"Бид ардчилалгүй Монгол орныг төсөөлөхгүй"

-Урам зоригтой ирээдүй-Үнэт зүйлтэй залуус-Үзэл баримтлалтай ардчилал-

“Гурвансайхан сумын шинэчлэлийн тулгуур нь  залуусын оролцоо байсан юм”

Одоогоос тавхан жилийн өмнө хөдөөгийн буйдхан суурин байсан Дундговь аймгийн Гурвансайхан сум эдүгээ орчин үеийн жишиг сум болон өөрчлөгджээ. Энэ тухай Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Р.Эрдэнэбүрэн “Анхны уулзалтанд гуравхан хүн ирж байсан. Гэхдээ бид шантраагүй. Хүмүүст хэлсээр, ярилцсаар л байсан. Үр дүнд нь Гурвансайхан сум маань өнгө төрхөө өөрчилж, орчин үеийн жишиг сум болсон. Амьдрах орчноо өөрчлөхийн төлөө хүн бүхэн зүтгэсэн. Сумын иргэд хуушуур, буузаа хийгээд халуун савтай цайгаа барьж ирээд тусалж байсан. Зам, дэд бүтцээ шийдвэрлэж, 100 км-ээс хөрс татаж, ногоон байгууламж байгуулсан. Элс, шороо эргэлдсэн талд бид ногоон байгууламж байгуулж чадсан. Хашаанаасаа эхлээд бүхнийг өөрчилж, дахин төлөвлөлт хийсэн. Сумын шинэчлэлд ойролцоогоор дөрөв орчим тэрбум төгрөг зарцуулсан. Олон улсын байгууллагуудаас эхлээд малчид хүртэл сумынхаа шинэчлэлд хөрөнгө оруулалт хийсэн. Улсын төсөв харж суулгүй амьдрах орчноо өөрчлөх боломж хөдөөгийн сумдад байна. Өмнө нь 30 хүүхэдтэй байсан сумын цэцэрлэгт өнөөдөр 200 хүүхэд суралцаж байна. Эмч, багш нар тогтвор суурьшилтай ажилладаг болсон. Иргэд төрийн үйлчилгээ авах гэж заавал аймгийн төв, хот суурин газар явах шаардлагагүй болсон. Хөдөөгийн малчид сумынхаа өөрчлөлт, шинэчлэлд сэтгэл хангалуун байгаа. Өмнө нь улсын сайн малчин, аварга малчин болоод найр наадам хийдэг байсан. Тэгвэл Гурвансайхан сумын малчин залуу гэр бүл “Улсын сайн малчин” болоод найр, наадам хийгээгүй. Тэд сумандаа “Бархасын нэрэмжит төгөл” байгуулсан. Энэ бол бидний хүсч байгаа өөрчлөлт. Өнгөрсөн хугацаанд барилга, байшин барих нь тийм ч хэцүү байгаагүй. Харин  хүмүүсийн хандлага, сэтгэлгээг өөрчлөх хамгийн чухал нь байсан юм. Энэ бүх шинэчлэлд манлайлан оролцсон нь Гурвансайхан сумын залуус байсан. Залуу хүнд хүсэл тэмүүлэл байдаг, залуусын зүрхэнд итгэл, найдвар, урам зориг бий. Аливаа нийгмийг өөрчлөлт, шинэчлэл рүү залуус манлайлан хөтөлдөг. Тиймээс говь нутгийн залуус та нарт амьдрах орчноо өөрчлөх маш их боломж бий. Зоригтой байгаарай” гэв.

Энэ бол Дундговь аймгийн Адаацаг суманд зохион байгуулагдсан “Шинэ давалгаа-Андууд” говийн бүсийн чуулга уулзалтын үеэр зохион байгуулагдсан “Бодлого, зарчим” форумын үеэр яригдсан жишээ. Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймаг болон нийслэлийн Багахангай дүүргийн ардчилсан залуусын төлөөлөл бүхий 700 гаруй хүн цуглаж,  Дундговь аймгийн нутагт орших Сүм хөх бүрд хэмээх байгалийн сайхан цогцолсон газарт  чуулганаа зохион байгуулсан юм. Их говийн хөгжлийг түүчээлэх залуус энэ сарын 20-22-ны өдрүүдэд “Шинэ давалгаа-Андууд” чуулганд оролцож, Үзэл баримтлалаа таниулах сургалтуудад хамрагдаж, “Хувь хүний эрх чөлөө” сэдвээр илтгэж, нутаг, нутгийнхаа хоолны соёлыг илтгэсэн “Фүүд фестиваль” зохион байгуулж, спортын тэмцээн, урлагийн наадамд авъяас, чадвараа сорилоо. Багийн дүнгээр Багахангай дүүргийн залуус тэргүүлсэн бол удаах байрт Дундговь, гуравдугаар байрт Дорноговь аймаг тус тус шалгарсан юм. Ардчилсан намын дэргэдэх “Ардчилсан оюутны холбоо”-ноос зохион байгуулсан илтгэлийн тэмцээнд залуус “Хувь хүний эрх чөлөө”, “30 жилийн дараах Монгол” сэдвээр өрсөлдсөнөөс Багахангай дүүргийн оролцогч Б.Буянтөгс тэргүүлэв.

