С.Эрдэнэ: Ардчилсан намын дотоод шинэчлэл дуусч, нийгмийн шинэчлэлийн төлөө ажиллахад бэлэн

Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа.

-Ардчилсан намаас “Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой”-г тохиолдуулан Олон улсын ардчиллын баярын өдрийг тэмдэглэх гэж байна. Баярын мэнд хүргэе.

-Баярлалаа. Монголын эрх чөлөөт ард иргэд Та бүхэндээ Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн баярын мэндийг Олон улсын ардчиллын өдрийн мэндтэй хамтатган хүргэе. Ардчилал бол бүх ард түмний хүсэл эрмэлзэл, зориг, эрх ашиг байсан учраас ардчиллын баяр нь нийт ард түмний баяр билээ.

-Ардчиллын баярыг Сүхбаатарын талбайд энэ сарын 13-ны өдөр “Save democracy” гэсэн нэрийн дор тэмдэглэх гэж байна. Энэ нэрийг яагаад сонгох болсон шалтгааныг Та тайлбарлана уу?

-Демократ (демок-ард түмэн, крат-засаглал, Save-аврах, хамгаалах, хайрлах гэсэн утгатай үг) үгчилбэл Ард түмний засаглалаа аваръя, хамгаалъя гэсэн утгаар нэрлэсэн.  Энэхүү өдрийг тэмдэглэхдээ Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн арга хэмжээний нээлтийг НҮБ-аас зарласан Олон улсын ардчиллын баярын өдөртэй давхцуулан сонгон авсан нь учиртай.

Ардчилал гэдэг нь ард түмэн шууд буюу өөрийн төлөөллөөрөө дамжуулан иргэнийхээ эрх ашгийг хамгаалахаар ажиллах учиртай өнөөгийн хүн төрөлхтний нийгмийн зохион байгуулалтын шалгарсан арга бүхий төрийн нэг хэлбэр юм. Өөрөөр хэлбэл, хүний нийгэм улс төр, эдийн засаг соёлын хувьд ямар зүй тогтолтой байх хийгээд хэрхэн өөр хоорондоо зохицон амьдрах талаар хууль гаргах, хэрэгжүүлэх, мөрдөх, хяналт тавих, эрх ард түмний мэдэлд байж түүнийг  тасралтгүй сайжруулахад өөрсдөө тэгш эрхтэйгээр идэвхтэй оролцох боломж ард иргэдэд нээлттэй байх ёстой гэсэн санаа юм.

-Өнөөдөр иргэд засаглалд оролцоотой, хяналт тавьж чадаж байгаа юу?

-Дээр дурдсанаар иргэнийхээ эрх ашгийг хамгаалж, тэд засаглалд идэвхтэй оролцож чадаж байна уу, өөрөөр хэлбэл ард түмэн өөрөө засаглаж чадаж байна уу гэдэг асуултыг маш нухацтай гаргаж тавих цаг нь болсон. Нэгэнт хүн бүр  хууль тогтоох, хуулийг хэрэгжүүлэх,  хяналт тавих ажилд өдөр тутам байнга оролцоод явах боломжгүй байдаг тул “Мэргэн ухаантай нь оройлон захирч, учир мэдэхгүй нь араас нь дагах” зарчмын дагуу бид хамгийн шударга ёс зүйтэй, хариуцлагатай, мэдлэг чадвартай гэсэн төлөөний хэн нэгнийг сонгож, итгэж үүрэгжүүлж энэ бүхнийг бидний өмнөөс хийлгэхээр төрийн дээд эрх мэдлийг атгуулж басхүү онцгой эрх эдлүүлдэг.

-“Ард түмний сонголтыг авч тэдний асуудлыг хамгийн боломжит дээд хэмжээгээр сайн байлгах” үүрэг хүлээсэн ‘Ард түмний удирдлага’ өнөөдөр хэрхэн ажиллаж байна вэ?

