Ардчилсан намын нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатарыг БНХАУ-ын дээд шагнал Найрамдал одонгоор шагналаа

Монгол улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд зохион байгуулагдсан арга хэмжээ /20190710/-ний үеэр БНХАУ-ын дэд дарга Ван Чин Шань Ардчилсан намын нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатарыг БНХАУ-ын дээд шагнал Найрамдал одонгоор шагналаа. Монгол улсаас БНХАУ-д сууж асан элчин сайд, АН-ын Гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн дарга  Ц.Сүхбаатар нь сүүлийн 30 гаруй жил Монгол улсын гадаад бодлоготой ажил амьдралаа холбосон дипломатч, хуульч, элчин сайд цолтой хүн юм. Тэрээр Монгол улсаас БНХАУ-д элчин сайдаар ажиллах хугацаанд хоёр улсын өндөр түвшний харилцан айлчлал, бүх салбарын нөхөрсөг харилцааг хөгжүүлэхэд нааштай түлхэц өгч ажилласан юм. Элчин сайдын албаас хойш тэрээр хоёр улсын ард түмний нөхөрлөлийг нэмэгдүүлэхийн төлөө үргэлжлүүлэн зүтгэсээр ирсэн. Тэрээр АН-ын Гадаад харилцаа эрхэлсэн нарийн бичгийн даргын албанд томилогдсоноос хойш тус намын Хятад улстай харилцан нөхөрсөг бодлогод түлхэц өгч тус намын болон ХКН-тай харилцааг илүү хөгжүүлэхэд нааштай нөлөө үзүүлэн ажиллаж байна.

 

 Дашрамд дурдахад,  Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1949 оны 10 дугаар сарын 16-нд дипломат харилцаа тогтоосон. Монгол, Хятад нь нийт 4709.6 км урт шугамаар хиллэдэг бөгөөд талууд  1950 онд Улаанбаатар, Бээжин хотноо тус тус Элчин сайдын яамаа харилцан нээсэн байна.