Хонхны дуу Биднийг сэрээ

Урьд шөнө хар дарж зүүдэллээ
Урт гар намайг зовооно
Хэлэх үгийг минь боогдуулж
Харах нүдийг халхална
Аз болж хонх дуугарлаа
Арай ядан нойрноос сэрлээ
Хонхны дуу биднийг сэрээ сэрээ
Хонхны дуу биднийг сэрээ
Хонхны дуу биднийг сэрээ сэрээ
Хонхны дуу биднийг сэрээ

1989 оны 12 дугаар сарын 10-ны өдөр. Олон Улсын  Хүний эрхийг хамгаалах   өдрийг тохиолдуулан  Залуучуудын Соёлын төвийн өмнө болсон улс төрийн цуглааны индэр дээрээс  Монголын Ардчилсан Холбоо  байгуулагдсаныг анх удаагаа зарлан тунхагласан билээ. Ийнхүү Ардчилсан хувьс­галын дуу хоолой  орон даяар цуурайтаж,  “Хонх”-ны дуугаар улс төрийн тэмцэлд  ард түмнээ сэрээсэн түүхтэй.  Энэ өдрөөс хойш “Хонхны дуу” хаа сайгүй эгшиглэж, эрх чөлөө, хүний эрхийн сүлд дуу болов.

“Хонх” хамтлагийнхан Монгол Улсынхаа өнцөг булан бүрт хүрч, ардчилсан хувьсгалын гал дөлийг  бадрааж,  эх орон даяар   “Хонхны дуу”-г  цангинуулсаар... Энэ үеэр “Хонх” хамтлагийн дуучин С.Цогтсайханд гэж хаягласан нэгэн захидал иржээ. Захидалд “Цогтсайхан ах аа, Та яагаад МоАХ-нд элссэн юм бэ” хэмээн асуусан гэдэг. Хариуд нь тэрээр “Ардчилал” сонинд нийтлэл бичжээ. “Манай амьдрал  өөдлөхгүй байгаа  тухай ард түмэн их ярьдаг байлаа. Гэхдээ бид гэртээ чанга дуугаар, гудамж талбайд зөөлөн дуугаар, ажлын газартаа шивнэж ярьдаг байсан. Өөрөөр хэлбэл Монгол хүн үнэнийг ярих эрхгүй бүтэн жарны нүүр үзсэн дээ.

Гэтэл МоАХ айдсын үүлийг хага яран гарч ирсэн...Эрх чөлөөгөө чухалчилъя. Айдсын хар үүлийг хага ярж үнэний гэгээ тусгасан МоАХ эрх чөлөөтэй, эрүүл ухаантай, үнэнийг ярьж чаддаг, үнэнээр амьдарч чаддаг хүний дайтай хүн явахыг хүссэн юм.  МоАХ-нд гишүүнээр элссэн учир гэвэл ийм байна” хэмээн бичсэн байдаг. С.Цогтсайханы үзэг нь хурц, үг нь үнэн байлаа. Тэрбээр  үнэнийг хэний ч өмнө гараад хэлж чаддаг байхыг хүссэн. Тэр эрх чөлөөг ард түмэндээ авчирсан. Харин энэ эрх чөлөөний төлөөх тэмцэл 26 жилийн дараа хүсч мөрөөдсөн хүсэл, зорилгыг маань биелүүлэх хэмжээнд байж чадаж байна уу.

12 дугаар сарын 06-ны өдөр бол Монголын ардчиллын төлөөх намууд нэгдсэн Ардчиллын түүхэн өдөр. Тийм учраас ардчиллын дууч болсон С.Цогтсайхан агсныг заавал нэхэн дурсдаг билээ. 

 2014 оны энэ өдөр С.Цогтсайхан агсныг 1990-ээд оны жавар тачигнасан ч улс төр бужигнасан  “халуун” өдрүүдэд гитараа бариад дуулж явсан төрхөөр нь мөнхөлж, хөшөөг нь босгосон. 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нарын санаачлагаар боссон энэ хөшөөний нээлт ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн босгон дээр болсон билээ. 

