Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр тохиож байна

Өнөөдөр /2019.09.10/ хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ардчилсан намын удирдлагууд болон бусад нам, төрийн зүтгэлтнүүд, хэлмэгдэгчдийн үр хүүхэд, ар гэрийнхэн хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөн, хүндэтгэл үзүүллээ. 1998 оноос эхлэн  жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр хэлмэгдэлтэд өртөж байсан олон мянган хүний гэгээн дурсгалд төр, нийгмийн зүтгэлтнүүд  цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлж ирсэн. 

Улс төрийн хэлмэгдүүлэлтэд 36 мянга орчим хүн өртсөнөөс одоогийн байдлаар 31 гаруй иргэний нэр төрийн сэргээж, улс төрийн хилс хэргээр шийтгэгдсэн болохыг тогтоож цагаатгаад байна. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд 2018 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулснаар цагаатгуулах тухай өргөдөл гомдлыг хүлээн авах хугацааг 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ийг  хүртэл сунгасан байна.

Мөн улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчдийн эхнэр /нөхөр/ , эсвэл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг, мөн хорих ялаар шийтгүүлсэн дээрх хүмүүст 40 сая төгрөг тус тус олгохоор тусгасан. Одоогийн байдлаар хуулийн хүрээнд 794 хүнийг өдөр тутмын сонинд зарлаж, нөхөн олговорт 3,2 тэрбум төгрөгийг олгожээ.