-Шуудхан хэлэхэд өнөөгийн эрх баригчид итгэж хүлээлгэсэн давуу эрх мэдэл, ард түмний итгэл дээрх үүргийг яг эсрэгээр нь гүйцэтгэх тушаал аван сонгогдсон мэт ажиллаж байна. Тэд өөрсдийн болон хамсаатнуудынхаа эрх ашгийг хамгаалах, эрх мэдлээ энэ хэвээр хадгалах, ард түмэнд эргэн зориулах ёстой татварын орлого, хандив, тусламжийн мөнгө, хөрөнгө оруулалтын мөнгийг оновчгүй зарцуулж байна. Төсөв хөрөнгийн хүрээнд ийнхүү бидэнд дэндүү хохиролтой байхаас гадна хуулийг хүртэл зөвхөн өөрсдөдөө зориулан өөрчилж эхэлсэн. Энэ бүхэн миний дээр хэлсэн ардчилал буюу ард түмний засаглал тодорхой хэмжээгээр ганхаж эхэлснийг хүлээн зөвшөөрөх биз ээ. Ардчилсан тогтолцоонд учирсан дээрх аюулыг бид бүгдээрээ хамгаалах нь зүй боловч өнөөгийн нөхцөлд Ардчилсан нам илүү үүрэг хариуцлага хүлээсэн гэж үзэж байна. Ардчиллаа хамгаалах гэсэн үйл ажиллагааны зорилгын нэг хэсэг үүнд хамаарна.

Эрх баригчдын санаатай буюу санамсаргүй алдаа, зохион байгуулалттай янз бүрийн гэмт хэрэг ихсэх тусам үр дагавар нь ард түмний хүүхдийн хүртэх бүхнийг сүйтгэсээр байгааг бид мэдэж байгаа. Ийм тул үүний эсрэг байгаагийн илэрхийлэл болгож нэг талаараа улс төрийн өнгө аясаар “Ардчиллаа хамгаалъя”, нөгөө талаар алдаа оноотой ч 30 жилийн турш ардчилал хүний эрхийн төлөөх тэмцэлд бид бүгдээрээ нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэсэн бидний сонголт болон давуу тал олгосон, энэ бидний бахархал юм гэсэн агуулгаар баяр болгон тэмдэглэж байгаа юм.

 

Түүнчлэн “Save democracy 2020“ гэсэн том малгайн дор Монголын нийгэмд гэрэл гэгээ хэрэгтэй байгааг шинэ залуу үе ардчиллыг сонгож байгаагаар бодитоор харуулан ардчилсан Монгол орныхоо нийслэлийг лазер эфектээр цоо шинээр гэрэлтүүлэн асаах гэрлэн дүрсний гайхамшгийг харуулсан хамгийн анхны томоохон шоу, урлагийн тоглолтыг зохион байгуулахаар манай хамт олон гар сэтгэл нийлэн ажиллаж байна. 

 

-Ардчилсан хувьсгал ялсны 30 жилийн ой ирэх жил тохиож байна. Ардчилсан намаас шат дараалсан олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа гэж сонслоо?

-Энэ лхагва гарагт болох арга хэмжээ бол Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын эхлэл бөгөөд ирэх оны дөрөвдүгээр сарыг хүртэл нийгэмд ардчиллын ач холбогдлыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн олон арга хэмжээгээр үргэлжилнэ.

Ардчилсан нам бидэнтэй ижил төстэй намуудын үзэл баримтлалын нэгдэл болох Олон Улсын Ардчиллын Холбооны бүрэн эрхт гишүүн намын нэг. Манай улс тухайн үеийн коммунист дэглэмийг түлхэн унагааж, тэр үеийн Ази тивийн социалист гэгдэж байсан орнууд дундаас ардчилсан тогтолцоо, чөлөөт зах зээлийн эдийн засгийг сонгон авсан анхны улс болж, Азийн цээжин дэх “Ардчиллын баян бүрд” болж байсны хувьд Монголд анх удаа Олон улсын Ардчилсан холбооны хурлыг энэ оны арванхоёрдугаар сард зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна.

