Ц.Жадамбаа: Ардчилал бол Монгол Улсыг аадар борооноос хамгаалах шүхэр, цэвэр агаар юм

Ардчилсан нам, “Конрад Аденауэр”-ын сан, “Ардчилсан залуучуудын холбоо” хамтран Говийн бүсийн “Шинэ давлагаа-Андууд чуулган”-ыг энэ сарын 20-22-нд зохион байгуулах гэж байна. Энэ талаар Ардчилсан залуучуудын холбооны Дэд ерөнхийлөгч Цагаан-Өвгөний Жадамбаатай ярилцлаа.


-Энэ жилийн таван бүсийн чуулганы хамгийн сүүлч буюу Говийн бүсийн чуулган энэ сарын 20-22-нд болох гэж байна. Дундговь аймагт болох уг чуулганы ерөнхий зохион байгуулагчаар ажиллах юм байна. Юуны өмнө, бүсийн чуулган зохион байгуулахын гол ач холбогдол юу вэ гэдгээс яриагаа эхэлье?


-Бүсийн чуулганыг Ардчилсан нам жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Тухайн жилийн онцлогоос хамаарч, намын дэмжигч, гишүүдтэй өргөн сэдвийн хүрээнд ярилцдаг. Зүүн бүсээс эхэлсэн энэ жилийн чуулганууд өмнөх жилүүдийнхээс маш онцлог болж буйг дурдах нь зүйтэй. Тодруулбал, Ардчилсан намын дотоод шинэчлэл болон шинэчилсэн үзэл баримтлалыг нийт намын гишүүд, дэмжигч нарт таниулах, ялангуяа, залуучуудаа энэ чиглэлд бэлтгэхэд онцгойлон анхаарч байна. Иймд бүсийн чуулганаар гол төлөв өгөөжтэй сургалт ба судалгаанд чиглэсэн арга хэмжээнүүдийг хийж байна. Энэ зун, намрын турш зүүн, төв, баруун болон хангайн бүсийн гээд нийт дөрвөн удаагийн чуулганыг зохион байгууллаа. Үүгээр ардчиллын үнэт зүйлийн тухай системчилсэн хичээлийг залуустаа зааж сургасан. Хамгийн гол нь, ардчилал, түүний үнэт зүйл, үзэл баримтлалын тухай ойлголтыг дотооддоо ойлгуулахад энэхүү бүсийн чуулгануудын ач холбогдол оршиж байгаа юм.

-Ардчиллын үнэт зүйлийн талаарх Таны ойлголт юу вэ?


-Нийгэм нь хаашаа явж буй, юунд хүрэх гэж байгаа гээд тодорхой чиг баримжаа үгүй болчихсон энэ үед эрх чөлөө өөрөө туйлын ерөнхий ойлголт болчхоод байна. Өнөөдөр бид яг юуг эрх чөлөө гэж ойлгох, Үндсэн хуульд юу гэж заасан, энэ нь амьдрал дээр хэрхэн хэрэгждэг гэх мэт олон асуудал бидний өмнө тулгамдаж, тэдгээрийн хариултыг хайсаар. Гэтэл үнэндээ ардчиллын үнэт зүйлийг маш энгийн зүйлээр томьёолдог гэж би хувьдаа ойлгодог. Энэ бол нэг хүний эрх чөлөө нөгөө хүний эрхээр хязгаарлагдах буюу миний гар таны хамарны өмнө очоод зогсох ёстой гэж. Энгийнээр хэлбэл, би, чи гээд хэн ч таны биед халдаж үл болно. Хэрэв эрхэнд тань, биед чинь халдвал зөрчил үүснэ. Ингээд тухайн хүн эрүүгийн эсвэл захиргааны хэргээр ямар нэг хариуцлага хүлээнэ. Тэгэхээр эндээс авч үзвэл Ардчилал бол хуулиар танд олгогдсон эрх чөлөө юм. Хуулиар хориглосон аливаа хууль бус үйлдэл нь гэмт хэрэг. Энэ мэтчилэн хүний суурь эрхэнд халдаж болохгүй маш олон асуудлыг бүсийн чуулганаар хөндөнө. Тиймдээ ч бүсийн чуулганд залуу гишүүдийг түлхүү хамруулж байна.

-Говийн бүсийн чуулган хаана, хэзээ болох талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?


