Намын үндсэн дүрэм

/АРДЧИЛСАН НАМЫН 7 ДУГААР ИХ ХУРЛЫН 04 ДҮГЭЭР ТОГТООЛООР

НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРСОН./

УЛААНБААТАР ХОТ

2017 он

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 

    1. Тус намыг Ардчилсан Нам гэж нэрлэх ба “АН” гэж товчилно. Англиар Democratic Party, Democratic Party of Mongolia гэнэ. АН-ын төв байгууллага нь Монгол Улсын нийслэлд байрлана.
    2. АН нь Монгол оронд үндэсний тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, эрх чөлөө, олон ургалч үзэл, ардчилал, хүний эрх, зах зээл, хувийн өмч, чөлөөт хэвлэл, олон намын тогтолцоо, ардчилсан сонгууль, эрх зүйт төрийг бий болгохын төлөө өрнөсөн 1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалыг санаачлан эхлүүлж, манлайлан удирдсан Монголын Ардчилсан Холбоо /МоАХ/, Ардчилсан Социалист Хөдөлгөөн /АСХ/, Шинэ Дэвшилт Холбоо /ШДХ/, Монголын Оюутны Холбоо /МОХ/ зэрэг улс төрийн хүчнүүдээс төрөн гарсан намуудын нэгдэл болсон ууган ардчилсан улс төрийн хүчин мөн.
    3. АН нь иргэдийг соён гэгээрүүлэх, нийгмийн бүлгүүдийн сонирхлыг илэрхийлэх, Монгол улсын хөгжлийн бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх, улс төрийн манлайлагчдыг тодруулах, засаглалыг бэхжүүлэх үндсэн чиг үүрэгтэй.
    4. АН нь улс үндэсний язгуур эрх ашиг, эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, үндэсний түүх соёл, хэл бичиг, өв уламжлалаа хадгалан, эрх зүйт төр, хууль ёс, хүний эрх, эрх чөлөө, өмчийн бүх хэлбэр, шударга ёс, хөгжил дэвшлийг эрхэмлэсэн хувь хүний бүтээлч чадавхид тулгуурлан нийгмийн дэвшлийг хангах эрмэлзэл бүхий иргэдийн сайн дураараа эвлэлдэн нэгдсэн, чөлөөт ардчилсан үзэл баримтлалыг үйл ажиллагааныхаа үндэс болгосон улс төрийн байгууллага мөн.
    5. АН нь Их хурлаар батлагдсан үзэл баримтлал, үнэт зүйлстэй байна. Үзэл баримтлал, Үндсэн дүрмийн хүрээнд намын гишүүд, дэмжигчиддээ улс төрийн боловсрол олгох, гишүүдийн эв эе, хамтач байдлыг хангах замаар, үзэл бодлоо илэрхийлэх, төрийн хэрэгт өргөнөөр оролцох бололцоог хариуцлагын хамт олгохыг зорино.
    6. АН нь бусад улс төрийн нам, төрийн болон төрийн бус байгууллага хуулийн этгээдтэй бие биеэ хүндэтгэн, харилцан дотоод хэрэгт нь хөндлөнгөөс оролцохгүй байх зарчмыг баримтална.

 

/Ардчилсан намын 7 дугаар Их хурлын 04 дүгээр тогтоолоор энэ бүлгийн 1.2, 1.3 дахь хэсэгт өөрчлөлт орж, 1.4-1.6 дахь хэсэг нэмэгдсэн./

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ. НАМЫН БЭЛГЭДЭЛ, ТУГ, АЛБАН ХУУДАС, ТАМГА

 

/Ардчилсан намын 7 дугаар Их хурлын 04 дүгээр тогтоолоор энэ бүлгийн нэрэнд өөрчлөлт орсон./

 

    1. АН нь хуулийн этгээдийн эрх эдэлнэ. Нам нь өөрийн бэлгэдэл, туг, тамга, тэмдэг, нэг загварын албан хуудастай байна.
    2. АН-ын бэлгэдэл нь дугуй хэлбэртэй, гадуураа улаан хүрээтэй, дотор талд нь улаан хүрээнээс цагаан зурвасаар зааглагдсан хөх өнгийн тойрог дотор нар, сар, гал гурав босоо байрлалтай цагаан өнгөтэй байна. Хөх өнгийн тойргийн дотор доод талд “Ардчилсан Нам” гэж цагаанаар бичнэ.
    3. Намын тугны өргөн, урт нь 1:2 харьцаатай байна. Туг ишнийхээ талд хөх өнгийн хойш сунасан гурвалжингаар хагаслан хуваагдах ба тугны сүүлийн дээд доод талд улаан өнгөтэй хоёр гурвалжин байна. Улаан, хөх өнгө нь цагаан зурвасаар зааглагдана. Хөх гурвалжны дотор төв хэсэгт цагаан өнгөөр нар, сар, галын дүрс байрлана.
    4. Намын албан хуудас, тамга тэмдэг дээр намын бэлгэдэл байна.
    5. Намын нэр, бэлгэдэл, туг, албан хуудас, тамга, тэмдгийг хэрэглэх, хадгалах асуудлыг зохицуулах журамтай байна.

 

/Ардчилсан намын 7 дугаар Их хурлын 04 дүгээр тогтоолоор энэ бүлгийн 2.1-2.4 дэх хэсэгт өөрчлөлт орж, 2.5 дахь хэсэг нэмэгдсэн./

 

Ардчилсан намын бэлгэдэл.

 

 

 

Ардчилсан намын туг.

 

 

 

 

 

 

ГУРАВДУГААР БҮЛЭГ. НАМЫН ГИШҮҮНЧЛЭЛ

 

/Ардчилсан намын 7 дугаар Их хурлын 04 дүгээр тогтоолоор энэ бүлгийн нэрэнд өөрчлөлт орсон./

