Говийн бүсийн чуулганд Багахангай дүүргийн залуус тэргүүллээ

"Шинэ давалгаа-Андууд" отгон чуулганаа Дундговь аймгийн Адаацаг сумын нутагт зохион байгууллаа. Говийн бүсийн чуулганд ДОРНОГОВЬ, ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ, ГОВЬСҮМБЭР аймгаас гадна нийслэлийн БАГАХАНГАЙ дүүргийн нийт 700 орчим ардчилсан залуус оролцсон юм. Чуулганы үеэр Үзэл баримтлалаа таниулах сургалтууд, илтгэлийн болон спортын тэмцээнүүд, урлагийн наадам, "Фүүд фестиваль", гэрэл зургийн үзэсгэлэн зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүд зохиогдож, багийн дүнгээр Багахангай дүүргийн залуус тэргүүн байрт шалгарлаа. Удаах байранд Дундговь, гуравдугаар байрт Дорноговь аймаг тус тус шалгарав. Ардчилсан нам энэ оныг "ЗАЛУУСЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ" болгон зарласан. Энэ хүрээнд Ардчилсан намын дэргэдэх "Ардчилсан залуучуудын холбоо", КАС (Конрад Аденауэрийн сан)-тай хамтран "Шинэ давалгаа-АНДУУД" бүсийн чуулгануудыг амжилттай зохион байгууллаа. Монгол орны наран ургах зүгээс эхэлсэн "Шинэ давалгаа-Андууд" чуулган эх орны өнцөг, булан бүрт ажиллаж, амьдарч буй 7000 орчим ардчилсан залуусыг нэгтгэлээ.