Д.Үүрийнтуяа: Монгол Улсын хөгжил сумаас эхлэх ёстой

 Ардчилсан залуусын чуулган үргэлжилсээр...

Эх орноо нар зөв тойрон зүүн бүсээс эхэлсэн “Шинэ давалгаа” залуусын чуулган хангайн бүс, баруун бүсүүдэд амжилттай боллоо. Чуулганд оролцсон мянга мянган залуус намынхаа шинэчлэн баталсан үзэл баримтлалтай танилцахын зэрэгцээ улс орны хөгжлийн асуудал, улс төр дахь залуусын оролцооны асуудлаар хэлэлцэж, санал бодлоо солилцсон юм. Улс орны хөгжлийг шинэ шатанд гаргахад шинэ үеийн залуусын оролцоо чухал. Тиймээс ардчилсан нам бодлогын хүрээнд залуусаа дэмжин ажиллаж,  2019 оныг Залуусын хөгжлийг дэмжих жил болгон зарласан. Энэ хүрээнд залуусыг шинэ давалгаанд уриалсан бүсийн чуулганыг орон даяар зохион байгуулж байна. Чуулганд оролцсон залуус орон нутгийн хөгжлийн асуудал дээр өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм. 

 

Бодлого зарчим хэлэлцүүлэг: Орон нутгийн хөгжил?

М.Тулгат /НИТХ-ын төлөөлөгч/: Орон нутагт үйлдвэржилтийг бий болгох нь орон нутгийн хөгжлийг шинэ шатанд гаргахад чухал нөлөөтэй гэж харж байна. Нөгөө талаас ААНОАТ/Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар/ тухайн орон нутаг, дүүрэгт үлдэхгүй байгаа нь орон нутаг үйлдвэржилтийг өөрсөддөө татах сонирхлыг бий болгож чадахгүй байна. Тиймээс татварын тогтолцоог өөрчлөх замаар үйлдвэржилтийг бий болгосноор тухайн орон нутгийн хөгжлийг дэмжих боломж байна.

   Мөн орон нутагт эрх мэдлийг өгөх ёстой. Шийдвэр гаргах төсвийн эрх мэдлийг орон нутагт нь өгөөгүйгээс үүдэн олон асуудлууд тухайн бүс нутагт тулгарч байдаг. Тухайлбал, Өмнөговь аймгийн Ханбогд суманд аймгийн хэмжээнд гарч буй нийт гэмт хэргийн 50 хувь нь гарч байна. Гэтэл тухайн сум орон нутгийн онцлогийг дагасан төсөв хуваарилалт байдаггүй. Яг л бусад сумдынхаа адилаар явж байна. Гэтэл Ханбогдын онцлогийг дагаад нүүрсний зам дээр маш их осол гарч байна. Эмнэлгийн хүрэлцээ муутайгаас маш олон асуудал үүсч байна. Эндээс харахад тухайн орон нутагт шийдвэр гаргах төсвийн эрх мэдлийг өгөх нь чухал юм.

Ё.Цацралтуяа /НИТХ-ын төлөөлөгч/: Төр хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулах шаардлагатай байна. Төрийн хэрэгжүүлж буй зарим үйл ажиллагаа хэт удааширч, хүнд суртал цаашлаад авлигал бий болгодог. Энэ байдлыг арилгахын тулд төр хувийн хэвшлээ дэмжих, уялдаа холбоогоо сайжруулах ажил хийх нь чухал байна.

Ч.Чимид /Увс аймгийн АН-ын дарга/: Хууль эрх зүйн болоод эдийн засгийн нөөц нь орон нутагт бий. Гэхдээ яагаад орон нутаг хөгжихгүй байна вэ? 90 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэж буй сум яг л өмнөх шигээ 1 сургууль, 1 эмнэлэгтэй модон жорлонтойгоо л байна шүү дээ. Үүнийг би хувь хүний хөгжилтэй холбож харж байна. Боловсролтой санаачлагатай хүн орон нутагт дутагдаж байна. Гэтэл өнөөдрийн байдлаар сум орон нутагт ямар ч хэрэгцээ шаардлагагүй сургууль, цэцэрлэг, соёлын төв барьж төсвийн үр ашиггүй зарцуулалтыг хийж, ажил хийсэн нэр зүүх гэсэн хүмүүс л олширсон байна. Орон нутгийн хөгжилд тухайн орон нутгийн иргэдийн санал санаачлагыг тусгасан бүтээн байгуулалт хийх нь хамгийн чухал шүү дээ.

