ЭМГЭНЭЛ

Гомбодоржийн Адъяа /1956-2019/

Та бидний дотны хүмүүн Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан Инжээ овогт Гомбодоржийн Адъяа нь хүнд өвчний улмаас 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр таалал төгсөж; бидэнд хүнд гарз тохиолоо.

Адъяа нь 1956 онд Сүхбаатар аймгийн Онгон суманд малчин ард Гомбодоржийн ууган хүү болон мэндэлж бага насаа эцэг эхийн халамжинд өнгөрөөж, улмаар 1974 онд Уралын Политехникийн дээд сургуульд элсэн суралцаж; 1987 онд Монгол Улсын Их сургуулийг математикийн багш мэргэжлээр төгссөн билээ.

Г.Адъяа нь төр, нийгмийн салбарт нийт амьдралынхаа 34 жилийг зориулан ажиллаж; Монгол Улсад өрнөсөн Ардчилсан хувьсгалын салхийг төрөлх нутаг Сүхбаатар аймагтаа түүчээлэн, эрх зүйт төрийн тогтолцоог бий болгоход хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн гавьяатай ачтан.

Тэрээр төрөлх нутаг, ард иргэдийнхээ түвшин сайхан амьдралын төлөө орон нутгийн төр захиргааны болон төрийн үйлчилгээний байгууллагад ажиллаж, хариуцсан ажил, эхлүүлсэн үйл хэрэг бүрээ нэр төртэй биелүүлдэг хамт олны манлайлагч, халамжит хань, үр хүүхдийнхээ ноён нуруу, түшиг тулгуур нь байж чадсан юм. Мөн айл гэрийн ууган хүү; ах хүний түшиг тулгуур нь болж ах дүү төрөл төрөгсдийнхөө бат багана нь байлаа.

Түүний улс эх орныхоо төлөө тасралтгүй 34 жил ажилласан нөр их хөдөлмөрийг үнэлж Боловсролын тэргүүний ажилтан, Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн тэргүүний ажилтан, Ардын хувьсгалын 60, 70, 80 жилийн ойн медалиуд, Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медаль, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 42 дугаар зарлигаар Төрийн ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН цол тэмдгээр тус тус шагнаж байжээ.

Таны минь хүнлэг энэрэнгүй, ноён нуруутай, цэгц шударга зан, тусч уужуу; түмэн олныхоо төлөө гэсэн сэтгэл, эгэл сайхан дүрийг үүрд санан дурсаж үйл хэргийг тань мөнхөд үргэлжлүүлэх болно.

Үр хүүхдийнхээ ачлалт аав, ач зээ нарынхаа хайртай өвөө, ах дүү нарынхаа эрхэм хүмүүн та эх орныхоо ариун хөрс, илчит нарныхаа ивээлд тайван амгалан нойрсдоо.