С.Амгаланбаатар: Залуус шинэ Ардчилсан намыг бий болгохоор ажиллаж байна

-Шинэ давлагаа-Андууд чуулган гэж нэрлэсний учир юу вэ?


-Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хурлын шийдвэрээр 2019 оныг “Залуучуудын хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Мөн Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбооноос “Андууд” санаачилгыг эхлүүлээд гурван жил болж байна. Андууд санаачилгын хувьд өнгөрсөн жилүүдэд “Андууд нэг гэр бүл”, “Андууд илгээлтийн эзэн” төсөл, “Андууд сургалт хөгжлийн хөтөлбөр” гэх мэт ажлыг залуучууд руу чиглүүлэн орон даяар зохион байгуулж ирсэн. Шинэ давлагаа гэх нэршлийн хувьд олон янзын тайлбарыг бодож энэ нэрийг гаргасан байх. 2016 оны сонгуульд Ардчилсан нам ялагдал хүлээсний дараа намын VI их хурал болж, гишүүдээс маань олон шүүмжлэл гарч, өргөн хэмжээний хэлэлцүүлэг явагдсан. Үүнд намын үндсэн дүрмийн шинэчлэл болон намын үнэт зүйл болсон үзэл баримтлалын шинэчлэлийн асуудлууд хурцаар яригдсан. Ингээд дээрх шүүмж, хэлэлцүүлгээс намын дүрмийн шинэчлэл болон үзэл баримтлалын ажлын хэсгүүд байгуулагдан ажиллаж эхэлсэн. Нэгдүгээрт, Ардчилсан намын үндсэн дүрэм шинэчлэгдсэнээр удаан хугацаанд зогсонги байдалд байсан эргэлтийн сонгууль /ротаци/ сэргэж, үндэсний бодлогын хорооны 20 хувьд 39 хүртэлх насны залуучууд байна гэж тусгаж өгснөөр залуучууд Ардчилсан намын удирдах түвшинд ажиллах боломжийг олгосон. Өнөөдөр Ардчилсан намын төлөөллийн төв байгууллага үндэсний бодлогын хорооны 410 гишүүний 50 хувь нь 39 хүртэлх насны залуучууд болсон нь энэ нам шинэчлэгдэж, цус сэлбэж гэж хэлэх бүрэн үндэслэлтэй. Хоёрдугаарт, намын үзэл баримтлал бүрэн шинэчлэгдэж намын эрхэм зорилго, үнэт зүйл өмнөхөөсөө илүү тодорхой ойлгомжтой болсон гэж боддог. “Шинэ давлагаа-Андууд” чуулганы гол зорилтын нэг нь энэхүү шинэчлэгдсэн үзэл баримтлалыг залууст түгээн дэлгэрүүлэх юм. Бид үнэт зүйлтэй, үзэл баримтлалтай шинэ залуус, шинэ ардчилсан намыг бий болгохоор ажиллаж байна. Энэ бол шинэ давлагаа юм.

-Та бүхэн “Шинэ давлагаа –Андууд” чуулганыг улс орон даяар зохион байгуулж байна. Төвийн бүсийн чуулганы талаар юу хэлэх вэ?


-Ардчилсан намд дөрвөн чиглэлийн бүтцийн байгууллага байдаг. Үүнд, оюутан, залуучууд, ахмад, эмэгтэйчүүд. Ардчилсан залуучуудын холбоо (АЗХ) нь 21 аймаг, 330 сум, есөн дүүрэг, 152 хороо, 1575 багт салбар нэгжтэй үндэсний хэмжээний байгууллага бөгөөд Ардчилсан нам төдийгүй олон нийтийн байгууллагуудтай хамтарч ажилладаг. АЗХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар зүүн, хангай, баруун, төв, говь гэсэн таван бүсчлэлд хуваан чуулган зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Дээрх таван бүсчлэлд Улаанбаатар хотын дүүргүүд нэмэгдэж байгаа. Энэ сарын 28-30 нд болох Төвийн бүсийн чуулганд Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Төв, Сүхбаатар дүүрэг багтсан. Чуулганы ач холбогдол,зохион байгуулалтын тухайд, ажлын гурван хэсэг гарсан. Эхний ээлжинд сургалт, хэлэлцүүлэг явуулах ажлын хэсэг орно. Үүнд намын үзэл баримтлал болон үе хоорондын хэлэлцүүлэг болох юм. Залуучууд гэхээр зөвхөн залуусыг оролцуулж болохгүй. Бид ахмад үеэ, оюутан дүү нараа болон идэр үеэ сонсох ёстой. Дараагийн ажлын хэсэг нь сургалт, хэлэлцүүлгээс гадна залуучуудын чуулга уулзалттай хамаатай төсөв, санхүү зохион байгуулалтыг хариуцаж байгаа. Мөн чуулганы хүрээнд залуучуудын дунд явуулах спортын болон урлаг соёлын арга хэмжээг хариуцсан ажлын хэсэг байгуулж бэлтгэл ажлыг хангаад байна.

-Үзэл баримтлал гэж ягюуг хэлээд байна вэ. Залуучууд бид намын үзэл баримтлал гэхээр юу гэж ойлгож болох вэ?


Улс төрийн намын үзэл баримтлал бол АН, МАН гэлтгүй Монголын бүх улстөрийн намуудад хамаатай хамгийн чухал сэдэв. Залуус улс төрийн намыг сонгохдоо барууны үзэлтэй юу эсвэл зүүний үзэлтэй нам уу гэдгийг нь харах ёстой гэж боддог. Зүүний үзэл баримтлалтай намаас том нүсэр Засгийн газар, төр иргэдийн бүх асуудлыг шийдэхийг хичээх, халамж тэтгэмж их өгөх, боловсрол эрүүл мэнд үнэгүй байх зэрэг суурь зарчмууд ажиглагддаг. Харин барууны үзэл баримтлалтай намуудаас хувь хүний эрх, эрх чөлөө, цомхон Засгийн газар, хувийн хэвшлийг дэмжих, татвар бага байлгах, асуудлыг зах зээлийн аргаар шийдэх, чөлөөт өрсөлдөөнийг дэмжих зэрэг зарчмууд илэрдэг. Ардчилсан нам шинэчлэгдсэн үзэл баримтлалдаа хүний эрх, эрх чөлөө, бие даасан байдал, хувийн өмч, өрсөлдөөнд зах зээл, төрийн хязгаарлагдмал оролцоо, ардчилал, иргэний засаг, хуулийн засаглал, үндэсний уламжлал, түүх соёл зэргийг тулгуур үнэт зүйлээ болгосон нь залуу хүн миний хувьд ирээдүйдээ итгэж, итгэл үнэмшлээ өгч, урам зоригтойгоор ажиллах хүчийг өгсөн.

 

Эх сурвалж: "АРДЧИЛАЛ ТАЙМС" 

Сэтгүүлч: Б.БЯМБАСҮРЭН