АН-ын зөвлөлийн гишүүд Үндсэн хуулийн хэлэлцүүлгээс гарч, чуулганы танхимд шаардлага бүхий самбаруудыг байршуулав

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах  хоёрдугаар хэлэлцүүлгийг УИХ-аар эдгээр өдрүүдэд хэлэлцэж, зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж байна. Үүнээс олон нийтийн дунд маргаан үүсгээд байсан УИХ-ын бүрэн эрхийг нэмэгдүүлэх, гишүүдийн тоог нэмэх саналууд аль аль нь дэмжигдсэнгүй. Мөн Ардчилсан намын зөвлөлийн гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудын дийлэнх нь ыунасан бөгөөд үүнтэй холбогдуулан өчигдрийн /2019-09-05/ чуулганы хуралдааны үеэр УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлж, зөвшилцлөөс гарахаас өөр аргагүйд хүрсэн тухайгаа илэрхийлсэн юм. Тэгвэл өнөөдөр мөн УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн гишүүд хэлэлцүүлгээс гарч буйгаа албан ёсоор илэрхийлж, чуулганы танхимд өөрсдийн шаардлага бүхий самбарыг байршуулсан байна. Шаардлагад “Ардчиллын үнэт зүйл, Монголын ард түмний нийгмийн гэрээ болсон Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ бус, Ард нийтийн санал асуулгаар батлах нь зүйтэй гэж УИХ дахь Ардчилсан намын зөвлөл шаардаж байна” гэжээ.

Ардчилсан  намын зөвлөлийн гишүүдийн өчигдрийн чуулганд  чуулганд хэлсэн үгнээс хүргэе.

Д.Эрдэнэбат: Монголын ирээдүйд хэрэгтэй заалтыг унагаж  байгаа нь  харамсалтай

 “Өнөөдөр энэ танхимд үзэл бодлын ялгарал явж байна. Гэхдээ үзэл бодлоороо ялгарсаны төлөө хүн доромжлохыг би зөвшөөрөхгүй. Ард түмэнд үнэхээр өөрсдийн гишүүнээ сонгох юмсан гэсэн чин хүсэлтэй байгаа. Бид ирээдүйн төлөө өнөөдрийн эр зоригийг гаргахыг хичээж байна. Монгол Улсын парламент хуучных шиг 76 жижиг тойрогт хуваарилагдаад улсын өмчийг үрэн таран хийж, хоорондоо лобби хийн, ерөнхий сайдаа байнгын огцруулдагийг болиосой гэж хүссэндээ энийг хэлж байна. Энд байгаа ахмад гишүүд бүгдийг нь амьдралаараа туулж өнгөрүүлсэн. Харин зарим гишүүд ирээдүйд хэрэгтэй юм байна гэж ярьж байгаад би талархаж байна. Гэхдээ нам хариуцлагатай байх, нам төлөвшихийг үндсэн хуулиндаа баталгаажуулчихаад, намыг хүлээн зөвшөөрөхгүй, зөвхөн ард иргэдээсээ сонгогддог гэдэг ийм популизмыг хүлээн зөвшөөрч чадахгүй. Энэ улс орны хувь заяаг бид нар нуруундаа үүрч яваа. Бид нар холимог тогтолцоог оруулахдаа улсын хэмжээний төлөөллийг зөвхөн нам гэж яриагүй. Нэрээр нэр дэвшүүлж болдог юм. Улсын хэмжээнд нэрээрээ нэр дэвшүүлээд, нэр төртэй нь нэрээ гаргаад, намаа төлөөлөөд тэр нь намых нь квот болоод сонгох зарчмыг бид ярьсан болохоос, намын ард нуугдаж сонгуулиар нэрээ оруулъя гэж яриагүй. Энэ бол зарчмын асар том зөрүүтэй. Тиймээс өнөөдрийн 108 гэдэг ерөнхийлөгчийн оруулж ирсэн саналыг зарчмын хувьд бид дэмжиж оруулж ирсэн юм.Яагаад гэвэл 54 гишүүн нь улсаа төлөөлөөд нэрээрээ гараад, нэрийнхээ ард намынхаа квотыг аваад, ард түмнээс авсан хамгийн олон ирцтэй нь намынхаа квотоор энэ их хуралд суугаасай гэж дэмжиж хэлсэн. Нөгөө 50 хувь нь тойрог, орон нутгаа төлөөлөөд явах хэрэгтэй. Гэтэл Монголын ирээдүйд хэрэгтэй зүйл байсан ч өнөөдөр унаж байгаад харамсалтай байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд орох хамгийн том зарчмын суурь санал байсан.Үүний дараа гарах үр дагавар яаж ч магадгүй болж байгаа учраас ийм зэрэмдэг хууль баталснаас Үндсэн хуулийг өөрчлөөгүй байсан нь дээр” гэв.

З.Нарантуяа: МАН-ын 62 гишүүн Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг цагаа олж өргөн бариагүй нь харагдаж байна

Үндсэн хуулийн  нэмэлт өөрчлөлтөөр нийгмийн хүлээж байсан, бид бүхний улс орныхоо хөгжлийн чиг баримжааг зөв тодорхойлох хамгийн чухал заалт бол сонгуулийн тогтолцооны асуудал байсан. Үнэхээр сонгууль дөхсөнийг яг илэрхийлж байна. МАН-ын 62 гишүүн Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг цагаа олж өргөн бариагүй нь харагдаж байна. Хөгжлийн тохирсон тойрог, сонгуулийн тогтолцоо бол өнөөдрийн 76 жижиг тойрог гэж зарим гишүүд хэлж байна. Яаж ингэж хэлж чадаж байна аа. 50 жилийн өмнө байсан сумын төв одоо ч хэвээрээ байна. Үнэхээр зөв тогтолцоо байсан юм бол хөдөө орон нутаг чинь яагаад өнөөдрийг хүртэл хөгжихгүй байгаа юм бэ. Төсвийн нийт хөрөнгө оруулалтын гуравны хоёр хувь  нь  хөдөө орон нутаг руу явж байгаа ч хөгжсөн нь хаана байна. Бүх зүйл буруу хуваарьлалт тогтолцооноос болоод байна. Энийгээ л өөрчлөх гэж 50 хувь нь улсынхаа хөгжлийг ярьдаг, үлдсэн  тал   нь хөдөө орон нутгийн хөгжлийн төлөөлж ярьдаг байя гэж дсанал нэгдсэн. Тэрнээс тойрогтоо нэргүй болчоод, сонгогдох хэмжээнд ажил хийж чадаагүйдээ нэрийн жагсаалтын ард нуугдах гээд байгаа юм байхгүй. Ер нь эцсийн эцэст би сонгохдох, бид сонгогдох нь чухал биш. Ард түмэн бол одоо байгаа 76 гишүүнийг бүгдийг нь солихыг хүсэж байна. Та нар бүгдээрээ буцаж суух тогтолцоогоо л хамгаалж үлдээд байна. Энэ дээр бүгд бодох хэрэгтэй.