-Говийн бүсийн чуулганы тухайд, бусад дөрвөн чуулгантай агуулга, хөтөлбөрийн хувьд адилхан байх хэдий ч мэдээж хэрэг, газарзүйн байршлын хувьд өөр газар болно. Тодруулбал, Говийн бүсийн чуулганыг Дундговь аймгийн Адаацаг сум, “Сүм хөх бүрд” аялал жуулчлалын баазыг түшиглэн зохион байгуулна. Чуулганд Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймаг болон Багахангай дүүргийн залуучууд оролцоно. Оролцох хүмүүсийн тоо бусад чуулганыг бодвол арай цөөн байх хэдий ч өндөр зохион байгуулалтын түвшинд хийхээр төлөвлөж байна. Сүүлийн тэмээний ачаа хүнд гэж ярьдаг шүү дээ. Өмнөх бүсийн чуулгануудаас хуримтлуулсан давуу болон сул тал дээр тулгуурлаж хийх учраас илүү их хүнд хүрсэн ачаа ихтэй, ганзага дүүрэн, сэтгэгдэл өндөр, өгөөжтэй чуулган болох болов уу гэж найдаж байна.

-Чуулганд оролцож буй залуучуудын идэвх, хандлага ямар байв. Тэд юунд тэмүүлж байгаа, ямар нийгмийг хүсч байх шиг санагдав, Танд?


-Хамгийн сүүлд болсон Төвийн бүсийн чуулганы сургалтын явцтай очиж танилцахад залуучууд үзэл баримтлал болон группын сургалт дээр идэвх, сонирхолтой оролцож байгаа нь ажиглагдсан. Түүнчлэн бидний энгийн, мэддэг юм шиг атлаа нэг их анзаардаггүй зүйлсийн учрыг хамтдаа тунгаан ярилцаж байгаа нь сонирхолтой байх шиг харагдсан. Ингээд харахад, бүсийн чуулганаар өгч буй сургалтууд маш үр өгөөжтэйн дээр тухайн хүндээ үнэ цэнтэй байсан. Магадгүй өөр нэг хувийн байгууллага энэхүү сургалтыг авна гэвэл нэлээд өндөр үнэ төлж байж, хүмүүсээ сургах байх даа гэж л жишмээр байна. Ерөөс үзэл баримтлал, ардчилал, хүний эрх, эрх чөлөөний тухай сургалтуудыг яагаад төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд авч болохгүй гэж гэсэн бодол төрснийг ч нуух юун.

-Та бүхэнтэй Германы “Конрад Аденауэр”-ын сан хамтран ажиллаж байна. Энэ сангийн талаарх мэдээллийг өгөөч. Монголд яг ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газар вэ?


-Бүсийн чуулгануудын хамтран зохион байгуулагчаар “Конрад Аденауэр”-ын сан ажиллаж байна. “Конрад Аденауэр”-ын сан ямар учиртай газар вэ гэвэл, Германы удирдагч Гитлерийг хүн бүр мэднэ шүү дээ. Тэрээр дэлхийн II дайныг өдөөж, дэлхий дахинд маш их гай тарьсан хүн. Тэгвэл Гитлер ардчилсан сонгуулиар ялалт байгуулж, гарч ирсэн хүн. Хэдий тэр ардчилсан сонгуулиар ялж, гарч ирсэн ч хүн төрөлхтний эсрэг хамгийн том дайныг өдөөж, олон мянган хүний амийг хөнөөсөн хүйтэн сэтгэлт нэгэн байж. 

Яг үүнээс улбаалж германчууд хэт популист буюу Гитлер шиг хүнийг улс төрийн ямар ч боловсролгүй иргэн сонгох нь дэлхийд ямар их гай авчирдаг болохыг мэддэг болсон юм. Тиймээс л ардчилал хөгжих буй орнуудад ийм популизмыг хэрхэвч гаргаж болохгүй гэж үзээд, улс төрийн боловсрол олгох “Конрад Аденауэр” санг байгуулж, сургалт явуулж эхэлсэн. Өмнө нь Монгол орны маш өргөн уудам нутаг, цар хүрээг хамарч, уг сангаас сургалтууд явуулдаг байсан. Энэ үед би сургалт хариуцсан багшаар ажиллаж байлаа. Тиймээс л энэ сангийн гол зорилгыг сайн мэдээд байгаа хэрэг. Харин одоо төр энэ ажлыг хийж, хэрэгжүүлэх ёстой чухал цаг үе дээр ирчхээд байгаа. Үүнийг хийхгүй бол иргэд мэдэх ёстой зүйлээ мэдэхгүй өнгөрнө. Үүнээс гарах үр дагаварыг яриад ч хэрэггүй. Нэг өгүүлбэрээр тайлбал, иргэдээ улс төрийн боловсролд сургахгүй бол 76 Гитлер буюу популистууд сонгогдох аюултай. Энэ бол бидний нэгдүгээрт эрэмбэлэгдэж буй хамгийн гол тулгамдсан асуудал.
Хамгийн энгийн жишээ хэлье л дээ. Өнөөдөр сонгуулийн ирц ямар байна вэ. Хүмүүс санал өгөхөө больж, ардчиллаас ухарч байна. Парламентын засаглалаас залхаж эхэллээ. Энэ нь нөгөө л мөн чанараа ойлгохгүй, түүний тухай ямар ч төсөөлөлгүй байгаатай л холбоотой. Тиймээс л хүмүүс шийдвэр гаргаж чадахгүй, оролцох ёстой зүйлдээ оролцохгүй, эрхээ эдлэхгүй байна шүү дээ. Үүн дээр нь тодорхой тооны овжин популистууд тогтлолт хийж, улс төрийн сонголтыг өөр тийш нь эргүүлж байх жишээтэй. Эцэстээ, энэ нь ходоодны сонголт болж хувираад ч байх шиг. Энэ бүхэн ардчилал, түүний хөгжилд маш сөрөг нөлөөтэй. Харин үүнийг хамгаалах нь Ардчилсан намын үүрэг учраас гишүүдээрээ дамжуулан үзэл баримтлалаа хүн бүрт түгээхийг эрмэлзэж байгаа юм.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж буй энэ үед Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглалыг сонгох уу гэдэг асуулт олон нийтийн дунд өрнөж байна. Таныхаар аль засаглал нь манайд илүү ээлтэй вэ?