Манай нам нийгэм, эдийн засгийн энэхүү гүн гүнзгий шинэчлэл, өөрчлөлтийг санаачлан удирдаж хийж чадсан. Ингэхдээ дусал цус урсгалгүйгээр зорилгоо хэрэгжүүлж чадсан юм. Энэхүү туршлага нь шинээр төрөн гарч ирж буй ардчилсан орнууд болон мөн авторитар дэглэм дор одоо хэр нь оршиж буй манай бүсийн зарим улс оронд үлгэр жишээ болгох зорилт тавьж байна. Үүгээрээ бид ардчилсан хувьсгалын ололт амжилтыг хэрхэн үнэлдэг болон ардчиллаас шинэ үе юу хүсч байгааг мэдэх, түгээн дэлгэрүүлэх давхар зорилго агуулж байна. Ардчилсан тогтолцоонд аюул учрах хийгээд ардчиллаа авраагүйгээс алдсан орнууд ямар аюулд орж болохыг зарим орны жишээнээс бид хангалттай мэдэх учир түүнээс сургамж авч сонор сэрэмжтэй байхыг түүх бидэнд сануулж байгаа билээ.

-Ардчиллын түүхийн сургамжаас хойч үе маань хэрхэн суралцах вэ?

-Ардчиллын түүхэн үйл явцыг бүхэлд нь тэмдэглэн үлдээж, ардчилсан шинэ Монгол орныг цогцлоох амаргүй үйл явц, их өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд АН-ын оруулсан хувь нэмэр, байр суурь, АН-ын үүсэл хөгжил төлөвшлийн тухай түүхэн товчоог таван боть ном гаргахаар ажиллаж байна. Энэ сарын  13-ний өдөр эхний боть номын нээлт талбай дээр болно.

1-3 боть нь арав арван жилээр 30 жилийн түүхийг харуулах бөгөөд дөрөв дүгээр боть нь орон нутгийн намын байгууллагуудын түүх, таван дугаар боть нь намын дэргэдэх байгууллагын түүх бичигдэж үлдэнэ. Мөн ардчиллын түүхийн тухай гурван  ангит баримтат кино бүтээхээр уран бүтээлчид ажилдаа орсон. Ийнхүү Ардчилсан Монгол орныг цогцлоох, төвхнүүлэхийн төлөөх тэмцлийн эхлэл өрнөл, тухайн цаг үеийн онцлог, болж өнгөрсөн үйл явдлууд хэн, хэрхэн оролцов, оройлон манлайлагчид хэн байв, бэрхшээл саадыг хэрхэн туулав, ямар үр дүнд хүрэв зэрэг олон үйл хэрэг, оруулсан хувь нэмрийг тэмдэглэн үлдээж,  түмэн олонд түгээн хойч үедээ судлагдахууны материал болгон үлдээж байна.

Он жилүүд холдон одоход түүхийн ховор нандин агшнууд хүний ой ухаанаас бүдгэрч балардаг жамтай. Харин түүх үнэнээрээ үлдэж, түүхэн үйл явдлын үнэ цэн бодитойгоор үнэлэгдэх ёстой. Өнөөдрийн эрх чөлөөт амьдралыг бид тэмцэж олсон. Энэхүү тэмцэл 1989 оны Цагаан морин жилийн тэсгим өвлийн хүйтнээр Хонхны дууг эгшиглүүлэн хүний эрх, эрх чөлөө, ардчилал шударга ёсны төлөө жагссан залуусын дуу хоолойгоор эхэлж, ардчиллын үзэл санаа орон даяар түгэн дэлгэрсэн билээ. Бидний туулсан зам амар хялбар байгаагүй. Монголын улс төрийн түүхэнд анхны гэсэн олон ололт, бас анхны гэх тодотголтой алдаанууд ч ардчилсан намын нэр дээр бичигдэж,  ардчиллын төлөөх амаргүй тэмцэл, бэрхшээл, сорилт үйл хэргийг ард түмэнтэйгээ намын жирийн гишүүд дэмжигчидтэйгээ хамт нуруун дээрээ үүрч ирсэн. Энэ амаргүй замыг бид ном болгон үлдээж байна. Энэ бол бодит түүх юм. Нөгөөтэйгүүр, Монгол Улс хөгжлийн нэн шинэ үетэй золгож буй энэ хариуцлагатай агшинд тулгарч байгаа саад бэрхшээлийг даван туулахад сургамж авах, эх орноо цэцэглэн хөгжүүлэх их үйл хэрэгт энэхүү ном хувь нэмрээ оруулах нь дамжиггүй.