Нээлтийн үеэр “Ардчиллын дуу хоолой, ардчиллын дууч шувуухай болж явсан “Хонх” хамтлагийн үүсгэн байгуулагч, ахлагч, ардчиллын сүлд дуу болсон “Хонхны дуу”-г зохиож, дуулж, тэмцэлд босч, бүхнийг уриалан дуудаж  явсан С.Цогтсайхан агсандаа зориулж “Ардчиллын өндөрлөг” хөшөөт цогцолборыг барьж байгуулах ажилд гар, бие оролцсон бүх хүнд талархал илэрхийлье. Зуун дамжсан суут бүтээл гэдгийг бид бүгдээрээ хүлээн зөвшөөрдөг. “Хонхны дуу”-гаар бид зоригжиж, урам авч, ардчилсан хувьсгалын төлөө хүн бүрийн зүрх хамтдаа цохилж байсан гэдэгт бүгд санал нийлэх биз ээ. Энэ хөшөө ардчилсан хувьсгалын 25 жилийн түүхийг хойч үедээ өвлүүлж үлдээх томоохон бүтээл болно гэдэгт эргэлзэхгүй байна. Ардчилсан хувьсгалын партизанууд, үе, үеийн хамтран зүтгэгч, журмын нөхөдтэйгээ энэхүү хөшөөний өмнө уулзаж байгаадаа сэтгэл өндөр байна” хэмээн ардчилсан хувьсгалын анхдагчдын нэгэн   С.Эрдэнэ  хэлсэн билээ.

 Ардчиллынхан жил бүрийн 12 дугаар сарын 06-нд энэ хөшөөнд хүндэтгэл үзүүлж, бас нэг дор цуглан өөрсдийн тэмцэж явсан он жилүүдийг дурсаж, Хонхны дуугаа хамтдаа дуулдаг уламжлал тогтжээ. 

С.Цогтсайхан агсан бол 1989 оны эхээр  “Би дуугүй байж чадсангүй”, “Рашаантын-18”, “Өршөө”, “Бидний араншин”, “Хонхны дуу”, “Би ажилгүй хүн”, “Цаасан малгай”, “Албан тасалгааны цонхоор” зэрэг дуугаараа ард олноо эрх чөлөөнд уриалан сэрээж байсан бол чөлөөт зах зээлийн системд буй Монголын нийгмийн болж бүтэхгүй зүйлсийг ч уран бүтээлээрээ дамжуулан эрх баригчдад дуулгаж байсныг хэн бүхэн мэднэ. Түүний “Тэнэмэл жаалууд”, “Мөнгө”, “Нутгийн уулс зэрэг дуунууд уул уурхайг шүүмжилж, ард иргэдийн амьдралын үнэн дүр төрхийг өгүүлж байдаг юм. 

Түүний бүтээлийн үнэ цэнийг үнэлж, Хонхны дуунд Монгол Улсын Төрийн соёрхолт хүртээсэн.  Ерөнхийлөгч “Хонхны дуу “ирээдүйд ч ач холбогдлоо алдахгүй, хэдэн үеийг нийгмийг шинэ зүйлд дуудсан мөнхийн бүтээл байна. Энэ агуулгаар “Хонхны дуу”-нд Төрийн соёрхол хүртээж байна“ хэмээн онцолж байлаа. Хонхны дуу бол Ардчиллын сүлд дуу гэдэгтэй хэн ч маргахгүй нь үнэн билээ. Цаашдаа олон олон шинэ бүхэнд уриалан дуудах уриа дуудлага  нь байх нь тодорхой
...Бүлээн наран элчээрээ
Бээрсэн толгодыг гэсгээнэ
Бэлгэдлийн хонх нь эгшгээрээ
Нойрноос бүгдийг сэрээнэ
Өглөө намайг сэрээсэн
Өнгөлөг хонхны дуу
Өртөөлөнхөн цуурайтсаар
Өргөн талыг туулаарай
Аяа бэлгэдлийн минь хонх
Бидний хүслийг түгээгээрэй
         Хонхны дуу хүслийг түгээ түгээ
         Хонхны дуу зоригийг бадраа
         Хонхны дуу хүслийг түгээ түгээ
         Хонхны дуу зоригийг бадраа...