    1.  Гишүүн
      1. АН-ын үзэл баримтлал, Үндсэн дүрмийг сайн дураараа зөвшөөрсөн 18 нас хүрсэн эрх зүйн чадамжтай Монгол улсын иргэн Ардчилсан намд гишүүнээр элсэж болно.
      2. Намд гишүүнээр элсэхийг хүссэн иргэн байнга оршин суугаа засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх анхан эсвэл дунд шатны байгууллагад хүсэлтээ тогтоосон маягтын дагуу биечлэн гаргана. Ийнхүү гаргах боломжгүй тохиолдолд намын төв байгууллагад шуудангаар эсвэл намын мэдээллийн нэгдсэн системээр дамжуулан илгээж болно.
      3. Хүсэлт гаргасан гишүүнд намын цахим батлах олгосноор Ардчилсан намын гишүүнээр элссэнд тооцно. Цахим батлах нь намын гишүүнчлэлийг тодорхойлох баримт мөн.
      4. Шинээр элссэн гишүүн нь намын үзэл баримтлал, Үндсэн дүрэм, түүнээс дагалдан гарсан журам /цаашид “бусад журам” гэнэ/ болон намын байгууллагын үйл ажиллагаатай танилцах хөтөлбөрт хамрагдана.
      5. Бүх шатны намын байгууллагын сонгуульт албанд сонгогдсон эсвэл томилогдсон гишүүнийг “сонгуульт гишүүн” гэнэ.
      6. Намын Дарга, Үндсэн дүрмийн хороо /цаашид “ҮДХ” гэнэ/, Дотоод сонгуулийн хороо /цаашид “ДоСХ” гэнэ/-ны гишүүний бүрэн эрх, үүрэг, хариуцлагыг тусгайлан журмаар зохицуулна.
      7. АН-ын үзэл баримтлал, бодлого, үйл ажиллагааг дэмждэг, аливаа сонгуульд АН-д саналаа өгдөг иргэнийг “намын дэмжигч” гэнэ.
      8. Намын гишүүн нь Андгай өргөнө.
    2.  Намын гишүүдийн цахим бүртгэлийн сан
      1. Намын гишүүдийн цахим бүртгэлийн сан нь намын мэдээллийн нэгдсэн системд төвлөрнө. Уг мэдээллийг зөвхөн намын дотоод хэрэгцээнд ашиглана. Бүртгэлийн санд намын бүх гишүүдийн хувийн хэрэг цахим хэлбэрээр хадгалагдана. Бүртгэлийн санд нэвтрэх эрхийг намын нууцын журмаар зохицуулна. Гишүүн нь намын зөвхөн нэг анхан шатны байгууллагад бүртгэлтэй байна.
      2. Намын Төв байгууллага, Аймаг, Дүүргийн намын байгууллагын Хэрэг Эрхлэх Газар /цаашид “ХЭГ” гэнэ/-т намын мэдээллийн нэгдсэн систем, гишүүдийн бүртгэл хариуцсан ажилтан байна.
      3. Намын Төв байгууллага нь жил бүрийн 02 дугаар сарын 01-ний дотор гишүүдийн шинэчилсэн бүртгэл, шилжилт хөдөлгөөн, гишүүдийн татвар төлөлтийн тайланг нэгтгэн намын мэдээллийн нэгдсэн системд оруулна.
      4. Намын төв байгууллага нь жил бүрийн 09-р сарын 05-ны дотор сонгуульт гишүүний хураамж төлөлтийн тайланг нэгтгэн ДоСХ-нд хүргүүлнэ.
    3.  Шилжилт хөдөлгөөн
      1. Намын гишүүн оршин суугаа нутаг дэвсгэрийн харъяаллаа өөрчилсөн бол шилжин очсон нутаг дэвсгэрийн дунд ба анхан шатны намын байгууллагад 3 сарын хугацааны дотор бүртгүүлнэ. Ийнхүү бүртгүүлэх боломжгүй бол намын төв байгууллагад шуудангаар эсвэл намын мэдээллийн нэгдсэн системээр дамжуулан илгээж болно. Намын зохих шатны байгууллага бүртгэж авснаар шилжилт хөдөлгөөн хийгдсэнд тооцно.
      2. Гишүүн нь 3.3.1-д заасан хугацаанд бүртгүүлээгүй бол уг гишүүний 3.6.1, 3.6.3-д заасан эрх түдгэлзэх үндэслэл болно.
      3. Гишүүний шилжилт хөдөлгөөнийг намын гишүүний бүртгэлийн санд тухайн бүрд нь тусгана.
      4. АН-ын гишүүний бүртгэл, шилжилт хөдөлгөөний асуудлыг журмаар зохицуулна.
    4.  Гишүүнээс түдгэлзэх
      1. Намын гишүүн хууль тогтоомжид заасан үндэслэлээр гишүүнээс түдгэлзэх бөгөөд энэ тухайгаа харьяалагдах намын хороонд албан ёсоор мэдэгдэж намын гишүүний бүртгэлийн санд бүртгүүлнэ.
      2. Хуулийн үйлчлэл дууссан нөхцөлд намын гишүүнчлэлээ сэргээх хүсэлтээ харьяалах намын байгууллагад гаргаж болно.
    5. Гишүүнээс татгалзах, хасах
      1. Гишүүн намаас татгалзах хүсэлтээ намын төв болон дунд шатны байгууллагад мэдүүлснээс хойш 30 хоногийн дотор гишүүнийг намаас чөлөөлж, гишүүдийн бүртгэлийн сангаас хасуулахыг тухайн шатны намын байгууллага хариуцна. Энэ заалтад заасан хугацаанд намын байгууллага шийдвэр гаргаагүй тохиолдолд гишүүнийг чөлөөлөгдсөнд тооцно.
      2. Намын гишүүнээс татгалзах хүсэлтээ цахим үнэмлэхийн хамт намд буцааж өгнө.
      3. Өөрийн хүсэлтээр намын гишүүнээс татгалзсан болон хасагдсан иргэн намд дахин элсэж болно. Дахин элсэхээр бол ҮДХ-ны дүгнэлтийг үндэслэн эрх бүхий албан тушаалтан шийдвэрлэнэ.
      4.  Намын гишүүн Үндсэн дүрмийн 3.9.1.8, 3.9.1.15, 3.9.1.16, 3.9.1.17, 3.9.1.18, 3.9.1.19, 3.9.1.20-р заалтуудыг зөрчсөн болон гэмт хэрэг үйлдэж гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон тохиолдолд намын гишүүнээс хасах асуудлаар ҮДХ-ноос ажлын 5 хоногт багтаан дүгнэлт гаргана.
    6. Гишүүний эрх
      1. Намын гишүүн нь сонгуульт албанд нэр дэвших, сонгох, сонгогдох, томилогдох
        1. Намын сонгуульт алба, улс төрийн албан тушаалд нэр дэвшигч нь хуулийн болон бусад тусгай шаардлага хангасан байна.
        2. Намын гишүүний дотоод сонгуульд саналаа өгөх эрх нь тухайн сонгуулиас 3 сарын өмнө нээгдэнэ.
        3. Намын дотоод болон намаас төрийн сонгуульд нэр дэвшигч нь 6 сарын өмнө намд элссэн байна.
      2. Намын гишүүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, шударга өрсөлдөх;
      3. Намын сонгуульт гишүүн намын эрх бүхий байгууллагын дэмжлэгээр төрийн улс төрийн албан тушаалд нэр дэвших, сонгох, сонгогдох, томилогдох;
      4. Намын үзэл баримтлал, бодлого, үйл ажиллагаа, санхүүжилт, Үндсэн дүрэм, бусад журам болон намын мэдээллийн нэгдсэн системээс мэдээлэл авах;
      5. Намын үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр, бодлого боловсруулах, хэлэлцэхэд болон намаас явуулж буй үйл ажиллагаанд оролцох;
      6. Намын байгууллагаас өөрийнх нь тухай хэлэлцэхэд биечлэн оролцох, гарсан шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд намын бусад эрх бүхий байгууллагад хандах;
      7. Монгол улсын Үндсэн хууль, бусад хууль, намын Үндсэн дүрэм болон бусад журамд өөрөөр заагаагүй бол үзэл бодол, нэр төрийн хувьд намын өмгөөлөл, ивээлд багтах;
      8. Гадаадад амьдарч байгаа намын гишүүд, дэмжигчид АН-ыг дэмжих зорилгоор намын дэргэдэх болон дэмжигч байгууллагад нэгдэж үйл ажиллагаа явуулах;
      9. Намын гишүүнээс түдгэлзэх, татгалзах;
      10.  Гишүүний намын сонгуульт албанд болон төрийн улс төрийн албан тушаалд нэр дэвших, сонгох, сонгогдох, томилогдох үйл ажиллагааг журмаар зохицуулна.
    7. Гишүүний үүрэг
      1. Монгол Улсын Үндсэн хууль, хууль тогтоомж, Намын үзэл баримтлал, Үнэт зүйлээ эрхэмлэн дээдлэх, мөрийн хөтөлбөр, бодлогыг хэрэгжүүлэх, Үндсэн дүрэм, бусад журам, шийдвэрийг даган мөрдөх;
