УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл өргөн барилаа

 

  УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт  өнөөдөр /2019.07.09/ өргөн барилаа.

Уг хуулийн төслийн гол агуулга нь тангаргаасаа няцсан, итгэл алдсан, хувиа хичээсэн, нийтийн эрх ашгийг умартсан УИХ-ын гишүүнд ард түмэн өөрсдөө хариуцлага хүлээлгэх буюу сонгогчид УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах санал гаргах бүрэн эрхийг хуульчлан тогтоох аж. Хуулийн төсөл батлагдсанаар Үндсэн хуульд  “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна…” гэсэн заалт бүрэн хэрэгжих нөхцөл бүрдэнэ гэдгийг хууль санаачлагч онцоллоо.

Тодруулбал,  тухайн тойргийн нийт сонгогчдын гуравны нэг  нь санал гаргаж, гарын үсгээр баталгаажуулбал УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хууль эрх зүйн боломж бүрдэх аж. Тиймээс сонгогчдын итгэлийг хөсөрдүүлсэн УИХ-ын гишүүнд хариуцлага хүлээлгэхийн тулд дараагийн сонгуулийг хүлээх шаардлагагүйгээр эгүүлэн татах санал гаргах эрх нь сонгогчид нь бүрэн нээгдэх юм байна.

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг  санаачлахдаа олон орны туршлагыг судалсан гэдгийг хууль санаачлагч тодотгов. Тухайлбал, Канадад сонгуульд санал өгсөн иргэдийн 25 хувь нь гарын үсэг зурсан бол сонгогдсон төлөөлөгчийг эгүүлэн татаж болдог бол Их Британид 10, Австралид 10, БНХАУ-д 30, Беларуст 20 хувь гэхчлэн хуульчилдаг байна.

Энэ тухай хууль санаачлагч УИХ-ын гишүүн С.Эрдэнэ хэлэхдээ “Сүүлийн үед иргэд сонгогчдоос УИХ-ын гишүүдийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэх шаардлагатай байна  гэдэг санал, шүүмжлэл байнга ирдэг. Энэ дагуу өнгөрсөн оны хавраас эхлэн УИХ-ын гишүүдийн үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр судалгаа дүгнэлт хийж ажилласан. Уг хуулийн төслийг боловсруулахдаа парламентын засаглалтай  гаднын  орнуудад парламентын гишүүнд тооцдог хариуцлагын талаар судалж үзсэн. Энэ бүхнийг судалж үзсэний үндсэн дээр УИХ-ын гишүүдтэй сонгогчдын өөрсдийнх тавьж буй хүсэл шаардлагын дагуу хариуцлага тооцдог тогтолцоог бий болгох зорилгоор УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барилаа. УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй холбоотой асуудлыг  тухайн тойргийн иргэд, сонгогчдын гуравны нэгээс доошгүй хувь нь эгүүлэн татах санал  гаргасан тохиолдолд тухайн гишүүнийг эгүүлэн татсанд тооцох эрхзүйн орчин бүрдэнэ.  Ардчилал хөгжөөгүй улс орнуудад ч  энэ тогтолцоог хэрэгжүүлж парламентын гишүүдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлдэг”гэлээ.

Мэдээллийн дараа сэтгүүлчид сонирхсон асуултаа асуулаа.

-УИХ-ын гишүүд өөрөө өөрсдийгөө эгүүлэн татах уг хуулийн төслийг дэмжих болов уу? 

– Иргэд сонгогчдынхоо өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэг,  өргөсөн тангарагтаа үнэнч гишүүдийн хувьд энэ хуулийн төслөөс айж эмээгээд байх зүйлгүй. Харин эсрэгээрээ тэгж чаддаггүй гишүүдийн хувьд эмзэглэх байх. Өөртөө итгэлтэй,  иргэд сонгогчдынхоо өмнө хүлээсэн тангараг, үүрэгтээ үнэнч байж чаддаг гишүүдийн хувьд  хуулийн төслийг дэмжих байх. Хуулийн хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүдийн хэн нь хэн бэ гэдгийг иргэд сонгогчид харах бүрэн боломжтой.

-Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлуудыг баталчихсан. Таны өргөн барьсан хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцэнэ гэж ойлгох уу?

 –Хуулийн төслийг  хугацаа алдахгүй хэлэлцэнэ гэж найдаж байна.  Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хуулийн төсөлд Засгийн газраас санал авахаар өгсөн. Харамсалтай нь уг асуудалд Засгийн газар хойрго хандаж, зургаан сар өнгөрсний дараа  "Дэмжихгүй" гэсэн татгалзсан хариу өгсөн.

-Тухайн тойргийн нийт сонгогчдын гуравны нэг нь санал гаргаж, гарын үсгээр баталгаажуулбал УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хууль эрх зүйн боломж бүрдэх юм байна. Иргэдээс гарын үсэг цуглуулах үйл ажиллагааг хэн хариуцах вэ. Магадгүй оронд нь сонгогдох хүсэлтэй хэн нэгэн  иргэдээс гарын үсэг цуглуулж "тоглолт" хийхийг үгүйсгэхгүй?

-Иргэд өөрсдөө энэ асуудлыг шийднэ. Иргэдийн гуравны нэг нь санал гаргасан тохиолдолд Сонгуулийн ерөнхий хороо хяналт тавьж ажиллана. Хоёрдугаарт,  улс төрийн намууд болон олон нийтийн байгууллагуудыг уг үйл явцад зохион байгуулалтайгаар оролцохыг хуульд хориглосон.

 

                                                                                                                                                                                                Эх сурвалж: News.mn