Б.Баярмаа: Эрч, хүчтэй залуу үе ардчилалаа хамгаалахаар зогсч байгаа нь сайн хэрэг

Ардчилсан нам 2019 оныг “Залуусын хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд “Шинэ давалгаа” залуусын чуулга уулзалтуудыг бүсчлэн зохион байгуулж байна. Хангайн бүсийн залуусын чуулга уулзалт Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт энэ сарын 08-11-ны өдрүүдэд зохион байгуулагдсан юм. Энэ үеэр “Хөвсгөл далайн эзэд” хөдөлгөөний тэргүүн, Хөвсгөл аймгийн АЭХ-ны тэргүүн  Б.Баярмаатай ярилцлаа. Тэрбээр байгаль орчныг хамгаалах  чиглэлээр ТББ байгуулан ажиллаж байгаа бөгөөд үүндээ  амьдралынхаа 10 гаруй жилийг зориулжээ.

- Ардчилсан нам 2019 оныг “Залуусын хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд “Шинэ давалгаа” залуусын чуулга уулзалтуудыг бүсчлэн зохион байгуулж байна. Чуулганы өнгө төрх ямар байна?

-Монголчууд тэртээх 30 жилийн өмнө  хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийг цогцлоон байгуулах сонголтоо хийсэн шүү дээ. Тиймээс ч  Монголын ард түмний хэзээ ч эргэж, буцашгүй сонгосон зам мөр нь Ардчилал юм. Өөрийн Үзэл баримтлал, үнэт зүйлээ тодотгосон улс төрийн хүчин одоогоор Ардчилсан намаас өөр байхгүй байна. Хэсэг бүлэг хүмүүсийн биш нийт ард түмний эрх ашгийг хамгаалдаг хамгийн шударга, сайн тогтолцоо нь  ардчилал учраас бид ардчилалаа хамгаалах ёстой. Хэдийгээр Ардчиллын өмнө тулгамдсан олон сорилт, бэрхшээл байгаа ч бид даван туулж, ардчиллаа бэхжүүлэхийн төлөө тууштай ажиллах зайлшгүй шаардлага тулгараад байна. Ямар ч улс төрийн нам гишүүдээ, сонгогчидоо соён гэгээрүүлэх ажлыг тасралтгүй хийдэг байх нь чухал. Тиймээс ч Ардчилсан нам хийх ёстой ажлаа сайн хийж байна гэж харж байна. Ардчилсан нам залуусаа дэмжиж, тэдэнд боломж олгож, хөгжүүлэхийг зорьж байгаа. Эдгээр ажлын нэг нь бүсийн чуулганууд юм. Монгол орны өнцөг, булан бүрт ажиллаж, амьдарч буй залуус бүс, бүсээрээ чуулж, сургалтад хамрагдаж, санал, бодлоо солилцож, намынхаа Үзэл баримтлал, үнэт зүйлтэй танилцаж байгаа нь чухал. Ардчилсан намд хүчтэй залгамж халаа, шинэ салхи  хэрэгтэй. Эрч хүчтэй залуу үе шинээр давалгаалж, ардчиллаа хамгаалахаар  зогсч байгаа нь сайхан хэрэг.

-Бодлого, зарчим форумын үеэр залуусын оролцооны талаар хөндсөн. Зөвхөн залуус ч гэлтгүй эмэгтэйчүүдийн оролцоо ч хангалтгүй хэвээр байгаа.  

-Ардчиллын амин сүнс, голт зүрх нь иргэдийн оролцоо байдаг. Төрийг удирдахад иргэд оролцох ёстой. Гэвч ардчиллын уураг, тархи нь болсон иргэдийн оролцоо хангалтгүй байна. Ялангуяа эмэгтэйчүүд, залуусын оролцоо санасан түвшинд хүрээгүй хэвээр байна. Цөөхөн байна. Эмэгтэйчүүдийн хувьд амьдралдаа  давхар ачаалал үүрдэг. Тэд зөвхөн улс төр, нийгмийн ажилдаа анхаарал хандуулж чаддаггүй. Гэр бүл, үр хүүхэд, ажил, амьдралаа эн тэнцүүхэн авч явах шаардлага тулгардаг. Энэ давхар ачаалал нь өөрийгөө чадавхжуулахад, улс төрд хүч үзэх боломжийг нь хязгаарладаг. Ялангуяа Монголын улс төр хувь хүнд  маш их санхүүгийн болзлууд тулгадаг. Мөн эмэгтэйчүүдийг дорд үзэх, эрчүүдээс дорой гэх мэт уламжлалт хандлага нийгэмд байсаар байгаа нь ч нөлөөлж байгаа. Эмэгтэйчүүд төдийгүй залууст өөртөө итгэх итгэл, урам зориг, улс төрийн боловсрол, сайн менежмэнт хэрэгтэй. Эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд оролцоотой байх тусам нийгэмд хэрэгтэй шийдвэрүүд гарна. Монгол Улсын нийт хүн амын талаас илүү хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Гэтэл эмэгтэйчүүдийн эрх ашиг төрийн бодлого, шийдвэрт тусгалаа олохгүй байгаа нь шударга бус явдал. Эмэгтэйчүүдийн оролцоо хангалтгүй байснаар Ардчиллын хамгийн үнэт зүйл болсон тэгш эрхийн зарчим хэрэгжихгүй байна. Ардчиллыг Монгол Улсад бэхжүүлэхийн төлөө явж л байгаа юм бол нийт хүн амын талаас илүү хувийг эзэлж байгаа эмэгтэйчүүд улс төрд эн тэнцүү тэгш эрхтэйгээр оролцох боломжийг нь олгох ёстой.