      2. Намын эгнээ, дэмжигчдийн хүрээг өргөтгөх, намын байгууллагыг бэхжүүлэхэд идэвхи санаачлага гаргах;
      3. Намын ёс зүй, сахилга батыг чанд сахиж, намын нэр хүндэд харшлах аливаа үйлдэл гаргахгүй байх;
      4. АН-ын үзэл баримтлал, бодлого, мөрийн хөтөлбөрийг сурталчлах, намаас нэр дэвшигчдэд дэмжлэг, туслалцаа үзүүлэх;
      5. Намаас нэр дэвшин сонгогдсон болон томилогдсон төрийн улс төрийн албан тушаалтан нь үндэсний эрх ашгийг дээдэлж, хууль болон ёс зүйг чандлан сахиж, ашиг сонирхлын аливаа явцуу бүлэглэлийн нөлөөнд автахгүй байх;
      6. Намын дотоод асуудлаар намын нэр хүнд, эв нэгдэл, үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэх олон нийтэд хандсан үйлдэл хийхгүй байх, намын дотоод мэдээллийг гадагш гаргахгүй байх, намын удирдах болон улс төрийн өндөр албан тушаал хашиж байсан гишүүд намын байгууллагатай зөвшилцөхгүйгээр дур мэдэн намын өмнөөс үйл ажиллагаа явуулахгүй байх, хэвлэлийн мэдэгдэл, мэдээлэл хийхгүй байх;
      7. Үндсэн дүрэмд заасны дагуу тогтоосон хэмжээний татвар /дэнчин/, хураамжийг хугацаанд нь төлөх;
      8. Гишүүн нь Үндсэн дүрмийн хүрээнд олонхийн саналаар гаргасан шийдвэрийг дагаж мөрдөх;
      9. Намын хурал, үйл ажиллагаа, дотоод сонгуульд оролцох /намын хуралд оролцсон ирц, хурлын шийдвэр батлахад оролцсон байдал, хандив өгсөн, хураамж төлсөн байдлаар нь ХЭГ бүртгэл хөтлөн тухайн шатны намын байгууллагад хүргүүлнэ/;
      10. АН-ын гишүүн нь өөрийн харьяалагддаг төрийн бус байгууллага, хуулийн этгээдийн зүгээс өөрөөр нь дамжуулан, намын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох боломж олгохгүй байх.
    8. Гишүүнд олгох шагнал, урамшуулал
      1. Намын байгууллага нь гишүүнээ төр, засгийн одон медальд тодорхойлж болно.
      2. Намын одон медаль, шагнал, урамшуулал олгох журмыг УТЗ-өөс батална.
    9. Гишүүнд ёс зүйн хариуцлага хүлээлгэх, шийтгэл ногдуулах
      1. АН-ын Үндсэн дүрэм, бусад журам болон тэдгээрт нийцүүлэн гаргасан эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрийг зөрчсөн дараах үйлдэл, эс үйлдлийг Ёс зүй, сахилгын зөрчил гэж үзнэ. Үүнд:
        1. Гишүүний үүргээ биелүүлээгүй;
        2. Тогтоосон татвар, хураамжийг хугацаанд нь төлөөгүй;
        3. Намын хурлын хуралдааны үеэр хурлын даргаас зөрчлийн талаар өгсөн анхааруулгыг биелүүлээгүй;
        4. Шилжилт хөдөлгөөний журам зөрчсөн;
        5. Намын тамга тэмдэг, гишүүний батлах хадгалах, хэрэглэхтэй холбоотой журмыг зохион байгуулалттайгаар зөрчсөн;
        6. Төрийн сонгуульд тухайн шатны нам хамгийн олон суудал аваагүй бол тухайн шатны намын даргад энэ дүрэмд заасны дагуу;
        7. Сануулах хариуцлага хоёроос дээш удаа авсан;
        8. Сахилгын шийтгэл хүлээж байсан гишүүн дахин зөрчил гаргасан;
        9. Намын эрх бүхий албан тушаалтан Үндсэн дүрэм, бусад журмаар зохицуулсан хугацаатай үүргээ биелүүлээгүй;
        10. Бүх шатны намын байгууллагын эв нэгдлийн эсрэг ажилласан;
        11. Намын хүний нөөцийн бодлогын зарчмыг зөрчин намын сонгуульт албанд болон төрийн улс төрийн албан тушаалд хүн томилуулахаар зохион байгуулалтад орсон, эрх бүхий албан тушаалтанд санал болгосон;
        12. Намд гишүүнээр элсэх, бүртгүүлэх, мэдээлэл авах, намын дотоод үйл ажиллагаанд оролцох болон гишүүний бусад эрхийг санаатайгаар зөрчсөн үйлдэл, эс үйлдэл гаргасан;
        13. Гишүүний бүртгэл, татвар, хураамжийн төлөлттэй холбогдох журмыг зохион байгуулалттайгаар зөрчсөн;
        14. Намын дотоод сонгуулийн үйл ажиллагаанд гишүүдийн саналд нөлөөлөх зорилгоор мөнгө, эд зүйлс тараах, амлалт өгөх болон дүрэм, журамд заасан бусад заалтыг зөрчсөн;
        15. Намын хурлын хаалттай хуралдаанд видео камер, гар утас, дуу хураагуур болон бусад төхөөрөмж ашиглан бичлэг хийсэн, тараасан, хуралдааны тэмдэглэлийг ил болгосон, намын дотоод асуудлаар олон нийтэд хандаж намын нэр хүнд, эв нэгдэл, үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхүйц үйлдэл хийсэн;
        16. Төрийн сонгуульд АН-аас болон хамтран оролцож буй эвслийн нэр дэвшигчээс бусад нэр дэвшигчийг дэмжиж ажилласан, хандив өгсөн;
        17. Төрийн сонгуульд АН-аас болон хамтран оролцож буй эвслийн нэр дэвшигчийн эсрэг ажилласан;
        18. Бүх шатны намын байгууллагын хурлын болон УИХ, ИТХ дахь намын бүлгийн шийдвэрийг зөрчсөн;
        19. Төрийн сонгуульд АН-аас болон сонгуульд хамтран оролцож буй эвслийн нэр дэвшигчтэй бие даан өрсөлдсөн;
        20. АН-аас болон хамтарсан эвслээс нэр дэвшиж сонгогдсон Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг огцруулсан буюу огцруулахаар санал өргөн барьсан, ИТХ-ын дарга, Засаг даргыг огцруулсан буюу огцруулахаар санал өргөн барьсан. Энэ асуудлыг хурлын хэлэлцэх асуудалд оруулахаар санал гаргасан, өгсөн;
      2. Гишүүнд дараах ёс зүйн хариуцлагыг хүлээлгэнэ. Үүнд:
        1. Сануулах;
        2. Үндсэн дүрмийн 3.9.1.1, 3.9.1.3, 3.9.1.4 заалтыг зөрчсөн бол Саналын эрхийг хасах;
        3. Үндсэн дүрмийн 3.9.1.2, 3.9.1.6 заалтад дурдсан нөхцөл байдал бүрдсэн бол Бүрэн эрх нь дуусгавар болсныг тогтоох;
        4. Үндсэн дүрмийн 3.9.2.1, 3.9.2.2 заалтад заасан хариуцлагыг хүлээлгэхийн өмнө Тусгайлан албан журмаар даалгавар /уучлалт гуйлгах, зөрчлийг нь хүлээн зөвшөөрүүлэх, арилгуулах, эвлэрэх/ өгөх;
      3. Гишүүнд дараах Сахилгын шийтгэлийг хүлээлгэнэ. Үүнд:
        1. Үндсэн дүрмийн 3.9.1.1, 3.9.1.2, 3.9.1.4, 3.9.1.5, 3.9.1.7, 3.9.1.9, 3.9.1.10, 3.9.1.14 заалтыг зөрчсөн бол тодорхой хугацаагаар Саналын болон нэр дэвших эрхийг нь хасах;
        2. Үндсэн дүрмийн 3.9.1,1, 3.9.1.4, 3.9.1.5, 3.9.1.8, 3.9.1.9, 3.9.1.10, 3.9.1.11, 3.9.1.12, 3.9.1.13, 3.9.1.14, 3.9.1.15 заалтыг зөрчсөн бол Намын сонгуульт албанаас огцруулах;
        3. Үндсэн дүрмийн 3.9.1.5, 3.9.1.8, 3.9.1.15, 3.9.1.16, 3.9.1.17, 3.9.1.18 заалтыг зөрчсөн бол Ардчилсан намаас намын сонгуульт алба болон Төрийн улс төрийн албан тушаалд 4-н жилээс доошгүй хугацаагаар нэр дэвших эрхийг хасах;
        4. Үндсэн дүрмийн 3.9.1.8, 3.9.1.15, 3.9.1.16, 3.9.1.17, 3.9.1.18, 3.9.1.19, 3.9.1.20 заалтыг зөрчсөн бол Намын гишүүнээс 4-өөс 8 жилийн хугацаатай хасах;
      4. Сахилгын шийтгэлгүйд тооцогдох хугацаа нь сахилгын шийтгэлийн хугацаа нь дууссанаас хойш 1 жил байх бөгөөд гишүүний ёс зүй болон сахилгын харилцаатай холбоотой бусад асуудлыг тусгайлан баталсан журмаар зохицуулна.