Түүнээс гадна Ардчиллын хувьсгалаас хойш өрнөсөн үйл явдлуудаас  уран сайхны аргаар харуулах зорилготой “Зориг” нэртэй уран сайхны кино бүтээж байна.

-Ардчилсан намын шинэчлэлийн хүрээнд хийгдэж байгаа ажлаас товч дурдвал?

-Би өмнө нь ярилцлагад хэдэнтээ дурдаж байсан тул энэ удаа маш товч дурдъя.

Өнгөрсөн 2016 оны парламентын сонгуульд томоохон ялагдал хүлээх шалтгааны нэг нь тухайн үеийн намын удирдлагад байсан бүлэглэлүүдийн эв нэгдэлгүй байдлаас болсон гэж үзсэн. Гэвч бид өнгөрснөөсөө сургамж авч, намын жирийн гишүүдийн санаачилга, хүсэл эрмэлзлийг удирдлага болгон намаа цоо шинэ зарчмын үндсэн дээр бүхэлд нь шинэчлэн зохион байгуулж байна.

Энэ хүрээнд хийгдсэн ажлын эхлэл бол үндсэн дүрмийн өөрчлөлтийг ардчиллын аргаар баталсан. Энэ нь нам дотроо хэрхэн үйл ажиллагаагаа явуулах тоглоомын дүрэм тодорхой болсон нь нам нэгдмэл байх боломжийг бүрдүүлснээс гадна бүлэг фракцуудын дураар дургих амбицыг хязгаарлаж, шударга ёс бол дүрэм журам гэдгийг ойлгуулж,  түүнийг хатуу мөрдөж сурах тал дээр томоохон өөрчлөлт хийсэн. Дүрэм зохиох, өөрчлөх нэг асуудал бөгөөд түүнийг гишүүдийн өмнө хараат бусаар тэгш үйлчилдэг болгох нь түүнээс илүү чухал асуудал юм. Үүн дээр нэг жишээ дурдвал, УИХ гишүүн Ж.Батзандан, Л.Болд нарыг намын УТЗ-ийн шийдвэрийг эсэргүүцэж, УИХ бүлгийн шийдвэрийг зөрчсөн тул өөрсдийнх нь оролцоотой батлан гаргасан намын шинэ үндсэн дүрмийн хүрээнд зохих арга хэмжээг авсан гэдгийг уншигчид та бүхэн маань санаж байгаа байх. Ингэснээрээ АН УИХ дотор бүлэггүй болох эрсдэл хүлээсэн хэдий ч ямар нэг явцуу ашиг сонирхолд үндэслэх бус УИХ гишүүн, энгийн гишүүнд алагчилалгүй, гарцаагүй тэгш үйлчилдэг байх зарчмын дагуу шударга ёс, нийтийн ашиг сонирхолд захируулан шийдвэрлэсэн нь тухайн үедээ олон шүүмжлэл хүлээсэн ч нам дотроо л хууль мэт мөрдөгдөх үндсэн дүрмээ дагасан шийдвэр л байсан. Яагаад гэвэл дээрх гишүүдийн жинхэнэ нүүр царай илэрч өрсөлдөгч намын барьцаанд орж хувийн өчүүхэн эрх ашгийн төлөө намынхаа эсрэг, ард түмэнд өргөсөн тангаргийнхаа эсрэг олон буруу үйл явдалд оролцож өөрсдөө муугийн жишээ болон явж байгааг харахад гаргасан шийдвэрийнхээ зөв байсанд өнөөдөр улам бүр итгэлтэй байна.

