэл баримтлалыг таниулан сурталчлах аяныг орон даяар зохион байгуулж байгаа юм. Эх орны наран ургах зүгээс эхэлсэн үзэл баримтлалыг таниулан сурталчлах үндэсний  III аян 21 аймагт амжилттай зохион байгуулагдаж, гишүүн бүрт хүрсэн. Энэ өдрүүдэд аян нийслэлийн дүүргүүдэд үргэлжилж байна. Өнөөдөр СХД, БГД-т зохион байгуулагдсан үзэл баримтлалыг таниулан сурталчлах сургалт маргааш Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдэд явагдах юм.   

  Үзэл баримтлалыг таниулах сургалтын үеэр намын удирдлагууд гишүүд дэмжигчидтэй уулзаж, тэдний санал хүсэлтийг сонсч ажиллаж байна. Иргэд гишүүдийн зүгээс эв нэгдлийн суурь болох үзэл баримтлалаа баталсанд талархалтай байгаагаа хэлж байлаа. Мөн 2016 оноос хойш явуулсан намын шинэчлэлийн бодлогын үр шимээр шат шатандаа сонгох, сонгогдох шударга зарчим хэрэгжих болсныг СХД-ийн иргэн н.Оюун хэлж байлаа. Намын анхан, дунд шатанд ойлгомжгүй байсан, дотоод сонгууль явдаггүй байсан зэргийг иргэд гишүүдийн зүгээс хэлж байгаа юм. Намын шинэчлэл намын дотоод зохион байгуулалт, үзэл баримтлалаа батлахаас эхэлж, ажлын үр дүн харагдаж байгаад таатай байгаагаа УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ онцолж байсан юм.