-Хувь хүнийхээ үүднээс хэлэхэд, би тууштай парламентын засаглалыг дэмждэг. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэдэг үг байдаг. Ер нь олуулаа хэлэлцэж шийдвэр гаргана гэдэг нь маш зөв зүйл. Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд ашигтай олон өөрчлөлтүүд харагдсан. Тэдгээр зүйлийг өөрчилж чадвал явуулах нь зүйтэй. Энэ нь манай парламентын засаглалд болон Монгол Улсын ирээдүйд хэрэгтэй алхам болно. Гэхдээ маш олон асуудлын ээдрээг хөвөхөөр эцэг хууль дээр очоод гацдаг. Тиймээс энэ хуулийг өөрчлөх боломж 10, 20 жилд нэг л удаа тохиодог учраас маш сайн хэлэлцүүлгийн үндсэн дээр өөрчилж чадвал үр дүнд хүрнэ. Нөгөөтэйгүүр, бусад улс орны жишгээс харахад том хуулийн өөрчлөлтийг гол улс төрийн хүчнүүд тэгш харьцаатай байх үед хийдэг юм билээ. Ингэж байж олон дуу хоолой гардаг. Хэт олонхоороо түрж, өөрчлөлт хийх нь цаг хугацааны явцад алдаа гарахыг үгүйсгэх аргагүй.

-Монголд Ардчилсан хувьсгал ялаад 30 жил өнгөрчээ. Энэ хугацааны алдаа, оноог залуу хүний нүдээр харвал?


-Хэдийгээр, Монгол Улсад ардчилал ялаад 30 жил өнгөрсөн ч өнөөдөр ч үүний төлөвшлийн үйл явц үргэлжилсээр л байгаа. Ардчилал гэдэг энэ ойлголт, засаглал нь дэлхий нийтээр хайж олсон, одоо хэрэглэж буй Засаглалын хамгийн сайн хувилбар. Харин энэ ойлголтыг тухайн улс авч хэрэглэхдээ өөрсдийн орныхоо онцлогийг тусгаж байна уу, үгүй юу гэдгээс мөн асуудал хамаарна. Тэгэхээр өнгөрсөн 30 жилийг эргээд нэг харвал, Ардчилсан нам өөрийн гэсэн ардчиллын шинэ хувилбарыг бий болгож чадсан гэж хэлнэ. Хүн төрөлхтний түүхэнд хамгийн сайн олж авсан засаглал бол ардчилал. Гэхдээ ардчилал өөрөө алдаатай гэж Черчиль хэлсэн байдаг. Ингээд аваад үзвэл алдаа бий. Гэхдээ төгс хувилбар гэж хаана ч байхгүй шүү дээ. Ер нь явсаар байгаад л онолтой л холбогдоно. Онолынхоо хүрээнд хөгжиж байгаа юу гэвэл тийм. Ардчилсан нам анх байгуулагдахдаа л баруун төвийн үзэл баримтлалтай нам байна гэж гарч ирсэн. Энэ үндэслэлээрээ явж байгаа. Гагцхүү шинэчилсэн байдлаар энэ цаг хугацаанд үзэл баримталаа дахин тодорхойлогдож байгаагаараа л өөр. Түүнээс өөр үзэл баримтлалтай байж байгаад шинээр хийж байгаа асуудал ерөөс биш.

-Үзэл баримтлал гэхээр ардчилал гэсэн үг ч юм шиг ойлголт төрөөд байна. Ялгааг нь тайлбарлаач?