 

Намын гишүүдийн үзэл санаанд өөрчлөлт оруулсан дараагийн чухал алхам бол намын “Үзэл баримтлал”-ыг бүх гишүүдээр хэлэлцүүлэн батлан гаргасан.

 

Энэхүү үзэл баримтлал нь “Иргэний засаглал хүний эрх чөлөө, хувийн өмч, хуулийн засаглал, үндэсний өв уламжлал, түүх соёл”-ыг суурь зарчим, тулгуур бодлогын хүрээнд үндэсний онцлог төрх, дэлхийн хүн төрөлхтний ардчиллын гол үнэт зүйлсийн дээжийг шингээн тодорхойлсон гишүүдийн оюун санаанд эргэлт авчирсан түүхэн баримт бичиг болсон гэдэгтэй олон хүн санал нийлж байгаа байх. Нийгмийн сэхээтэн, бизнесмэнүүд, залуучууд иргэд онцгой талархалтай хандаж байна лээ.

Ардчилсан нам нь Монгол Улсын улс төрийн нөлөө бүхий намын хувиар ард иргэдийнхээ улс төр, нийгэм, эдийн засгийн эрх чөлөө, эв нэгдэл, шударга ёсыг тунхаглан баталгаажуулахад “Ардчилсан намын үзэл баримтлал” нь хүний оюун санаан дахь ардчилсан хөгжлийн загвар философи болж, заагч чигийн үүрэг гүйцэтгэх болно гэдэгт би эргэлзэхгүй байна.

-Ардчилсан намаас намын гишүүдээ үүрэг хариуцлагыг сайтар ойлгуулах, намын гишүүдээсээ шинэчлэлийг хийж байгаа нь олон нийтийн сайшаалыг хүлээж байгаа. Дүрэмтэй улс төр эхэлж байна гэж ойлгож болох уу?

-Намын үзэл санаанд зарчмын гол өөрчлөлтүүдийг хийж чадсанаараа намын засаглал бүхэлдээ сайжирч, гишүүдэд урам зориг өгч, алсын хараа, эрхэм зорилго, зорилтуудыг стратегийн чиглэлд нийцүүлэн үндсэн зарчмуудыг мөрдөж ажилласнаараа гишүүн бүрийн ирээдүйд итгэх итгэл сайжирч тэдний зорилго намын зорилготой нэгдэж бид нийгмийг шинэчлэх эрхэм зорилгодоо амжилттай хүрэх юм.

Дээрх ажлын үр дүнг сайжруулахын тулд бид гишүүдээ хөгжүүлж үзэл санааны хийгээд улс орны тогтвортой хөгжлийн шийдлүүдийг өөрсдөөр нь тодорхойлуулах, хэрхэн шударга, ёс зүйтэй шинэ үе ялгарч гарах талаар олон сургалт арга хэмжээг гурван жилийн турш тасралтгүй хэрэгжүүлж байна.

Залуу үе маань ахмад ардчилагчдын бүтээсэн түүхээр бахархаж түүнийг цаашид хөгжүүлэн улс төрд шилдэг сайн стандарт тогтоох талаар анхдагч байх хүсэл тэмүүлэлттэй, шударга зарчимтай, ёс зүйтэй, хариуцлагатай шинэлэг, инновацлаг, ухаалаг шинэ үе түрэн гарч ирсэн гэдгийг мартаж хэрхэвч болохгүй. 