 

    1. Төрийн сонгуулийн үр дүнгээр хариуцлага тооцох
      1. Ардчилсан нам нь УИХ-ын сонгуульд хамгийн олон суудал аваагүй тохиолдолд:
        1. Намын Дарга, Дэд дарга, намын ЕНБД-ыг огцорсонд тооцно. Намын Дарга, Дэд дарга, намын ЕНБД болон тухайн үеийн УИХ-ын дарга, Ерөнхий сайд байсан намын гишүүн нь намын удирдлагын дараагийн сонгуульд нэр дэвших эрхгүй.
        2. Намын Үндэсний Бодлогын Хороо /цаашид “ҮБХ” гэнэ/ нь УИХ-ын сонгуулийн санал хураалт явагдсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хуралдаж дараах шийдвэрийг гаргана.
          1. Намын Дарга, Дэд дарга, ЕНБД нарын огцорсныг ҮДХ-оос ажлын 5 хоногт багтаан албажуулсаныг мэдээлэх;
          2. Намын Их хурлыг УИХ-ын сонгуулийн санал хураалт явагдсан өдрөөс хойш 90 хоногт багтаан хийхээр товлох;
        3. ДоСХ-ноос сонгуульд амжилтгүй оролцсон тойргуудад ҮБХ-ны гишүүний нөхөн сонгуулийг зохион байгуулна.
        4. Дотоод сонгуулийн хорооноос Намын даргын сонгуулийг дүрмийн хүрээнд зохион байгуулах;
      2. Ардчилсан нам нь Нийслэл, Аймаг, Дүүргийн ИТХ-ын сонгуульд хамгийн олон суудал аваагүй тохиолдолд:
        1. Тухайн шатны намын дарга, дэд Дарга нар, ХЭГ-ын дарга огцорсонд тооцогдоно. Намын Дарга, Дэд дарга, намын ХЭГ-ын дарга болон тухайн үеийн ИТХ-ын дарга, Засаг дарга байсан намын гишүүн нь намын удирдлагын дараагийн сонгуульд нэр дэвших эрхгүй.
        2. Тухайн Намын хорооны хурал нь ИТХ-ын сонгуулийн санал хураалт явагдсан өдрөөс хойш 15 хоногийн дотор хуралдаж дараах шийдвэрийг гаргана. Үүнд:

 

          1. Тухайн намын Дарга, дэд Дарга нар, ХЭГ-ын дарга, сум болон хорооны үүрийн дарга нарыг огцорсныг албажуулах;
          2. Нийслэл, аймаг, дүүргийн намын хорооны гишүүдийн сонгуулийг ИТХ-ын сонгуулийн санал хураалт явагдсан өдрөөс хойш 45 хоногт багтаан хийхээр товлох, намын хорооны хурал зохион байгуулах ажлын хэсгийг байгуулах;
          3. Дотоод Сонгуулийн Нутаг Дэвсгэрийн Хорооноос сонгуульд амжилтгүй оролцсон тойргуудад намын хорооны гишүүний нөхөн сонгуулийг зохион байгуулах;
          4. Дотоод сонгуулийн хорооноос намын даргын сонгуулийг дүрмийн хүрээнд зохион байгуулах;

 

      1. Ардчилсан нам нь сумын ИТХ-ын сонгуульд хамгийн олон суудал аваагүй тохиолдолд:
        1. Сумын Намын даргаогцорсонд тооцогдоно. Намын дарга, ИТХ-ын дарга, Засаг дарга, баг үүрийн дарга нар намын дараагийн удирдлагын сонгуульд нэр дэвших эрхгүй.
        2. Тухайн намын хорооны Хурал нь ИТХ-ын хурлын сонгуулийн санал хураалт явагдсан өдрөөс хойш 15 хоногийн дотор хуралдаж дараах шийдвэрийг гаргана. Үүнд:
          1. Тухайн намын дарга, тэргүүлэгч, багийн үүрийн дарга нарыг огцорсныг албажуулах;
          2. Тухайн сумын болон 10000-аас дээш хүн амтай сумын багийн үүрийн бүх гишүүдийн хурлыг энэ санал хураалт явагдсан өдрөөс хойш 30 хоногт багтаан хийхээр товлоно. Сумын бүх гишүүдийн хурлаас намын дарга, намын хорооны гишүүдийг сонгоно.
          3. 10000-аас дээш хүн амтай суманд ИТХ-ын сонгуулийн санал хураалт явагдсан өдрөөс хойш 10 хоногийн дотор намын хороо тэргүүлэгчид хуралдаж намын хорооны хурлыг ИТХ-ын сонгуулийн санал хураалт явагдсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хийхээр товлоно. Намын хорооны хурлаас намын хорооны гишүүний сонгуулийн товыг зарлана.

 

/Ардчилсан намын 7 дугаар Их хурлын 04 дүгээр тогтоолоор энэ бүлгийн 3.1-3.9 дэх хэсэгт өөрчлөлт орж, 3.10 дахь хэсэг нэмэгдсэн./

 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. НАМЫН ШИЙДВЭР ГАРГАХ ЗАРЧИМ

 

/Ардчилсан намын 7 дугаар Их хурлын 04 дүгээр тогтоолоор энэ бүлэг нэмэгдсэн./

 

    1. Бүх шатны намын байгууллага, гишүүд аливаа асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхдээ олонхоороо шийдвэр гарган, цөөнхийн саналыг хүндэтгэлтэй сонсон хуралдааны тэмдэглэлд тусгаж, нийтээрээ даган мөрдөх нэгдмэл зарчмыг баримтлана.
    2. Гишүүн шийдвэр гаргахдаа зөвхөн “дэмжинэ” эсвэл “дэмжихгүй” гэсэн санал өгнө.
    3. Анхан шатны намын байгууллагын хурал, нийслэл, аймаг, дүүргийн Намын хорооны хурал, Тэргүүлэгчдийн хурал, Намын Их Хурал, Үндэсний Бодлогын Хороо /ҮБХ/, Улс Төрийн Зөвлөл /УТЗ/, Үндсэн Дүрмийн Хороо /ҮДХ/, Дотоод Сонгуулийн Хороо /ДоСХ/ нь Үндсэн дүрэм, бусад журмаар олгогдсон эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргахдаа дараах заалтуудыг даган мөрдөнө.
      1. Шийдвэрээ тогтоол, тэмдэглэлийн хэлбэрээр гаргана.
      2. Хурлын батлагдсан шийдвэрт тамга дарж дараах албан тушаалтан гарын үсэг зурна. Үүнд:
        1. Бүх шатны намын байгууллагын хурлын хувьд хуралдааны дарга, тэргүүлэгчид;
        2. ҮДХ, ДоСХ-ны хувьд хуралдаанд оролцсон гишүүн.
      3. Үндсэн дүрэм, бусад журмын хүрээнд гарсан бүх шатны намын байгууллагын шийдвэрийг баталгаажуулах эрх, үүрэг бүхий албан тушаалтан /эсрэг саналтай байснаас үл хамааран/ тогтоолд гарын үсэг заавал зурна. Ийнхүү зураагүй нь уг тогтоолыг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй.
      4. Аливаа сонгуультай холбоотой намын гишүүний асуудлыг өрсөлдөгчгүй тохиолдол биш бол нууцаар, бусад асуудлыг илээр санал хураах эсвэл санал нэгдэх замаар шийдвэрлэнэ.
      5. Хурлын ирц дараах байдлаар бүрдэнэ. Үүнд:
        1. Бүх шатны намын байгууллагын хурлын хувьд Үндсэн дүрэм, бусад журамд өөрөөр заагаагүй бол таслах эрхтэй нийт гишүүдийн ердийн олонхи;
        2. ҮДХ, ДоСХ-ны хувьд бүрэлдэхүүний 2/3-оос доошгүй нь оролцсоноор.
    4. Үндсэн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг таслах эрхтэй нийт гишүүдийн ердийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.
    5. Бусад тохиолдолд хурлын шийдвэр нь Үндсэн дүрэм, бусад журамд өөрөөр заагаагүй бол хуралд оролцогчдын ердийн олонхийн саналаар хүчин төгөлдөр болно.
    6. Хууль дээдлэх, Үндсэн Дүрэм, бусад журмыг даган мөрдөх, хөндлөнгөөс хянах бололцоог хангах үүднээс холбогдох заалтын дугаарыг шийдвэрийн үндэслэл хэсэгт иш татна.
    7. Нам тарах, өөр намтай нэгдэх тухай саналыг намын Их хурлаар хэлэлцэх эсэх ҮБХ-ны шийдвэр нь түүний бүх гишүүний 3/4-аас дээш саналаар хүчин төгөлдөр болно.
    8. Бүх шатны намын байгууллагын даргын сонгуульд нэр дэвшигч нь тухайн хуралдааныг даргалах буюу орлож болохгүй.
    9. Бүх шатны намын байгууллагын хурал, удирдах бүрэлдэхүүний сонгуульд нэр дэвшигч нь Үндсэн журамд өөрөөр заагаагүй бол өөрөө нэрээ дэвшүүлнэ. Хүндэтгэн үзэх шалтгаанаар биечлэн ирэх боломжгүй тохиолдолд бичгээр хүсэлтээ гаргаж болно.

