Үзэл баримтлалаа сурталчлах аян Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдэд үргэлжиллээ

 

   “Өнгөрсөн хугацаанд улс төрийн намууд яг адилхан популист амлалт өгч, амлалтандаа ямар арга замаар хүрэх нь тодорхойгүй өнөөдрийг хүрсэн. Харин өнөөдөр ардчилсан нам үзэл баримтлалаа шинэчлэн баталж, үнэт зүйлээ тодорхойлсноор хөгжилд хүрэх арга зам нь тодорхой боллоо” гэж УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ уулзалтыг нээж хэлсэн үгэндээ онцолсон юм. Ардчилсан намын 200 гаруй мянган гишүүдийг үнэт зүйлээр нь нэгтгэж буй шинэчилсэн үзэл баримтлалтайгаа гишүүн бүр танилцах ёстой. Тэр ч үүднээс үзэл баримтлалаа сурталчлан таниулах үндэсний III аяныг орон даяар зохион байгуулж, өнөөдөр Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдэд аяны багийнхан ажиллаа.

   Хувь хүний эрх чөлөө, эдийн засаг, улс төр, шударга ёс, үндэсний эрх чөлөөг тулгуур үнэт зүйлсээ болгосон АН-ын үзэл баримтлалыг таниулан сурталчлах сургалт Чингэлтэй дүүргээс эхэлж, иргэдэд үзэл баримтлалын талаархи ойлголт мэдээллийг өглөө. Мөн нийгэм эдийн засгийн өнөөгийн байдлын талаархи мэдээллийг АН-ын УИХ дахь зөвлөлийн эдийн засгийн зөвлөх Р.Даваадорж танилцуулсан юм. Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ, НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн АН-ын дарга Д.Баттулга болон дүүргийн намын дарга нар гишүүд, дэмжигчдийн уулзалтыг зохион байгуулж санал хүсэлтийг нь сонссон юм. Гишүүдийн зүгээс өнөөгийн эрх баригчдын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлээд, цаашдын хөгжлийн суурь бичиг баримтаа баталгаажуулсанд талархалтай хандаж буйгаа хэлж байсан юм.