Өмнөговь аймгийн залуус 2000 ширхэг бод малын цацруулагчтай хүзүүвч, хөмөлдрөг малчдад бэлэглэжээ

“Шинэ давалгаа”-нд нэгдсэн залуус орон нутагтаа эерэг хандлагыг түгээж, сайн үйлсийн аян зохион байгуулжээ. Тухайлбал, Өмнөговь аймгийн Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн оролцоотойгоор Даланзадгад-Улаанбаатар чиглэлийн авто зам дагуух бод мал бүхий айлуудад 2000 ширхэг  цацруулагчтай хүзүүвч, хөмөлдрөгийг бэлэглэх аяныг зохион байгуулжээ. Иргэдийг зам тээврийн ослоос  урьдчилан сэргийлэх,  засмал зам дагуух мал сүргээ хамгаалах үүднээс зохион байгуулсан тус аяныг нутгийн малчид талархан хүлээж авсан байна.

Үүний зэрэгцээ чуулганы хоёр дахь өдөр “Бодлого зарчим” форум зохион байгуулагдаж, “Чинээлэг малчин” хөтөлбөр, “Жишиг сум” төслийн танилцуулгууд хийгдэж, орон нутагт тулгамдаж буй асуудал, гарц, шийдлийн талаар залуус хамтдаа ярилцсан юм. Дундговь аймаг мал аж ахуйд суурилсан эдийн засагтай олон жил явж ирсэн. Цаашид бүс нутгийн хэмжээнд аялал жуулчлалаа хөгжүүлж, олон тулгуурт эдийн засагтай болох шаардлагатай байгааг Дундговь аймгийн Ардчилсан намын дарга Ц.Мөнхбат хэлж байв. Харин Өмнөговь аймгийн хувьд Монгол Улсын төсвийн дийлэнх хувийг бүрдүүлдэг, улсаас татаасгүй аймгуудын нэг боловч зам, байгаль орчин гээд тулгамдсан асуудал бишгүй байгааг форумын үеэр Өмнөговь аймгийн Ардчилсан намын дарга  Р.Сэддорж ярьж байв. Сүүлийн жилүүдэд Улаанбаатарыг  утаагүй болгохын тулд нүүрсээ говиос зөөж байгаа нь тийм ч оновчтой шийдэл биш гэдгийг Өмнийн говийн залуус хэлж байна. Учир нь нүүрсний тээвэрлэлтээс болж зам сүйдэж, зам тээврийн осол нэмэгдэж, иргэд амь нас, эд хөрөнгөөрөө хохирч байгааг форумын үеэр ярьж байв. Үүний зэрэгцээ бүс нутгийн хэмжээнд цөлжилтийн асуудал тулгамджээ. Говийн бүсийн нийт газар нутгийн 70 гаруй хувь нь цөлжсөн бөгөөд үүний 10 хувь нь нөхөн сэргээгдэхгүйгээр цөлжжээ. Бэлчээрийн даац хэтэрсэн, уул уурхайн компаниудын зүй зохисгүй үйл ажиллагаа зэрэг олон хүчин зүйл нөлөөлж байгааг ч хэлж байв. Түүнчлэн хөдөөд ядуурал, ажил эрхлэлт, залуусын боловсрол, иргэдийн эрүүл мэнд зэрэг тулгамдсан олон асуудал байгааг хэлж форумын оролцогчид хэлж байлаа.

Залуус хандлагаа өөрчилж, орон нутгийнхаа хөгжилд гар бие оролцож, дуу хоолойгоо төрд хүргэхийг хүсч байгаагаа хэлж байна.  Улс төр, нийгмийн амьдралд идэвх оролцоотой байх нь ирээдүй хойч үеийнхээ төлөө хийж буй алхам хэмээн бүсийн чуулганд оролцогчид хэлсэн юм. Шинэ үеийн залуус хэн нэгэн дарга, бүлэг хүмүүсийг даган, дуурайх биш Үзэл баримтлал, үнэт зүйлээрээ нэгдэхийг эрмэлзэж байна. Тиймээс ч 2019 оныг Ардчилсан нам “Залуусын хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд Ардчилсан намын дэргэдэх “Ардчилсан залуучуудын холбоо”, КАС (Конрад Аденауэрийн сан)-тай хамтран “Шинэ давалгаа-Андууд” бүсийн чуулгануудыг амжилттай зохион байгууллаа. Монгол орны наран ургах зүгээс эхэлсэн “Шинэ давалгаа-Андууд” чуулган  эх орны өнцөг, булан бүрт ажиллаж, амьдарч буй нийт 10 мянга гаруй ардчилсан залуусыг нэгтгэж, Үзэл баримтлал, үнэт зүйлээ таниулсан юм. 30 жилийн тэртээ тэмцэж олж авсан үнэт зүйлээ түүчээлж, Ардчиллын голомтыг сахин, хамгаалах хариуцлагатай бөгөөд амаргүй цаг үед амьдарч буй залуус “Ардчилалгүй Монгол орныг төсөөлөхгүй” хэмээн үзэл бодлоо илэрхийлж байна. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монголын нийгэмд алдаа, оноотой олон зүйл болж өнгөрсөн ч энэ бүхэн Ардчиллын буруу байгаагүй гэдгийг ч хэлж байсан юм.

УРАМ ЗОРИГТОЙ ИРЭЭДҮЙ, ҮНЭТ ЗҮЙЛТЭЙ ЗАЛУУС, ҮЗЭЛ БАРИМТЛАЛТАЙ АРДЧИЛАЛ.................