Ц.Туваан: Таван бүсийн чуулганаас нэгтгэж гаргасан залуучуудын саналыг бодлогын баримт бичигтээ тусгана

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц. Туваантай намын үзэл баримтлал, залуучуудын хөгжлийн бодлогын талаар ярилцлаа. 

-Ардчилсан нам залуучууд руу чиглэсэн олон үйл ажиллагаа зохион байгуулж байна. Заримаас нь онцолно уу?


-Энэ онд ардчилсан хувьсгалын 30 жилийн тэгш ой тохиож байна. Энэ хүрээнд Ардчилсан нам энэ жилийг “Залуучуудын хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Ингээд энэ зуны туршид Монгол Улсын 21 аймаг есөн дүүргийг баруун, зүүн, говь, төв, хангай гэсэн таван бүсэд хувааж, бүсийн чуулганыг зохион байгууллаа. Одоогоор зүүн, хангай, баруун бүсийн чуулган амжилттай болсон байна. Энэ удаад төвийн бүсийн чуулганаа хийх гээд бэлтгэл ажлаа хангаж байна даа.

-Намын бодлогын түвшинд залуучуудын хөгжлийг дэмжих чиглэлд ямар бодлого барьж ажиллаж байна вэ?


-1989, 1990 оны ардчилсан хувьсгалыг тухайн үеийн сэхээтэн залуус манлайлж, олон мянган залуус, оюутантай хүч хавсарч хийсэн байдаг.

Яагаад ч юм ардчилал гэдэг үг залуу гэдэг үгтэй утга ойролцоо сонсогддог. Залуучууд маань ч ардчиллыг дэмжсээр ирсэн. Нөгөөтэйгүүр, Монгол Улс залуучуудын орон учраас тэдэн рүү чиглэсэн бодлогыг түлхүү явуулахаар зорьсон. Энэ бол Ардчилсан намын шинэчлэлийн ажлын салшгүй хэсэг. Үндэсний бодлогын хороонд гэхэд 380 гишүүн байгаагийн 39 хүртэлх насны залуус заавал 76 байхаар квотолж оруулсан. Мөн намын дэргэдээ “Ардчилсан оюутны холбоо”-г нэмж дүрэм, бүтэцдээ оруулж байгуулсан. Энэ хүрээнд 2017 оны тавдугаар сарын 21-нд “Ардчилсан оюутны холбоо” дүрэмтэй болж, анхдугаар чуулганаа хийсэн. Үүнээс хойш Монголын хамгийн том оюутны байгууллага болчихсон АЗХ-ны ах нартайгаа мөр зэрэгцэн ажиллаад явж байна.

-Бодлогын нам гэдгийн цаад утга нь үзэл баримтлалтай нам байна гэсэн утга илэрхийлж байгаа гэсэн?


-Ардчилсан намын шинэчлэлийн гол концепц нь бодлогын нам байна гэсэн зорилго. Фракц, хуваагдалтай нам гэсэн шүүмжлэлийг манай гишүүд болон ард түмэн ярьдаг байсан. Энэ байдлаасаа татгалзаж бодлогын нам болохоор шийдвэрлэсэн. Энэ үгийн цаана Ардчилсан намын үзэл баримтлалын шинэчлэлийн асуудал яригдаж байсан. Бид гурван ажлын хэсэг дамнуулж, нэг жил зургаан сарын хугацаанд улс орон даяар намын гишүүдээр хэлэлцэж, улмаар намын IX Их хурал дээр Үзэл баримтлалаа шинэчлэн баталсан. Үзэл баримтлалын үндсэн амин сүнс бол Ардчилсан намын бэлгэ тэмдэг болсон ЭРХ ЧӨЛӨӨ гэсэн хоёр үгэнд багтсан гэж ойлгож болно. Манай нам баруун төвийн нам байна гэдгээ үзэл баримтлалдаа мөн зарласан.

-Баруун төвийн намын баримталдаг зарчим нь юу вэ?


-Баруун төвийн нам нь хувь хүний, эдийн засгийн, шударга ёсны, хуулийн, үндэсний эрх чөлөөг дээдэлдэг. Тиймдээ ч энэ таван том концепцэд үзэл баримтлал маань багтаж, маш эмх цэгцтэй хэн ч уншсан ойлгохоор хэмжээнд боловсруулсан. Таван бүсийн чуулганд нийтдээ 5000 гаруй залуус оролцож байгаа. Тэдэнд үзэл баримтлалаа маш сонирхолтой буюу интерактив байдлаар сургалтаа манай залуу сургагч багш нар зааж байгаа. Сургагч багш нар маань гэхэд Ардчилсан намын ирээдүй болсон гаднын их, дээд сургуульд магистер, докторын зэрэг хамгаалсан мундаг боловсролтой залуучууд байна. Чуулган гэхээр нэг хэвшмэл ойлголттой болж, залуучуудын дийлэнх нь залхсан, нойрмоглосон байдалтай болдог байсан. Харин энэ удаагийнх маш идэвхтэй оролцоотой, сонирхсон, шинэ мэдээлэл солилцсон хэв маягаар явагдаж байна.

-Нэг хэсэг завсарлаад байсан эргэлтийн сонгуулийг Ардчилсан нам дахин зохион байгууллаа. Үүгээр олон мундаг залуу гарч ирсэн харагдсан?


-Ардчилсан намын дүрэмд ротаци буюу эргэлтийн сонгууль байдаг. Гэвч энэ сонгууль тодорхой шалтгааны улмаас долоо орчим жил завсарласан. Энэ нь Ардчилсан нам цус сэлбэх цаг хугацаагаа төдий хугацаанд алдсан үйл явдал байлаа. Гишүүдийн зүгээс ч энэ тал дээр маш шүүмжлэлтэй хандаж ирсэн. Ингээд ротацийг тогтмол явуулахаар болсон. Гишүүдтэйгээ уулзаж, өөрийн зорилгоо танилцуулж, өрсөлд. Ингээд хэн гарч ирсэн нь Ардчилсан намын ҮБХ-нд орно. Бодлогын хороонд орсны дараа салбарын бодлогын зөвлөлд хуваагдаж, өөрсдийн мэргэжил, ажлын туршлагын дагуу тухайн салбарыг цаашид хэрхэн хөгжүүлэх чиглэлд ажиллана. Ингэж явсаар улс төрийн сонгуульд орохдоо ямар мөрийн хөтөлбөрөөр орохоо ярилцана. Энэ бол бодлого ярьдаг бодлогын нам болно гээд байгаагийн гагцхүү тайлбар, хариулт, бүтэц нь.

-Таван бүсийн чуулганаас гарах үр дүн, хүлээлт юу вэ?


-Чуулганыг яагаад бүсчилж хийж байна вэ гэхээр, нэгдүгээрт, тухайн залуус рүү ойртох, хоёрдугаарт тухайн бүс нутгийн асуудал, ялангуяа залуучуудад ямар зүйл тулгамдаж байгаа талаар сонсох. Мөн өөр хоорондоо танилцах, мэдээлэл солилцох олон боломж нээгдэж байгаа. Мөн чуулганаар урлаг спортын болон оюун ухаан сорьсон олон тэмцээнийг зохион байгуулж байна. Гурав хоногийн хугацаанд хөтөлбөрүүд арай ядан багтсан чуулган болж байна даа.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж байгаа энэ үед залуучууд бас үүнд дуу хоолойгоо өргөж байгаа гэсэн. Тэд ямар байр суурьтай байна вэ?


-Улс төрийн нам учраас Үндсэн хууль буюу эцэг хуулийн өөрчлөлтийн талаар санал солилцсон. Залуучууд маань жалга довны гэж шүүмжилдэг жижиг мажоратор тогтолцоо дангаараа явах нь сөрөг үр дүнтэй байна. Төсөв гэхэд 76 задарч байна. Тухайн орон нутгаас сонгогдсон гишүүн амлалтаа биелүүлэхийн тулд янз бүрийн үр ашиггүй төсөл санхүүжүүлж байна гэх мэтчилэн шүүмжилж байна. Хамгийн гол нь, энэ нь улсын хэмжээний бодлого явуулах боломжгүй байдал үүсгэж, тархай, бутархай шинжийг бий болгож байна гэж залуус хэлж байна. Мөн хүйсийн төлөөлөл дээр гэхэд бүсгүйчүүд эмэгтэй гишүүдийн тоог нэмэх хэрэгтэй гэж хэлж байсан. Тооны хувьд төлөөллийг нь тэгш байлгах асуудлыг ч хөндсөн. Жишээ нь, 80 мянган хүн амтай аймагт гурван мандат байхад 230 мянган хүн амтай дүүрэгт ердөө дөрвөн гишүүн байдаг. Нэг гишүүн нь хөдөөд 30, нөгөө гишүүн нь хотод 80 мянган хүнийг төлөөлж байна л даа. Энэ бол тэгш бус байдал. 
Таван бүсийн чуулган дууссаны дараа нэгдсэн байдлаар дүгнэлт гаргаж, улс төрийн шийдвэр гаргана. Залуучуудын санал хүсэлт ямар байгааг харуулах, улмаар асуудлыг нь шийдвэрлэхэд анхаарна. Намын дүрмэнд болон хуулинд, эсвэл Ардчилсан намын мөрийн цаашдын хөтөлбөр, бодлогын баримт бичигт залуучуудын үзэл бодлыг тусгах юм.

Эх сурвалж: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН 

Сэтгүүлч: Б.БЯМБАСҮРЭН