Баруун нутгийн хоолны соёлыг харуулсан "Food festival"

Ардчилсан залуусын "Шинэ давалгаа" бүсийн чуулга уулзалт үргэлжилж байна.  Баруун бүсийн залуусын чуулга уулзалт энэ сарын 16-19-ний өдрүүдэд Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт орших Улаагчны хар нуурын эрэгт зохион байгуулагдлаа.  Чуулга уулзалтад баруун таван аймгийн залуусаас гадна нийслэлийн Сонгинохайрхан, Баянгол дүүргийн залуусын төлөөлөл бүхий 800 гаруй хүн оролцсон юм. Баруун бүсийн чуулга уулзалтын үеэр спортын болон илтгэлийн тэмцээн, урлагийн наадам зэрэг олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулагдсан.  Үүний зэрэгцээ нутаг, нутгийн хоолны соёл, идээ ундааны онцлогийг харуулсан “FOOD FESTIVAL”-ийг зохион байгуулсан нь онцлог байв.  “FOOD FESTIVAL”-ийн үеэр Өлгийчүүд казаар дайлж, Завханчууд хар нуурынхаа загасаар зоог барьж, олон ястны өлгий нутаг Ховдчууд шинэ ургацынхаа ногооны дээж болох амтат тарвас, жимс, Алтайчууд нутгийн брэнд болсон амтат дарс, ааруул, хуруудаар, Увс нутгийнхан чацаргана тэргүүтнээр оролцогчдыг дайлсан нь сонирхолтой байлаа.

Баруун бүсийн чуулганыг зохион байгуулагч Завхан аймаг хар нуурынхаа загасаар оролцогчдыг дайлсан юм. Ширээ дүүрэн шарсан загас дэлгэсэн Завханчуудын бэлтгэсэн зоогноос амталсан хүмүүс амтыг нь шагшиж байв. Улаагчны хар нууранд академич А.Дулмаа анх загас нутагшуулж байжээ. Харин олон ястны өлгий нутаг Ховдынхон шинэ ургацын ногоо, жимс, цагаан идээгээ дэлгэжээ. Амтат тарвас, байгалийн жимс, төрөл бүрийн ногоо, нутгийн брэнд бүтээгдэхүүнээ өнгө алаглуулан өрсөн нь Ховдын ард түмний хөдөлмөрч, бүтээлчийн илэрхийлэл гэлтэй.  Увс нутгийнхан амтат чацаргана, шарсан нугас, хорхогоор дайлсан бол  Сонгинохайрхан, Баянголчууд  өөрсдийн тарьж ургуулсан төрөл бүрийн ногоо, ТЭСО үйлдвэрийн олон төрлийн бүтээгдэхүүнийг дэлгэсэн юм. Ийнхүү баруун нутгийн хоолны соёлыг дэлгэсэн "FOOD FESTIVAL"-ийн үеэр залуус нутаг, нутгийнхаа идээ, ундааны онцлогийн талаар ярилцаж, жор, технологиосоо хуваалцлаа.