 

 

ТАВДУГААР БҮЛЭГ. НАМЫН БҮТЭЦ, УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

 

/Ардчилсан намын 7 дугаар Их хурлын 04 дүгээр тогтоолоор Дөрөв дүгээр бүлгийн дугаар “Тав” болж өөрчлөгдсөн бөгөөд “Бүтэц, удирдлага, зохион байгуулалт”,“Намын орон нутгийн байгууллага”“Намын доторх эрх мэдлийн хуваарилалт” гэсэн 4, 5, 6 дугаар бүлэг нь тус тус нэгтгэгдэж Тавдугаар бүлэг болж өөрчлөгдсөннайруулгын өөрчлөлт орсон./

 

    1. АН-ын үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр, бодлого, шийдвэрийг мөрдөх, төрийн сонгуульд нэр дэвшүүлэх, мөрийн хөтөлбөрийг батлах, түүнийг хэрэгжүүлэх үүрэг бүхий нийслэл, аймаг, дүүрэг, сум, баг, хорооны намын байгууллага байна.
    2. Намын бүх шатны эрх барих байгууллага нь дараах хурлууд байна. Үүнд:
      1. Бүх гишүүдийн;
      2. Намын хорооны;
      3. Намын Их Хурал.
    3. Намын эрх барих дээд байгууллагын чөлөөт цагт дараах төлөөллийн байгууллага бүрэн эрхээ хэрэгжүүлнэ. Үүнд:
      1. Үндэсний Бодлогын Хороо.
    4. Намын удирдах байгууллагын чөлөөт цагт дараах гүйцэтгэх байгууллага бүрэн эрхээ хэрэгжүүлнэ. Үүнд:
      1. Тэргүүлэгчид
      2. Улс төрийн зөвлөл.
    5. Намын бүх шатны байгууллагын гүйцэтгэх удирдлага
      1. Намын Дарга, Дэд дарга, ЕНБД;
      2. Намын дарга, дэд дарга, ХЭГ-ын дарга;
      3. Сумын намын хороо, үүрийн дарга, хэсгийн ахлагч.
    6. Намын хяналтын байгууллага
      1. Үндсэн дүрмийн хороо /ҮДХ/;
        1. Ёс зүй-Сахилгын дэд хороо;
        2. Санхүүгийн хяналтын дэд хороо;
        3. Үндсэн дүрмийн салбар хороо.
    7. Сонгуулийн байгууллага
      1. Дотоод сонгуулийн хороо /ДоСХ/;
        1. Дотоод Сонгуулийн Нутаг Дэвсгэрийн Хороо /ДоСНДХ/;
        2. Дотоод сонгуулийн хэсгийн хороо /ДоСХХ/;
        3. Дотоод сонгуулийн үүрийн хэсгийн хороо /ДоСҮХХ/.
    8. Бүх шатны намын байгууллагын хурлууд нь үйл ажиллагаандаа намын байгууллагын хурлын үйл ажиллагаа, хуралдааны хэлэлцэх асуудал, дэг, товын тухай журмыг удирдлага болгоно.
    9. Намын анхан шатны байгууллага
      1. Сумын намын хороо, Аймгийн төвийн болон 10000-аас дээш хүн амтай сумын багийн үүр, Дүүргийн хорооны намын үүрийг намын анхан шатны байгууллага гэнэ.
      2. Сумын намын хороо нь сумын ИТХ-ын сонгуульд оролцох, мөрийн хөтөлбөр батлах, ИТХ-ын дарга, Засаг даргад нэр дэвшүүлэх, сумын баг, дүүргийн хорооны намын үүр нь тухайн шатны ИНХ-ын дарга, тэргүүлэгчид, Засаг даргад нэр дэвшүүлэх болон Их хурал, ҮБХ, УТЗ, Намын дарга, Нийслэл, дунд шатны намын хороо, хорооны даргын гаргасан шийдвэр, бодлогыг тухайн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх чиг үүрэгтэй.
      3. Намын анхан шатны байгууллага нь тухайн засаг захиргааны нэгжид харъяалагдах АН-ын бүх гишүүдийн хурлаас зохион байгуулагдана. Суманд намын хороо, дүүргийн хороо болон 10000-аас дээш хүн ам төвлөрсөн сумын багт намын үүр байна. Намын анхан шатны байгуулллагын даргын бүрэн эрхийн хугацаа 4 жил байна.
        1. Сумын /аймгийн төвийн сумаас бусад болон 10000-аас доош хүн амтай сум/ намын бүх гишүүдийн хурлаас:
  • Сумын Намын Даргыг сонгох;
  • Сумын ИТХ-ын мандатыг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү тооны гишүүдээс бүрдсэн намын хороог байгуулах /Сумын намын хорооны хурлаас тэргүүлэгч гишүүдийг сонгоно/;
  • Тухайн суманд ногдох Аймгийн намын хорооны гишүүдийг сонгох;

/Сумын намын байгууллагыг жишээ нь: “АН-ын Завхан аймгийн Алдархаан сумын хороо”, “Хэнтий аймгийн Дадал сумын Ардчилсан намын дарга” гэж нэрлэнэ/.

        1. Аймгийн төвийн болон 10000-аас дээш хүн ам төвлөрсөн суманд намын хороо байх ба гишүүний тоо нь сумын ИТХ-ын мандатын тоог 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байна.
  • Сумын намын хорооны гишүүдийг сумын багийн намын үүрийн бүх гишүүдийн хурлаас сонгоно.
  • Сумын намын хорооны хурлаас тэргүүлэгч гишүүдийг сонгоно.
  • Багийн үүрийн бүх гишүүдийн хурлаас тухайн суманд ногдох аймгийн намын хорооны гишүүдийг сонгоно.
  • Сумын намын хорооны даргыг тухайн суманд харьяалагдах саналын эрхтэй бүх гишүүдээс сонгоно. /Сумын намын байгууллагыг жишээ нь: “АН-ын Хөвсгөл аймгийг Мөрөн сумын хороо. АН-ын Дархан-Уул аймгийн Дархан сумын хороо. АН-ын Өвөрхангай аймгийн Хархорин сумын хороо” гэж нэрлэнэ/.
        1. Дүүргийн хороо, 10000-аас дээш хүн ам төвлөрсөн сумын багт намын үүр байна.
  • Намын үүрийн бүх гишүүдийн хурлаас намын үүрийн Дарга, Тэргүүлэгч гишүүдийг сонгоно.