Иймээс залуусыг бодлоготойгоор дэмжиж намын шинэ үндсэн дүрэмд тэдний эзлэх хувийн жинг тогтоож өгснөөр өнөөдөр намын бодлого боловсруулах, шийдвэр гаргах эрх бүхий Үндэсний бодлогын хорооны нийт гишүүдийн 40 орчим хувь нь 39-өөс доош насны залуучууд, 35 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Тэд намын дотоод шинэчлэл, өөрчлөлтийг хийх ажилд өөрсдийн хувь нэмрийг оруулсаар байгаа бөгөөд нийгмийн шинэчлэлийг урагш чирэх түүчээ болох түүхэн үүрэг хүлээж байна гэж үзэж байна.

Одоо намын дарга, Үндэсний Бодлогын Хорооны гишүүд болон орон нутгийн намын байгууллагуудын удирдлагууд намын жирийн гишүүдээсээ сонгогдож байна. Мөн Үндэсний Бодлогын Хорооны гишүүд маань салбар зөвлөлүүдэд хуваарилагдан ажилладаг бөгөөд зөвлөл тус бүр нь улс орны нийгэм, эдийн засгийн тодорхой салбарыг хариуцдаг.  Энэхүү шинэчлэл нь манай нам анх үүсэн байгуулагдсанаас хойш уламжлагдан ирсэн фракц  бүлэглэлүүдээс ангижрахад чиглэсэн томоохон алхам болно гэдэгт итгэлтэй байгаа.

-Иргэдийн амьдралын чанар сайжрахад төрөөс хамааралтай юу эсвэл тэд өөрсдөө хичээх ёстой юу?

-Аливаа зүйлд заавал сайн тал руугаа өөрчлөлт гарч байх ёстой гэж би боддог. Төрийн үүрэг бол ард олныг аз жаргалтай амьдруулахад л чиглэх ёстой. Иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд маш томоохон хүчин зүйл төрийн бодлогоос заавал хамаарч байдаг.

Макро эдийн засгийн хүрээнд ДНБ-ний өсөлт бууралт, инфляц, чухал нэрийн бүтээгдэхүүний үнийн бодлогууд, ажилгүйдлийг шийдэх, хөрөнгө оруулалт, төсвийн мөнгөний урсгал, экспорт импортын бодлогуудыг Засгийн газар зохицуулах үүрэгтэй. Иргэдийг өөрсдөө амьдралаа өөд тат, өөрсдөө арчаатай бай гээд зөнд нь орхих боломжгүй юм. Тэдэнд чанартай боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах гээд нийтийн үйлчилгээнээс гадна томоохон бүтээн байгуулалт дэд бүтэц гэх мэтийн асуудлыг зохицуул гэж ард түмэн өөрсдийн идэх хоолноос хасч татвар төлөн байж төрийг тэжээж байгаа гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Би намын дарга болсноос хойш намын ажил, гишүүд дэмжигчидтэйгээ уулзах, аймаг орон нутгийн ажил байдалтай танилцах зорилгоор нөхдийн хамт Монгол орныг найман удаа бүтэн тойрч ажиллахдаа Засгийн газрын бодлого алдагдсанаас иргэдийн амьдралд хэрхэн хүнд, муугаар шууд тусгалаа олж байгааг нүдээр харж, сонсч мэдэрч байна. Ардчилсан нам өнөөдөр засгийн эрх бариагүй, эрх мэдэлгүй байгаа хэдий ч хэрэв ард түмэн бидэнд итгэл хүлээлгэсэн цагт өнөөгийн тулгамдаж байгаа асуудлуудыг Монгол Улсыг хөгжүүлэх суурь судалгаанд үндэслэн, үзэл санаандаа нийцүүлэн бүх боломжоор дайчлан ажиллах бөгөөд хамгийн гол нь шударга засаглаж, хариуцлагатай ёс зүйтэй байхыг бүх шатанд дэмжиж ажиллах болно гэдгийг Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн баярын өмнө итгэл төгс хэлэх байна.

Бид намын дотоод шинэчлэлээ дуусгаж нийгмийн шинэчлэлийн төлөө ажиллахад бэлэн болсон гэж намын даргын хувьд дүгнэж байна.

 

Эх сурвалж: "Ардчилал таймс" сонин