-Та аймгийнхаа эмэгтэйчүүдийн холбоог тэргүүлэхээс гадна байгаль орчны чиглэлээр ажилладаг юм билээ.  Тэр тусмаа байгаль орчны ардчиллыг бэхжүүлэх чиглэлд 10 гаруй жил ажилласан гэж сонссон. Байгаль орчны ардчиллын тухай сонирхмоор байна?

-Байгаль орчныг хамгаалах чиглэлээр 2004 онд ТББ байгуулсан. Түүнээс хойш 15 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.  ТББ-ын маань үндсэн зорилго  бол Хөвсгөл нуурын унаган төрхийг хэвээр хадгалах, нутгийн иргэдийн эрхийг хамгаалах юм. Үүний зэрэгцээ бид байгаль орчны ардчиллыг бэхжүүлэх чиглэлд түлхүү анхаарч ирсэн. Индонези улсад зохион байгуулагдсан НҮБ-ын Ассамблейн хурлын үеэр анх удаа  байгаль орчны ардчиллыг бэхжүүлэх асуудал хөндөгдсөн байдаг. Улмаар тухайн улс оронд байгаль орчны ардчилал ямар түвшинд төлөвшиж байгааг үнэлж, дүгнээд дэлхий нийтэд мэдээлдэг болсон юм. Бид олон улсын аргачлалаар Монгол Улсын байгаль орчны ардчилал ямар түвшинд байгааг үнэлсэн. Үр дүнд нь  байгаль орчны ардчилал Монгол Улсад хангалтгүй байгаа нь харагдсан. Байгаль орчны мэдээлэл хэр нээлттэй байна вэ, мэдээлэл ил тод байх хангалттай хуулийн орчин байна уу, хуулиа хэрэгжүүлж байна уу гэдэг шалгуураар байгаль орчны ардчилал ямар түвшинд байгааг үнэлдэг. Мөн иргэдийн оролцоо, байгаль орчны эрхийг шүүхээр хамгаалуулах хуулийн боломж байна уу, хуулийн хэрэгжилт нь ямар түвшинд байгаа зэрэг шалгуурыг харгалздаг. Харамсалтай нь Монгол Улсад энэ бүхэн хангалтгүй байна. Байгалийн нөөцийг маш их хэмжээгээр зүй зохисгүй  ашиглах шийдвэрүүд гардаг. Хариуцлагагүй, замбараагүй уул уурхай үйл ажиллагаа явуулж байгаа энэ цаг үед байгаль орчны ардчиллыг бэхжүүлэх нь онцгой ач холбогдолтой. Байгаль орчны мэдээллийг ил тод,  нээлттэй болгож, иргэд олон нийтийг бодит мэдээллээр хангах эрхийг хуулиар баталгаажуулж хэрэгжүүлэх нь чухал. Мөн байгаль орчны талаарх аливаа шийдвэрүүдэд иргэдийг оролцуулах, эрх нь зөрчигдсөн тохиолдолд иргэдийн эрхийг шүүхээр хамгаалуулах гэсэн гурван зорилгын хүрээнд бид ажиллаж байна.

-Байгаль орчны засаглалыг сайжруулах чиглэлээр яаж ажилладаг вэ?

