А.Байганат: АН-ын явуулж байсан бодлого, хийж байсан ажлыг иргэд үгүйлж байна

Баян-Өлгий аймгийн АН-ын ХЭГ-ын дарга А.Байганаттай орон нутгийн хөгжлийн асуудлаар ярилцлаа.

-Баян-Өлгий аймгийн хөгжил цэцэглэлт хаана явна вэ? Сүүлийн жилүүдэд хийгдсэн бүтээн байгуулалтын ажил юу байв? 

Сүүлийн жилүүдэд манай аймагт энэ гээд хэлэхээр бүтээн байгуулалт хийгдсэнгүй. Тодруулбал сүүлийн 3 жил буюу МАН засгийн эрх авснаас хойш аймгийн хэмжээнд бүтээн байгуулалт гэхээр ажил нэг ч хийгдсэнгүй. Аймгийн төв Өлгийд хэдэн км зам тавьж байгааг эс тооцвол. Энэ замын хувьд ч мөн 2012-2016 онд Ардчилсан нам засаг барьж байх үед зураг төслийг нь гаргаад бүх зүйл нь бэлэн болчихсон байсан. Гэвч өнөөдөр л энэ зам тавигдаж эхэлж байна.  

-Энэ хугацаанд Баян-Өлгий аймгийн иргэдийн амжиргаа хэр дээшилсэн бэ?  

Иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтсон байдалтай л байна. Энэ нь зөвхөн Баян-Өлгий бус бусад аймгуудад ч харагдаж байгаа шүү дээ. Сумдад иргэдийн амжиргааны түвшин улам бүр дордсоор байна.

-Аймгаас сонгогдсон зарим УИХ-ын гишүүд иргэдэд амласан амлалтаа биелүүлэлгүй өнөөдрийг хүрсэн тухай зарим иргэд ярьж байна. Тухайлбал үерийн амны хаалт, хямд орон сууц зэрэг асуудлыг ярьж байна.

Баян-Өлгий аймагт хоёр жил дарааллан үер буусан. 4, 9, 13-р багуудад жил дарааллан үер бууж, тухайн үед үерийн амны хаалт барих ажлын тендер нь зарлагдаад мөнгө нь хувиарилагдаад явж байсан. Гэтэл дахин тендерийн мөнгийг нь олголгүй байж байгаад, МАН-ын үед ажил нь зогссон. Өөр шинэ тендерүүд зарлаад явчихсан, нөгөө ажил нь гацчихсан байдалтай л байна. Зарим нэг компаниуд хийсэн ажлынхаа мөнгийг авч чадаагүй зэрэг олон асуудлууд байна.

-Өнгөрсөн хугацаанд гацсан ажлуудаас өнөөдөр аймгийн төвийн замын ажил л эхэлсэн байна. Гурван жилийн өмнө зураг төсөл нь гарсан ажил өнөөдөр эхэлж байгааг харахад сонгуулийн уур амьсгал орж байна уу?

АН засаглаж байхдаа бүх зураг төсөл нь батлагдчихсан ажил 3 жил дарагдаад өнөөдөр хийгдэж байгааг харахад тэгэж хэлж болно.

-Аймгийн хэмжээнд ажилгүйдлийн түвшин ямар байна ?

Ажилгүйдлийн түвшин дээд зэрэгтээ хүрээд байна. Төрийн албан хаагчдыг намаар ялгаварлаж халаад, МАН-ын гишүүдээ ажилд томилчихсон. Шинээр ажлын байр бий болсон ганц ч зүйл байхгүй. Харин саяхан Мурат гишүүн цементний үйлдвэр барьж ашиглалтанд оруулснаар багагүй ажлын байр бий боллоо. Эрчим-Өлгий компани хувийн хөрөнгөөрөө цементний үйлдвэр барьж байхад ЗГ хөрөнгө оруулалтаа Ховдруу татсан нь Баян-Өлгий аймгийн иргэдийг ажилтай орлоготой болгох тал дээр анхаарахгүй байгааг харуулж байна. Ерөнхий сайд цементний үйлдвэрийн хөрөнгийг  Ховд аймагт хуваарилсан байдаг.

-2012-2016 он АН засаг барьж байхад Баян-Өлгий аймагт ямар ажил хийгдэж байв?

Тухайн үед аймгийн төвд бүтээн байгуулалт маш ихээр хийгдэж байсныг Баян-Өлгийн иргэн бүр хэлэх байх. Гүүр, замын шинэчлэл, сургууль, цэцэрлэг, дотуур байр гээд хэрэгцээ шаардлагатай бүтээн байгуулалтууд хийгдсэн нь өнөөдөр ч үр шимээ өгч байна. Өлгий сумын төвийн 1, 2 дугаар цогцолбор сургууль шинээр баригдаж ашиглалтанд орсон. Иргэдийн амьдралыг сайжруулах чиглэлд ч нэлээд ажлууд хийгдсэн. Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хийгдсэн олон ажлуудыг дурдаж болох байх. Хүүхдийн мөнгийг ялгаваргүй олгож байсан, оюутны 70 мянган төгрөгийн тэтгэлэг зэргийг одоо иргэд үгүйлж байна шүү дээ. Хөдөө сумдаар ажиллаж явахад энэ талаар иргэн бүр ярьж байсан шүү.

-Иргэд ажилгүй орлогогүй байхад танай аймгаас сонгогдсон хоёр ч гишүүн ЖДҮХС-аас зээл авсан асуудал гарсан?

Яг үнэндээ жирийн иргэд ЖДҮХС-гаас хөнгөлөлттэй зээл авч, бичил бизнес эрхлэх хүсэл маш их байна. Гэвч бодит байдал дээр тэр мөнгө нь олддоггүй. Үүний учир нь ч тодорхой боллоо. Манай аймгаас 3 гишүүн их хуралд сонгогдсоны хоёр нь МАН-аас сонгогдсон байдаг нь Х.Баделхан Г.Солтан нар юм. Гэтэл хоёулаа ЖДҮХС-гаас тэрбумаар нь зээл авчихсан. Солтан гишүүн сая сумдаар өдөрлөг хийгээд явсан. Тэр үеэрээ иргэдэд 20 мянган төгрөг тараасан байналээ. ЖДҮХС-гаас авсан мөнгөө иргэдийн саналыг худалдан авахад зориулж байгаа нь үнэхээр харамсалтай санагдаж байна. Ингэж мөнгө тараахын оронд тэр мөнгөөрөө суманд нэг бүтээн байгуулалт, үйлдвэр байгуулчихсан бол хэдэн хүн ч гэсэн тогтвортой ажлын байраар хангагдаж орлоготой болох байлаа шүү дээ.

Ярилцсанд баярлалаа.