/Баг, хорооны намын байгууллагыг жишээ нь: “АН-ын Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн үүр. АН-ын Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны үүр” гэж нэрлэх/.

        1. Аймгийн сумын 1000-аас дээш хүн амтай багт намын үүр байж болно.
      1. Намын анхан шатны байгууллагын Тэргүүлэгчид нь намын даргыг оруулан нийт 7-15 гишүүнээс бүрдэнэ.
      2. Намын анхан шатны байгууллагын тэргүүлэгчдийн 30-аас доошгүй хувь нь аль нэг хүйсийн төлөөлөл байна.
      3. Шаардлагатай тохиолдолд дотоод сонгууль явуулах Сонгуулийн Хэсгийн Хороо /цаашид “ДоСХХ” гэнэ/ байгуулна.
      4. Сумын Намын дарга нь багийн үүрийн даргыг батламжилна.
      5. Анхан шатны намын байгууллага нь төрийн сонгуулийн санал авах байрны харъяа нутаг дэвсгэрт намын хэсэгтэй байна. Намын хэсгийн зохицуулагчийг сумын намын Дарга, хорооны үүрийн дарга томилно.
      6. Сумын Намын дарга болон хороо, багийн намын Үүрийн дарга нь Үндсэн дүрмийн хүрээнд тушаал шийдвэр гаргана. Сумын Намын дарга нь намын үүрийн Даргыг Үндсэн дүрэм, бусад журмаар заагдсан сонгуульт албан үүргээ хангалтгүй гүйцэтгэж байна гэж үзвэл тодорхой үндэслэл гарган, тухайн намын бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулж асуудлыг хэлэлцүүлэх эрхтэй.
      7. Анхан шатны намын байгууллагын бүх гишүүдийн хурлаас намын Их хурлын төлөөлөгчийг сонгож, намын хорооны гишүүнийг тодруулна.
      8. Намын анхан шатны байгууллагын саналын эрхтэй гишүүд бүх шатны намын Дарга, ҮБХ-ны гишүүн, Нийслэл, дунд шатны намын хорооны гишүүний сонгууль, Ерөнхийлөгч болон бусад төрийн сонгуульд нэр дэвшигчийг тойргийн зарчмаар тодруулахад санал өгнө.
      9. Сумын ИТХ-ын даргад нэр дэвшүүлнэ.
      10. Сумын Засаг даргад намын хорооны даргыг нэр дэвшүүлнэ.
      11. Намд шинээр гишүүн элсүүлэх, бүртгэх, батлах олгох, асуудал нь анхан шатны намын байгууллагын бүрэн эрхэд хамаарна.
      12. Сумын намын хороо болон баг, хорооны үүрийн дарга нарыг дор дурдсанаас бусад тохиолдолд огцруулахыг хориглоно. Үүнд:
        1. ҮДХ-ноос Үндсэн дүрэм болон бусад журам зөрчсөн тухай дүгнэлт гарсан;
        2. Чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан;
        3. Төрийн албанд шилжсэн;
        4. Эрүүл мэндийн шалтгаан.
      13. Намын анхан шатны байгууллага нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:
        1. Татвар төлөлтийг бүртгэх;
        2. Шинэчилсэн бүртгэлийг сар бүр дунд шатны байгууллагад явуулах;
        3. Жил бүр татварын тайлан тавих.
      14. Сумын намын дарга, баг хорооны намын үүрийн дарга нь тухайн сум, дүүрэгт оршин суудаг байна.
      15. Сумын намын дарга, баг хорооны үүрийн даргад нэр дэвшигч нь намд элсээд 1-ээс доошгүй жил болсон байна.

 