-Үзэл баримтлал гэдэг бол хийсвэр зүйл. Гарт баригдах бодит зүйл биш. Та бидний үзэл баримтлал гэдэг нь энэ зүйл рүү явах ёстой гэсэн оюун санааны чиглүүлэгч. Эндээс халих юм бол өөр зүйл болно. Тиймээс үүний хүрээнд байх нь Ардчилсан намын үзэл баримтлал юм. Нэг үгээр хэлбэл, үзэл баримтлал гэдэг бол Ардчилсан намын чиглүүлэгч. Ардчилал хаашаа хөгжих, юунд очих, юу болж үргэлжлэхийг зааж өгнө. Үзэл баримтлал нь нийгэм хөгжихийн хэрээр урагшилж, шинэчлэгдээд явна. Мөнхийн зүйл гэж байхгүй. Гагцхүү өөрчлөгдөхгүй ганц зүйл бол сайн Үндсэн хууль. Америкийн жишээ байна. Тэдний Үндсэн хууль өөрчлөгдөхгүй, нэмэлт өөрчлөлт орохгүй 200, 300 жил болж, өнөөг хүртэл хүчин төгөлдөр хэвээр хадгалагдаж байна. Харин үзэл баримтлал гэдэг хууль биш учраас тодорхой хугацааны дараа нийгмийн өөрчлөлтийг даган өөрчлөгдөн, шинэчлэгдсээр байна гэсэн үг. Одоо гарч ирсэн үзэл баримтлал энэ цаг хугацааны хувьд шинэчлэгдэж гарч ирсэн хувилбар. Магадгүй 10, 20 жилийн дараа дахиад л өөрчлөгдөж таарна.

-Ардчиллыг танай намын өмч мэтээр ойлгодог хүмүүс байна. Улмаар алдааг нь наахыг оролддог. Үүнийг өмчилж болох уу?


-Ардчилал гэдэг ерөнхий нэр томьёо. Манай намын нэр Ардчилсан нам учраас хүмүүс ардчилал гэхээр шууд холбож ойлгоод байдаг юм. Үнэндээ ардчилал гэдэг ойлголт бол Монгол Улсыг хүчтэй аадар борооноос хамгаалах шүхэр, бүрхүүл, агаар юм. Ардчиллыг хүн бүхэн, бүхий л нам эдэлж байгаа. Чөлөөтэй эвлэлдэн нэгдэж, үзэл баримтлалаа чөлөөтэй гаргаж, дүрмээ өөрийнхөөрөө зохиож, мөрийн хөтөлбөрөө боловсруулж, сонгуульд чөлөөтэй оролцож байна. Энэ бол ардчилал. Ардчилал гэдэг Ардчилсан намын өмч биш. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх нам, бүх нийтийн, энэ бүс нутагт оршин буй бүх амьд биетүүдийн асуудал. Харин ардчилал дотроо Ардчилсан нам гэдэг тодотголтой намын бусдаас ялгарах ялгаатай үзэл баримтлал буюу дотоод философи нь юу юм бэ гэдгийг л хэлээд байгаа хэрэг. Энэ бол намын оршин тогтнох онол. Үүнийгээ ойлгож байж Ардчилсан намын гишүүдийн сонголт, байр суурь хэмжигдэх ёстой. Өнөөдөр манай намын гишүүдийн дийлэнх нь үзэл баримтлалаа сайн мэдэхгүй байна. Хоёрдугаарт, олон ургальч үзлийн тухай ерөнхий ойлголттой, гуравдугаарт хэт хувирамтгай байна. Цаашид ийм байдлаар явж огт болохгүй. Сонгодог утгаар нь ардчиллыг хөгжүүлэх ёстой.

-Ирээдүйн 15 жилийн ардчиллын хөгжлийг хэрхэн төсөөлж байна вэ?


-Ойрын 10-15 жилд өнгөрснөөсөө суралцаж, өнөөдрийнхөө үзэл баримтлал дээр тулгуурлан ирээдүй рүү хөдлөх ёстой. Ардчилсан намын гишүүдийн дотоод итгэл үнэмшлийг өмнөх үеийн гишүүдээс илүү их батажсан, онол суурьтай болгоход анхаарах ёстой. Гэлээ гээд өмнө нь бат суурьгүй байсан гэсэн үг огт биш. Партизанууд маань ардчиллын үйл хэрэгт хоёргүй сэтгэлээр зүтгэж, чадах бүхнээ хийж өнөөдрийн Ардчилсан нам бий болсон. Ардчилал Монгол улсад бүрэн тогтсон. Харин бид цаашид энэ бий болсон хөгжлийг онол, үзэл баримтлалаар илүү их батжуулж, хөгжүүлэх ёстой. Тиймээс онол, үзэл баримтлалаа түшиглэн хөгжих тухай чуулганаар ярилцах нь зүйтэй болов уу.

-Ярилцсанд баярлалаа.

 

Эх сурвалж: "Ардчилал таймс" 

Сэтгүүлч: Б.Бямбасүрэн