Г.Очирбат: Хангайн бүсийн чуулга уулзалтад таван аймаг, хоёр дүүргийн 800 орчим залуус оролцоно

"Ардчилсан залуучуудын холбоо"-ноос 10 гаруй жил тасраад байсан залуучуудын бүсийн чуулганыг зохион байгуулж байгаа билээ. Өнгөрсөн удаад зүүн бүсийн чуулган Дорнод аймагт болсон бол энэ удаад хангайн бүсийн чуулганыг Булган аймагт энэ сарын 9-11-нд зохион байгуулахаар төлөвлөжээ. Чуулганы ач холбогдлын талаар Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн, Ардчилсан залуучуудын холбооны Тэргүүн дэд ерөнхийлөгч  Г.Очирбаттай ярилцлаа.

           

-Хангайн бүсийн чуулга уулзалт болох гэж байна. Энэ чуулганы гол зорилго юу вэ?

-Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хурлын шийдвэрээр энэ жилийг “Залуучуудыг дэмжих жил” болгон зарласан. Залуучуудыг хариуцсан дөрвөн чиглэлийн бүтцийн байгууллага Ардчилсан намд байдаг. Үүнд, оюутан, залуучууд, ахмад, эмэгтэйчүүд гээд. Ардчилсан залуучуудын холбоо (АЗХ) нь төв намтай болон олон нийтийн байгууллагуудтай хамтарч ажилладаг. Энэ хүрээнд АЗХ-ны Удирдах зөвлөлийн хурлаар зүүн, хангай, баруун, төв, говь гэсэн таван бүсчлэлд хуваан чуулган зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Мөн таван бүсчлэлд есөн дүүргээ нэмнэ. Энэ цаг үед болж буй хангайн бүсийн чуулганд Чингэлтэй, Хан-Уул гэсэн нийслэлийн хоёр дүүрэг багтсан. Чуулганы ач холбогдлын тухайд, ажлын гурван хэсэг гарсан. Эхний ээлжинд сургалт, хэлэлцүүлэг явуулах ажлын хэсэг орно. Үүнд намын үзэл баримтлал болон үе хоорондын хэлэлцүүлэг болох юм. Залуучууд гэхээр зөвхөн залуусыг оролцуулж болохгүй. Бид ахмад үеэ, оюутан дүү нараа болон идэр үеэ сонсох ёстой.  Дараагийн ажлын хэсэг нь сургалт, хэлэлцүүлгээс гадна залуучуудын чуулга уулзалттай хамаатай төсөв, санхүүгийн ажлыг хариуцаж байгаа. Ингээд чуулганы хүрээнд залуучуудын дунд явуулах спортын болон урлаг соёлын арга хэмжээг хариуцсан ажлын хэсэг гарсан байна.

-Залуучуудын оролцоог хангах чуулганыг сонирхолтой байдлаар явуулна гэсэн. Энэ талаар нэмэлт мэдээлэл өгөхгүй юу. Зүүн бүсийн чуулга уулзалт болоод өнгөрлөө. Энэ үеэр залуучууд ямар асуудалд дуу хоолойгоо өргөж байсан бэ?

-АЗХ-ны чуулганыг аль болох оюунлаг, баяр баясгалантай, завгүй, бүтээлч, үр дүнтэй явуулах үүднээс хөтөлбөрөө хоёр сар гаруй хугацаанд боловсруулсан. Үүнээс гадна залуучуудын зохион байгуулалт, урам зориг маш чухал. Зүүн бүсийн чуулганыг дүгнэхэд, нэгдүгээрт, байгаль цаг уурын таатай нөхцөл болно гэдэг өөрөө аз жаргалын индекс ялгаруулдаг юм билээ. Хоёрдугаарт, залуучууд гэдэг нэрийн дор ямар өөр төрлийн ангилал байгааг хараад гайхсан. Жишээлбэл, Налайх дүүргийн тухайд оюутан залуучууд нь идэвхтэй оролцож байсан бөгөөд тэдний сонсдог дуу, хөгжим, санаа зовнидог асуудал нэг өөр байхад аймгуудаас ирсэн 35-39 насны залуучууд илүү хүрээлэн буй болон бизнесийн орчны талаар асуудал хөндөж ярьж байсан. Тиймээс л үе хоорондын хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаагийн утга учир үүнд оршиж байгаа юм.  Эхний ээлжинд залуучууд нэг нэгнээ ойлгож, таньж мэдэх ёстой. Энэ өнцөгөөс үр дүн дотооддоо маш сайн гарч байна. Харин гадашгаа гэвэл, АЗХ-ны залуучууд чуулж, эцэстээ Монгол орны хөгжил дэвшилд бусдыгаа уриалж, манлайлсан тунхаг, зөвлөмж, 2020 оны намын мөрийн хөтөлбөрт өгөх санал, өнөөгийн Засгийн газрын хийж хэрэгжүүлж байгаа алдаа дутагдлын талаар заавал мэдэгдэл гаргах ёстой. Энэ бүхэн таван бүсийн чуулганы дараа нэгтгэгдэж, дүгнээд гарах болов уу.

-Хангайн бүсийн чуулга уулзалтад хэдэн аймгийн хэчнээн залуучууд оролцох вэ?

-АЗХ-д 18-39 насны хоорондох залуучууд багтдаг. Гэхдээ бүтцийн байгууллага учраас 18 наснаас 25 орчим насныхныг Ардчилсан оюутны холбоонд хамруулж ойлгодог. Гэсэн ч Ардчилсан оюутны холбооныхон тус чуулга уулзалтад оролцож байгаа. Учир нь тэдний дуу хоолой юу юунаас илүү чухал. Хангайн бүсийн чуулга уулзалтад Булган, Хөвсгөл, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймаг болон Чингэлтэй, Хан-Уул дүүргийн 700 орчим залуучууд оролцож байна.

-Хэн хэн ямар сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэх вэ?

-Үзэл баримтлалын сургагч багш нарын тухайд АЗХ-ны Удирдах зөвлөлийнхөн байгаа. Үзэл баримтлалыг заах багш нарын чансааг харвал, Харвард, Оксфорд болон Шанхайн их сургуулийг төгссөн залуус байна. Мөн улс төрийн амьдрал дээр төрийн алба болон судалгааны байгууллагыг ахалж байсан залуучууд сургагч багшаар бэлтгэгдсэн. Эдгээр залуучууд хичээл заана. Гэхдээ номлож, сургаж биш интерактив буюу оролцоотой байдлаар явуулна. Энэ сургалтаар бүгдэд нь оноо тавьж, дүгнэнэ. Мөн ирц, идэвх, спорт, соёл урлагийн уралдаанд оролцсон байдлаар нь дүгнэж, оноо өгнө.

 

Эх сурвалж: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН