Л.Төмөрчөдөр: Төв аймагт ажилгүйдэл газар авсан

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн, Төв аймгийн Ардчилсан намын дарга Л.Төмөрчөдөртэй аймгийн хөгжлийн гарц, шийдэл, тулгамдаж буй асуудлын талаар ярилцлаа.

-Төв аймагт төвийн бүсийн чуулган энэ сарын 28-30-нд болох гэж байна. Юуны өмнө чуулганы талаарх мэдээлэл сонсъё?


-Төв аймгийн Ардчилсан нам жил бүр зуны цугларалт гэж зохион байгуулдаг. Энэ жилээс намрын цугларалт болгож өнгөрсөн амралтын өдрүүдэд гурав хоногийн турш Алтанбулаг суманд зохион байгууллаа. Аймгийн хэмжээнд 27 сумын 18-35 насны 700 гаруй намын гишүүн, дэмжигчтэй уулзаж, сургалт хийлээ. Үүгээр Үндсэн хуулийн хэлэлцүүлэг болон намын үзэл баримтлалыг танилцуулж, тэмцээн уралдааны арга хэмжээ зохион байгуулсан. Дараагийн нэг томоохон ажил удахгүй болох гэж байна. Энэ сарын 28-30-нд Төв аймгийн Батсүмбэр сумын “Түшээ гүн” хэмээх газар төвийн бүсийн чуулганаа хийхээр зарлаад байна. Чуулганд Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Төв аймаг болон Сүхбаатар дүүргийн залуучууд оролцоно. Мөн зочноор Баянгол дүүргийн залуусыг уриад байгаа. Энэ жилийг залуучуудын хөгжлийг дэмжих жил болгож зарласантай холбоотойгоор “Шинэ давлагаа” уриан дор чуулах гэж байна. Чуулганаа хоггүй, архигүй явуулах уриалга дэвшүүлж, эерэг хандлагыг бий болгохоор зорьж байна.

-Төв аймаг хамгийн олон сумтай аймаг гэдгээрээ онцлог. Аймгийн талаар мэдээлэл өгнө үү?


-Түүхэндээ Ардчилсан нам 2012-2016 онд анх удаа Төв аймагт ялалт байгуулсан байдаг. Тодруулбал, нэг л удаа засаглаж үзсэн гэсэн үг. Энэ хугацаандаа Төв аймгийн 90 жилийн түүхэнд байгаагүй олон бүтээн байгуулалтыг Шинэчлэлийн Засгийн газрын үед хийсэн. Би Төв аймгийн Ардчилсан намын даргаар 2018 оны арваннэгдүгээр сард олонхын санал авч, сонгогдсон. Үүнээс хойш аймгийнхаа шинэчлэлийг хийж, залуусын оролцоог хангаж, ардчиллын үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд онцгойлон анхаарч ажиллалаа. Төв аймгийн хэмжээнд 27 сумаас бид есөн суманд ялалт байгуулсан үзүүлэлттэй байна. Улаанбаатар хотын төвийг тойроод газар тариалан болон мал аж ахуй зонхилж байдаг бол хойд талаараа Дархан-Уул, Сэлэнгэ, баруун талаараа Булган, Хэнтий, урд талаараа Хэнтий, Дундговь аймагтай хил залгаа хаяа дэрлэн оршдог.

-Төв аймгийн хөгжил өнөөдөр ямар шатанд явж байна гэж дүгнэх вэ. Тулгамдаж буй асуудал байна уу?


-Хөгжлийн тухайд тулгамдаж буй олон асуудал байна. Газар тариалан, мал аж ахуйг хэрхэн яаж хөгжүүлэхээс эхлээд. Өнөөдрийн байдлаар аймгийн төв дээр 20 гаруй мянган хүн оршин сууж буй. Харамсалтай нь, энэ олон хүнээс ажилтай, орлоготой хүн ховор байгааг нуух юун. Олонх нь халамжийн мөнгөөр амьдарч байна. Тиймээс Төв аймгийнхаа залуучуудыг яаж ажилтай, орлоготой болгох вэ гэдэг чиглэлд анхаарч, ирэх 2020 оны бодлого, мөрийн хөтөлбөртөө тусгахаар ажиллаж байна. Аймгийн төв дээр л гэхэд нэг ч том үйлдвэр байхгүй байна. Социализмын үеэс гаралтай оёдлын үйлдвэрүүд өргөжих гэж хэрэндээ л хичээн ажиллаж байна. Мөн Сэргэлэн, Заамар суманд нөхцөл байдал хүнд байна. Энэ хоёр сум нь алтны ордоор баялаг газар. Гэвч хариуцлагатай уул уурхайг тэнд хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа. Энэ жил Заамар сум руу гурван ч удаа очиж үзлээ. Гэтэл тэнд нөхцөл байдал үнэхээр нүд халтирам байна. Уул уурхай эрхэлж буй компаниуд байгаль дэлхийг сүйтгэж байна лээ. Малчид нь малаа бэлчээрлүүлэх газаргүй болтлоо тэнд доройтсон байна. Манай Сэргэлэн сум ч мөн ялгаагүй. Урд хэсгээрээ алтны нөөцтэй. Энэ бүх чиглэлд бид онцгой анхаарах ёстой.

-Заамар сумын иргэд зам тавина гэсээр олон жил худлаа ярьж байна гэж шүүмжлэх юм билээ?


-Сэргэлэн сум мөн ялгаагүй зам тавиагүй. М.Энхболд гэх мэт лидер улстөрчид манай Төв аймгаас сонгогддог. Гэтэл сумын хөгжил өнөөдөр тэг заачихсан байна. Яагаад зам тавихгүй байгааг МАН-ын лидер улстөрчдөөс асуух л ёстой доо. Төв аймгийн хурлын төлөөлөгч нэг нөхөр” Эрдэнэсийн эрэг” гэдэг компани байгуулаад алт ухаж байна. МАН-ын нэг төлөөлөгчөө захирлаар нь томилчихсон байна. Төр өөрөө алт ухаад эхэлнэ гэдэг байж болох асуудал мөн үү. Уг нь хуулиараа болохгүй л баймаар. Төрийн нэр барьж, төрийн эрх мэдлийг ашиглаж өөрсдөдөө давуу байдал үүсгэж байгааг шалгах ёстой.

-Төв аймагт бүтээн байгуулалт хэр зэрэг өрнөж байна вэ?


-Төв аймгийн хэдэн сумдуудад бүтээн байгуулалт хийж байна. Гэхдээ яг нэн шаардлагатай бүтээн байгуулалт хийж байна уу үгүй юу гэдэг нь эргэлзээтэй байна. Нэг жишээ хэлье. Баяндэлгэр суманд соёлын төвийн барилга баригдаж байгаа. Гэтэл бид эмнэлгийн үйл ажиллагаатай танилцахад эмнэлэг нь балгас болчихсон, хэзээ мөдгүй нурж унахад бэлэн, барилга нь цуурсан, мөөгөнцөртсөн байдалтай байсан. Гэтэл соёлын төвийн барилга байсаар байхад тэнд соёлын төв шинээр барьж байх жишээтэй. Бодоод үзэхэд, тэнд байгаа соёлын төвөөс өдөр бүр хүн үйлчилгээ авах уу. Баяр ёслолын үеэр л хэрэг болдог газар. Гэтэл эмнэлгээр өдөр бүр хүмүүс үйлчлүүлж, тэнд хүмүүс ажиллаж байдаг шүү дээ. Тэгэхээр өнөөдөр хүний эрүүл мэнд чухал уу, соёлын төв үү гэдэг бодох л ёстой асуудал. Энэ бол ямар ч судалгаа, шинжилгээ, бодлого байхгүй байгаагийн том жишээ.

-Та аймгийн намын дарга болохоосоо өмнө ямар ажил эрхэлж байсан бэ?


-Би Батсүмбэрийн ахмадын асрамжийн газрын даргаар ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийж хэрэгжүүлсэн. Төв аймагт байгаагүй анхны лифттэй барилга баригдсан. Батсүмбэртээ 100 гаруй ажлын байр шинээр бий болгосон. Энэ мэт байгаа газартаа ардчиллыг дэлгэрүүлж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг хийхээр бид зорин ажиллаж байна.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар залуучууд ямар байр суурьтай байна вэ?


-64-үүлээ байгаа МАН-ынхан өөрсдөдөө эрх ашиг нэмсэн, нэг нам хүч түрсэн, яаран хийсэн хуулийг батлах нь буруу гэсэн байр суурьтай байна. Сонгууль, төрийн эрх барих дээд байгууллага болон шүүх эрх мэдэл, засаглалтай холбоотой бүх зүйл гажуудсан байгааг хэлж, дэмжихгүй байна. Тэрчлэн олон гишүүнтэй байснаар Монгол Улс хөгжихгүй байгааг тэд хэлж байна. Бараг нэг аймгаас нэг гишүүн байхад л болно гэсэн санал хүртэл дэвшүүлж байна.

 

Эх сурвалж: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН 

Сэтгүүлч: Б.БЯМБАСҮРЭН