-Бид “Ногоон од” хөтөлбөрийг хэрэгжүүлдэг юм. Байгаль орчны засаглалыг сайжруулахын тулд байгальд ээлтэй улс төрчдийг сонгон шалгаруулж, “Ногоон од”-ыг өргөмжилдөг.  УИХ-аар батлагдаж байгаа хуулиудаас хэд нь байгаль орчинд ээлтэйг тодорхойлоод УИХ-ын гишүүд ямар санал өгснийг нь үндсэн шалгуур болгоод УИХ-ын гишүүд бүрэн эрхээ байгаль орчны төлөө хэр оновчтой ашиглаж байгааг харгалзаж үздэг юм.  Хэрэв таны сонгосон УИХ-ын гишүүн байгаль орчинд халтай гэдэг ангилалд хамаарсан байвал дахин сонгохгүй байх замаар хариуцлага тооцох боломжтой. Энэ мэтчилэн бид нийгмийн хариуцлагын аргачлалыг хэрэгжүүлдэг. “Ногоон од” хөтөлбөрийн хүрээнд байгаль орчны хууль тогтоомжуудын үнэлгээг гаргадаг. Харамсалтай нь энэ парламент бүрдсэнээс хойш байгаль орчинд ээлтэй нэг ч хууль, тогтоомж гаргасангүй. Тиймээс ч энэ удаагийн парламент байгаль орчинд хамгийн халтай нь. Учир нь байгаль орчны нөөцийг хяналтгүйгээр, үр ашиггүйгээр, эмх замбараагүйгээр зарцуулах хуулиудыг маш олноор нь баталж байгаа нь харамсалтай. Төр засагт бид удаа дараа шаардлага хүргүүлсэн. Харамсалтай нь БОНХЯ нь ч санаачлагатай ажиллахгүй байна, УИХ дахь Байгаль орчны байнгын хороо ч хангалттай ажиллахгүй байна.

-Иргэдийн эрхийг хамгаалах тал дээр хэрхэн ажилладаг вэ?

-Байгаль орчны хэргүүдийг шүүхээр нэхэмжлэх, хариуцлага тооцуулах чиглэлээр стратегийн бүхий л чиглэлийн ажил хийдэг. Мөн иргэдийг соён гэгээрүүлэх чиглэлд ажилладаг. Байгаль орчны хэргүүдийг шүүхээр нэхэмжлэх тал дээр манай ТББ-ын бий болгосон сайн туршлагууд бий.  Тухайлбал, Хөвсгөл аймгийн Бүрэнханд  фосфоритын стратегийн орд байдаг. Хууль бусаар ашиглалтын хоёр, хайгуулын зургаа буюу нийт найман лиценз авсан “Талст маргад” компанийг шүүхэд өгч, гурван шатны шүүхийн шийдвэрээр найман лицензийг цуцлуулсан. Түүнчлэн байгаль хамгаалах иргэний хөдөлгөөний эвсэлтэй хамтраад Дорнод аймгийн Матад сумын нутагт олборлолт явуулдаг БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Петро чайна дайчин тамсаг” компанийг орон нутагт маш их хэмжээний тоосжилт үүсгэж, тус сумын иргэдийн эрхийг зөрчиж, байгаль орчинд хохирол учруулсан гэдэг үндэслэлээр иргэний шүүхэд өгч байсан. 1.3 тэрбум төгрөгийг шүүхээр шийдүүлж, Матад сумын төсөвт оруулж байсан. Энэ мэтчилэн нийтийн эрх ашгийг өмгөөлөх стратегийн өмгөөллийн хүрээнд бий болгосон сайн жишээнүүд бий. Хөвсгөл аймаг уул уурхайгаас ангид хөгжөөсэй гэж хүсдэг. Усны  хамгийн их нөөцтэй, үзэсгэлэнт байгальтай үнэ цэнэтэй нутаг бол Хөвсгөл. Тиймээс ч байгалийн болон соёлын аялал жуулчлал хөгжих бүрэн боломжтой. Аялал жуулчлал, мал аж ахуйгаа түшиглэн хөгжих боломжтой. Харамсалтай нь Австралийн хөрөнгө оруулалттай “Асфайр майнинг” компани Могойн голын уурхайн лицензийг хууль бусаар ашиглаж, эзэмшиж байгаа.  Тэд лицензээ авсан цагаасаа эхэлж Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчиж ирсэн. Тиймээс ч нутгийн иргэд “Асфайр майнинг” компанийн үйл ажиллагааг хүлээн зөвшөөрдөггүй. Энэ их том талбайд коксжих нүүрсний олборлолт хийгдэх юм бол Булнайн нуруу гэж байгалийн дахин давтагдашгүй үзэсгэлэнт газрын эко систем бүхэлдээ алдагдана. Булнайн нуруунаас эх авдаг Тэсийн гол, түүний сав газрын унаган төрх алдагдаж, нутгийн иргэдийн эрх ноцтой зөрчигдөнө. Тиймээс ч “Асфайр майнинг” компанийн үйл ажиллагааг нутгийн иргэд болон манай ТББ эсэргүүцэж, тэмцсээр байна. Бидэнд олон жилийн туршлага байгаа учраас нутгийн иргэдтэй хамтран ажиллаж байгаа.