    1. Дунд шатны намын байгууллага
      1. Аймаг, дүүргийн намын хороо нь Аймаг, дүүргийн ИТХ-ын сонгуульд оролцох, мөрийн хөтөлбөр батлах, ИТХ-ын дарга, Засаг даргад нэр дэвшүүлэх, Их хурал, ҮБХ, УТЗ, Нийслэлийн намын хороо, Намын даргын гаргасан шийдвэр, бодлогыг тухайн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх намын байгууллага мөн. Аймаг, дүүргийн намын хороог Дунд шатны намын байгууллага гэнэ. /”АН-ын Хан-Уул дүүргийн хороо”, “АН-ын Баянхонгор аймгийн хороо”/
      2. Аймаг, дүүргийн намын хорооны гишүүдийг тухайн шатны ИТХ-ын тойргийн хүрээнд хамрагдах саналын эрхтэй нийт гишүүдийн нууц санал хураалтаар сонгоно. Намын хорооны гишүүний бүрэн эрх 4 жил байна. Намын хорооны гишүүний суудалд төрийн сонгуулийн өмнөх жилээс бусад жилд СоНДХ-ноос тогтоосон хуваарийн дагуу эргэлт /ротаци/-ийн сонгууль явуулна. /Бүрэн эрхийн эхний жилд аймаг, дүүргийн ИТХ-ын тойрогт харгалзах намын хорооны гишүүний 1 суудалд, дараагийн жилд 1 суудалд, гуравдахь жилд 2 суудалд гэх мэт/.
      3. Аймаг, дүүргийн намын хорооны гишүүний тоо нь ИТХ-ын мандатын тоог 4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байна.
      4. Аймаг, дүүргийн намын хорооны гишүүний суудал дээр хариуцлага тооцогдсоноос бусад тохиолдолд дахин сонгогдох эрхтэй.
      5. Аймаг, дүүрэг дэх намын анхан шатны байгууллагад харъяалагдах гишүүн нь тухайн аймаг, дүүргийн намын хорооны гишүүнээр аль ч сумын намын хороо, хороо багын намын үүрээс сонгогдон ажиллаж болно.
      6. Зөвхөн аймаг, дүүргийн намын хорооны гишүүн нь тухайн шатны ИТХ-ын сонгуульд нэр дэвших эрхтэй.
      7. Аймаг, дүүргийн намын хорооны гишүүний суудлын тоог өөрчлөх саналыг дараах тохиолдолд ДоСНДХ-ноос намын даргатай зөвшилцөн Намын хорооны хуралд оруулж хэлэлцүүлж болно. Үүнд:
        1. Аймаг, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч нь аймаг, дүүргийн намын хороонд шууд сонгогдсонд тооцогдох бөгөөд түүний орон гарсан тойрогт нь Аймаг, дүүргийн намын хорооны нэг гишүүн нэмж сонгох;
        2. Аймаг, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тойрог өөрчлөгдөх.
      8. Аймаг, дүүргийн намын хороо нь жилд хоёроос доошгүй удаа хуралдана.
      9. Аймаг, дүүргийн намын хорооны ээлжит ба ээлжит бус хурлыг Намын дарга эсвэл тэргүүлэгчдээс зарлана.
      10. Аймаг, дүүргийн намын хорооны гишүүн чөлөөлөгдөх хүсэлтээ ДоСНДХ-нд албан ёсоор гаргана. Ингэж хүсэлтээ илэрхийлснээр намын хорооны гишүүнээс чөлөөлөгдсөнд тооцож орон гарсан тойрогт ДоСНДХ-ноос нөхөн сонгууль явуулна.
      11. Намын хорооны бүрэн эрх
        1. Намын хорооны хурлаас Намын даргын санал болгосноор намын хорооны дэд даргыг сонгох;
        2. Намын хорооны хурлаас намын Тэргүүлэгч гишүүдийг сонгож, батлах;
        3. Тухайн шатны ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчийг батлах;
        4. Аймаг, дүүргийн ИТХ-ын дарга, Засаг даргад нэр дэвшүүлэх;
        5. Аймаг ба дүүргийн намын хорооны гишүүдээс бүрдсэн бодлогын салбар зөвлөлүүдийг байгуулах.
        6. Тухайн Аймаг, дүүргийн ҮБХ-ны гишүүдээс 1 гишүүнийг нэг жилийн бүрэн эрхийн хугацаатайгаар УТЗ-ийн гишүүнээр сонгох;
      12. Аймаг, Дүүргийн намын хорооны тэргүүлэгчдийн санал болгосноор Үндсэн Дүрмийн Салбар Хороог 7 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр ҮДХ-ноос, аймаг, нийслэл, дүүргийн намын хорооны тэргүүлэгчдийн санал болгосноор Дотоод Сонгуулийн Нутаг Дэвсгэрийн Хороо /цаашид “ДоСНДХ” гэх/-г 7 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр ДоСХ-ноос тус тус байгуулна.
      13. Аймаг, дүүрэгт харъяалагдах УИХ-ын тойргийн мандатын тоонд нийцүүлэн тухайн тойрогт хамаарах саналын эрхтэй намын гишүүдээс ҮБХ-ны гишүүнийг сонгоно.
      14. ҮБХ-ны гишүүн, Нийслэл, аймаг, дүүргийн намын хорооны гишүүний эргэлтийн сонгууль нь тухайн тойрогт хамаарах саналын эрхтэй гишүүдийн дунд явагдана.
      15. Намын хорооны хурлаас шууд ба чөлөөт зарчмаар бүрдэх намын Тэргүүлэгч гишүүдийг сонгож батлана.
      16. Тухайн шатны ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчийг батлана.
      17. Аймаг, дүүргийн ИТХ-ын дарга, Засаг даргад нэр дэвшүүлнэ.
      18. Гишүүн нь өөрийн харъяалагдах болон албан ажил эрхэлдэг нутаг дэвсгэрийн зөвхөн аль нэг намын хорооны гишүүнээр ажиллана.
      19. Дүүргийн Намын хорооны гишүүн нийслэлийн Намын хорооны гишүүнээр сонгогдон ажиллаж болно.
      20. Аймгийн Намын хорооны гишүүн нь сумын намын хорооны гишүүнээр сонгогдон ажиллаж болно.

 

 

Аймаг, дүүргийн намын дарга

 

      1. Аймаг, дүүргийн намын даргыг тухайн засаг захиргааны нэгжид харьяалагдах саналын эрхтэй нийт гишүүдээс сонгох бөгөөд хамгийн олон санал авсан гишүүнийг намын даргаар сонгогдсон тооцно. Аймаг, дүүргийн намындаргад нэр дэвшигч нь тухайн шатны сонгуульт гишүүнээр 3-аас доошгүй жил болсон байна. /”Өмнөговь аймгийн Ардчилсан намын дарга”, “Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын дарга”/.
      2. Аймаг, дүүргийн Намын даргынбүрэн эрхийн хугацаа 4 жил байна. ИТХ-ын сонгуульд өмнөх авсан суудлаа ахиулан хамгийн олон суудал авсан тохиолдолд тухай шатны Намын даргын бүрэн эрх сунгасанд тооцно.
      3. Аймаг, дүүргийн Намын дарга нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:
        1. Намын дарга Үндсэн дүрмийн хүрээнд тушаал, шийдвэр гаргах;
        2. Намын хороог зарлан хуралдуулах;
        3. Дэд даргыг томилуулах, чөлөөлүүлэх саналыг Намын хорооны хуралд оруулах;
        4. Их Хурал, ҮБХ-ны хурлаас гарсан бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх чиглэлийг намын байгууллага, гишүүдэд өгөх;
        5. ИТХ-ын даргад нэр дэвшүүлэх саналыг намын хорооны тэргүүлэгчидтэй зөвшилцөн Намын хорооны хуралдаанд оруулж хэлэлцүүлэх;
        6. Намын хорооны шийдвэрийг үндэслэн, Тэргүүлэгчидтэй зөвшилцсөний дагуу Аймаг, дүүргийн Засаг даргын орлогчид нэр дэвшүүлэх, томилуулах саналыг Засаг даргад уламжилах;
        7. Тухайлсан тойрогт ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчийг тодруулах тухай Аймаг, дүүргийн Сонгон Шалгаруулах Хорооны саналыг ИТХ-ын тойрогт хамрагдах саналын эрхтэй гишүүдээр хэлэлцүүлэх;
        8. ХЭГ-ын даргыг ЕНБД-д санал болгох;
        9. Анхан шатны намын байгууллагын хуралд оролцох;
        10. Намын гишүүдийг шагнаж, урамшуулах;
        11. ҮДХ-ны дүгнэлтээр тогтоогдсон үүрт болон сум, хороо, багийн намын хороо, үүрийн дарга нарт хамаарах дүрмийн зөрчлийг арилгуулах, арилгах үүргээ биелүүлэх;
        12. Үндсэн дүрэм, бусад журамд заагдсан үүргээ хугацаанд нь биелүүлэх, мөрдүүлэх;
        13. Төрийн сонгуульд намыг амжилттай оролцуулах;
        14. Нам нь ИТХ-ын сонгуульд хамгийн олон суудал авсан тохиолдолд Намын Дарга нь Засаг даргад нэр дэвших;
        15. Намыг төлөөлөх эрх бүхий этгээдийн хувьд өөрийн ёс зүй болон үйлдлээр намын нэр хүндийг унагахгүй байх;
        16. Намын Даргыг дараах үндэслэлээр Намын хорооны хурлаар чөлөөлж намын дотоод с&