ЭМГЭНЭЛ

ЗУНДУЙН АЛТАНГЭРЭЛ /1960-2019/

        Ардчилсан намын гишүүн, Дорноговь аймгийн МҮДН-ыг үүсгэн байгуулагчдын нэг, түүх, соёлын өвийг тээгч,  Говийн ноён хутагтын үе дамжсан тахилч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн,  Шарнууд овогт Зундуйн Алтангэрэл 2019 оны 07 дугаар  сарын 27-ны өдөр өвчний улмаас таалал төгсч, Монголын ардчилалд томоохон гарз  учирлаа.

 З.Алтангэрэл нь 1960 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Өргөн суманд төржээ. Улмаар Дорноговь аймгийн  Сайншанд сумын Зүүнбаян багийн  ерөнхий боловсролын сургууль, УБДС-ийг тус тус төгссөн байна. Тэрээр 1977-1980 онд Дорноговь аймгийн  Тээврийг удирдах газарт засварчин, 1980-1983 онд хугацаат цэргийн албан хаагч,  1983-1986 онд Ардын армийн  дугаар ангид ахлах жолооч, 1990-1992 онд Дорноговь аймгийн III сургуульд зураг,  хөдөлмөрийн багш, 1992-1999 онд Данзанравжаа музейн  захирал, 1999-2008 онд Дорноговь аймгийн “Музей сургалт судалгааны төв”-ийн захирал, 2008 оноос “Говийн ноён хутагтын музей”  ТББ-ын тэргүүн, Лувсанданзанравжаа академийн тэргүүнээр тус тус ажиллаж байв. 

З.Алтангэрэл нь Монгол оронд өрнөсөн Ардчилсан хөдөлгөөнийг  тууштай дэмжигч, идэвхтэй зохион байгуулагч, манлайлан удирдагч байлаа. Тэрээр 1996, 2008, 2012 оны ээлжит сонгуулиудад амжилттай оролцож,  аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр удаа дараа  сонгогдон ажиллаж байв. Түүнчлэн 1994-1997, 2001 онд Дорноговь аймгийн Ардчилсан намын даргаар ажиллаж байжээ. Үүний зэрэгцээ  2000, 2016 оны УИХ-ын ээлжит сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж байсан юм.

 Тэрээр ухамсарт амьдралынхаа бүхий  л хугацааг  түүх, соёлын дурсгалыг хамгаалах, хадгалах, сурталчлах, сэргээн бүтээхэд  зориулан ажилласан байна. З.Алтангэрэл нь Д.Данзанравжаагийн олон арван жил хадгалагдаж ирсэн 2000 гаруй нэгж өвийн зүйлийг анх удаа дэлгэж, музей байгуулснаар Монголын шашин, соёлын хосгүй үнэт цогц дурсгалыг олны хүртээл болгожээ. Үүний зэрэгцээ улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртөж, устсан Хамрын хийд болон түүний орчны түүх соёлын үл хөдлөх дурсгалуудыг сэргээн байгуулах, бурхан тахил, ном судрыг олны хүртээл болгох ажлыг гардан зохион байгуулсан юм.

Түүний хөдөлмөр, зүтгэлийг  төр засгаас өндрөөр үнэлж,  2002 онд Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөл, 2008 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр тус тус шагнасан байна.

Талийгаачийн хүнлэг тусч чанар, шашин соёлын өвийг хамгаалах уйгагүй чин зүтгэл, ардчилал, шударга ёсны төлөөх тууштай үнэнч үзэл баримтлал, эр хүний ноён нуруутай, оюунлаг чанар бидний сэтгэл зүрхэнд үүрд үлдэх болно.

 

АРДЧИЛСАН НАМ