Дарханы замд энэ оны эхний хагаст 300 гаруй хүний амь эрсджээ

Дархан-Улаанбаатар хоорондын 205 км автозамын ажлын өргөтгөл,  шинэчлэлийн ажлын явцтай холбоотойгоор Дархан, Эрдэнэт, Сэлэнгийн иргэд өнөөдөр /2019.09.24/  мэдээлэл хийлээ.  Дарханы залуус хамтран өнгөрөгч  2018 оны наймдугаар сард Дархан-Улаанбаатар чиглэлийн автозамыг шинэчлэх шаардлага тавьж байсан. Тухайн үед Азийн хөгжлийн банкны 60 сая ам.долларын зээлээр хоёр эгнээтэй зам тавих шийдвэр гарсан байдаг. Үүний дараа  Европын сэргээн босголт, хөгжлийн банкны 60 сая ам.долларын санхүүжилтийн асуудлыг Монгол Улсын Засгийн газар шийдвэрлэснээр дөрвөн эгнээ, олон улсын стандартад нийцсэн зам тавихаар болсон. Улмаар энэ оны зургадугаар сард  Дархан-Улаанбаатар чиглэлийн автозамын ажил албан ёсоор эхэлсэн ч ажлын явц хангалтгүй, санхүүжилт бүрэн шийдэгдсэн эсэх нь тодорхойгүй байна. Мөн гүйцэтгэлд төрөөс хяналт тавихгүй байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж  байгаагаа хэллээ.  Дархан-Улаанбаатар чиглэлийн  замд 2019 оны эхний хагаст  300 гаруй хүний амь эрсдэж,  200 гаруй авто ослын гэмт хэрэг бүртгэгджээ.  Мөн 100 гаруй хүн зам тээврийн ослын улмаас хөгжлийн бэрхшээлтэй болж, эрүүгийн 57 хэрэг үүсгэн шалгагдаж байна.  Дархан-Улаанбаатар чиглэлийн замын гүйцэтгэлийн ажил 30 хувьд ч хүрээгүй байхад ирэх арваннэгдүгээр  сард ашиглалтад оруулах талаар  Монгол Улсын Ерөнхий сайд болон Зам тээврийн сайд ярьж байгааг иргэд эсэргүүцэж байгаагаа хэвлэлийн бага хурлын үеэр хэлж байв.  Мөн ЗТЯ, ХЗДХ, ЭМЯ хамтарч 2018 онд Зам тээврийг ослын цагаан номонд орсон дүгнэлтийг иргэд эсэргүүцэж байна. Учир нь тус номонд  авто тээврийн ослын 97.7 хувь нь жолоочийн буруугаас, 2.1 хувь нь явган зорчигчоос, 0.2 хувь нь замын чанараас шалтгаалж байна гэж дүгнэсэн байна.  Бодит байдал дээр автозамын чанар муугаас осол, аваар ихээр гардаг тул иргэд энэхүү  дүгнэлтийг иргэд эсэргүүцэж байна гэлээ.