Г.Энхболд /БГД-ийн ИТХ-ын дарга/: Орон нутгийн бие даасан байдлыг бий болгох шаардлагатай. 2012 оноос хойш БГД хөгжлийн тогтвортой бодлого явуулж эхэлсэн бөгөөд хүний хөгжлийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байна. Шаардлагатай гэгдэх эмнэлэг сургуулийн тоог нэмэгдүүлэх олон ажлууд манай дүүрэгт хийгдсэн. Гэсэн ч орон нутгийн хөгжлийг нэмэгдүүлэхийн тулд тухайн орон нутагт төсвийн эрх мэдлийг өгөх шаардлагатай байна. Иргэдийн саналд тулгуурласан бүтээн байгуулалтыг хийх ёстой. Нэг талаас орон нутгийн удирдлага, нөгөө талаас иргэдийн санал нэг цэгт уулзаж байж тухайн орон нутаг хөгжих ёстой.

Д.Одхүү /УИХ-ын гишүүн асан/: Хүн өөрийн өссөн төрсөн нутагтаа аятай тухтай амьдрах, эмнэлэг, сургууль, цэцэрлэг нь хүрэлцээтэй , чөлөөт цагаа өнгөрүүлэх таатай нөхцөл боломжтой байх. Энгийнээр энэ нь л орон нутгийн хөгжил юм. Үүнийг бий болгоход бүсчилсэн хөгжлийн бодлого хэрэгтэй. Эдийн засаг, нийгэм, хүний хөгжлийн суурь бодлогууд үгүйлэгдэж байна. Орон нутгийн хөгжлийн санг илүү боловсронгуй болгох шаардлага ч харагдаж байна. Орон нутгийн хөгжлийн санг тухайн орон нутагт амьдарч буй иргэдэд хэрэгтэй бүтээн байгуулалт хийх боломжийг нь олгохын тулд л гаргаж ирсэн шүү дээ.

Д.Үүрийнтуяа /Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх/: Эдийн засаг, хүний хөгжлийн асуудлыг хамгийн түрүүнд ярих ёстой. Тухайн орон нутагт зориулсан хөгжлийн бодлого, мэргэжилтэй боловсон хүчнийг бий болгох шаардлагатай. Орон нутгийн давуу тал, баялгийг түшиглээд хүний нөөц, боловсон хүчнийг нь шийдээд явбал орон нутагт хөгжих асар том боломж бий. Монгол улсын хөгжил сумаас эхлэх ёстой. Үүний тулд сэтгэлтэй улс төрч, удирдлага тэнд үгүйлэгдэж байна. МАН-ын гишүүдийн идэж уусан ЖДҮХС-гийн хэдэн зуун сая төгрөгөөр орон нутагт ямар бүтээн байгуулалт хийж, хичнээн хүнийг ажлын байраар хангах боломж байв?

Ж.Амарсанаа /Эрүүл мэндийн Дэд сайд асан/: Эдийн засгийн хөгжил, хүний хөгжил гэсэн асуудлыг бид ярих ёстой. Эдийн засгийн хөгжлийн тухайд орон нутагт төсвийн үр ашигтай зарцуулалтыг бий болгох, орон нутгийн хөгжилд хувь хүний оролцоог нэмэгдүүлэх зэрэг асуудал чухал байна. Тухайлбал, Говь-Алтай аймагт Ажийн бор гэх хамгийн амттай ааруул бий. Техник технологийн дэвшлийг ашиглан нутгийн брэнд гаргах боломж байна. Энэ мэтээр орон нутагт эдийн засгийн хөгжлийг авч ирэх маш олон боломжууд харагддаг.

   Хүний хөгжлийн тухайд сум орон нутагт эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тэгш боломж алдагдсан гэхэд болно. Зүрхний шигдээс болсон өвчтөн сумын эмнэлгээсээ эмчилгээ үйлчилгээ авах боломжгүй нөхцөл байдалд амьдарч байна. Тиймээс бүсчилсэн хөгжлийг бий болгох замаар эрүүл мэндийн асуудлыг шийдэх шаардлагатай. Бүсийн оношлогоо эмчилгээний төвийг бий болгох замаар орон нутгийн иргэдэд Улаанбаатар хотод үзүүлдэг эмчилгээ үйлчилгээг үзүүлэх боломжтой болно. Жилд дунджаар 5200 хүн сэргийлж болох өвчлөлөөр амь насаа алдаж байгаа нь бүсийн оношлогоо эмчилгээний төвийг бий болгох зайлшгүй шаардлагатай харуулж байна.

   Үүний дээр эрүүл мэндийн салбарт чиглэсэн бодлого шийдвэрүүд ямар ч эрэмбэ дараагүй явж байгаа нь харамсалтай. Үхлийн шалтгаан болж буй зүрх судасны өвчлөлийг бууруулах тал дээр чиглэх ёстой салбарын бодлого гол асуудлаа тойроод яваад байдаг. Эрүүл шүд хөтөлбөр Монголчуудад хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Гэвч хамгийн нэгдүгээрт тавигдах тулгамдсан асуудал биш юм. Энэ мэтээр засгийн газрын эрэмбэ дараагүй шийдвэрүүд нь Монгол хүний амьд явах баталгаанд нөлөөлж байна шүү дээ.