Р.Амаржаргал: Ардчилал оюун санааны өөрчлөлтийг хийснээрээ хамгийн том хувьсгалыг авчирсан

-Та ардчиллын үйл явцтай анх хэдийд учрав. Эндээс хоёулаа ярилцлагаа эхлэх үү?

-Яг тэр нэр томьёо гэх юм бол ЕБС-ийн ахлах анги, их сургуулийн оюутан байх үеэсээ үзэж, сонсч онолын хувьд зохих хэмжээнд гадарлаж байсан. Гэхдээ М.С.Горбачёвын “перестройка, гласность” гарч иртэл хийсвэр нэр төдий л ойлголт явсан байх. Яг 1990 он хүртэл ардчиллын агуулга мөн чанарыг ойлгож мэдэж байсан хүн ховор л байсан байх, ямар сайндаа 90 оны сонгуулийн дараа эрх баригч намын нэг эрхэм гишүүн “Ардчилал, зах зээл” гэсэн хоёр үгээр л яваад байгаа шүү энэ чинь чухам юу гэдгийг хэлээд өгөөч гэж үнэнээ хэлж байсан. Одоо бол инээдтэй санагдах байх үнэндээ 1990 онд ер нь тэгж эхэлсэн. Мань мэтийн нэг хэсэг нь осолгүй нэг хоёр үгтэй болчихсон цаг. Эрх чөлөө, хэвлэн нийтлэх, эвлэлдэн нэгдэх, плюрализм, шашин шүтэх, брокер, диллер, банкны тогтолцоо, мөнгө болон сангийн бодлого, эрэлт, нийлүүлэлт, компани, корпорац гэсэн үгүүдтэй байсан, нуух юу байна. Үнэндээ чухам юу байдаг, цаана нь жинхэнэ агуулга нь юу юм гэдгийг ер нь мэдэж байсан хүмүүс их ховор, хаалттай нийгмээс дөнгөж салах гэж оролдож байсан, төрөлтийн хүндрэл зовлонг амсч байсан үе шүү дээ. Бүгдээрээ л тийм ойлголтын хэмжээнд байсан, үнэн шүү.

-30 жилийн өндөрлөгөөс эргэж харахад танд юу бодогдож байна. Бид энэ хугацаанд сайн муу бүгдийг үзлээ? 

-Энэ 30 жилийн хугацаанд бид нүүр бардам байж болно. Яагаад гэхээр шинэ нийгэм, шинэ тогтолцооны зайлшгүй бүх эд ангиудын хэрэгслүүдийг бий болгочихсон. Одоо бүгд байгаа. Улс төр, нийгэм, эдийн засаг, гадаад харилцаа, батлан хамгаалах салбар гээд бүх тогтолцоо нь байна. Хамгийн том зорилт юу гэхээр зүгшрүүлэх, төгөлдөржүүлэх асуудал. Энэ бидний хийсэн бөгөөд, цаашдаа гарцаагүй анхаарах ёстой асуудал. Гэхдээ үүгээр хязгаарлаж болохгүй болчхоод байгаа юм. Өнөөдөр XXI зууныг тодорхойлж байгаа зүйл бол шинжлэх ухаан, техник, технологийн ойлголт, мэдээлэл. Том дата, аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал, хиймэл оюун ухаан, крепто, мөнгөн тэмдэгт гээд цоо шинэ ертөнц бий болох гэж байгаа шүү дээ. Монгол байтугай Америк, Япон, Англи, Орос, Хятад ойлгохгүй цоо шинэ ертөнц бий болж байна. Энэ том ертөнц рүү бид хүссэн хүсээгүй орно. Бид хүн төрөлхтнөөс энэ утгаараа бол хоцроогүй. Яг нэг гараан дээр ирчхээд байна. Энд хэн түрүүлж хөлөө олж, байр сууриа эзэлж чадаж байгаа нь цаашаа өсч дэвжиж явна. Тэгэхээр XXI зууны шаардлага хангасан улс төр, эдийн засгийн тогтолцоогоо бий болгох асуудлыг маш яаралтай хөндөж үүн дээрээ оюун санаагаа нэгтгэж, зүтгэх юм бол бид хөгжинө. Үүнээс хоцорчих юм бол бид ёстой нөгөө хавсарга болж үлдэнэ шүү дээ.

-Ер нь яг ардчилал жинхэнэ утгаараа хөгжиж чадаж байна уу?

-Үгүй, үгүй. Ардчиллын албан ёсны формаль элементүүд бий болсон. Гэхдээ нөгөө агуулга талаасаа бол дутуу зүйл байгаа. Тийм учраас тэр дүр эсгэсэн ардчилал гээд янз янзын нэр томьёонууд яваад байгаа биз дээ. Тэр бол үнэн. Гэхдээ нөгөө талаасаа үгүйсгэж болохгүй зүйл. Яагаад гэвэл зайлшгүй ингэж явах нэг тийм үе шат л байдаг юм шиг байгаа юм. Тэр муу муухай гээд байгаа, болохгүй, бүтэхгүй байгаа үе нь богинохон байгаасай л гэж боддог.

-Ардчилал танд юу өгсөн бэ?

 -Би ардчиллыг надад юм өгөх ёстой гэж боддоггүй. Ардчилал хүний оюун санааг эвдэж их өөрчлөлтийг авчирснаараа хамгийн том хувьсгалыг хийж чадсан. Энэ утгаар нь аваад үзвэл надад аливаа зүйлийг хийх эрх чөлөөг чөлөөтэй олгосон гэж хэлж болно. Харин үүнийг надад өгсөн нь юутай ч зүйрлэшгүй зүйл юм. Түүнээс ямар нэг албан тушаал авах ёстой гэж сэтгэдэг, боддог хүмүүс байгаа байх. Би ийм зүйлийг боддоггүй. Ардчиллыг үнэт зүйл, философи, шинжлэх ухаан, төрийн тогтолцооных нь хэмжээнд л хардаг. Тэр өнцөг нь надад сонирхолтой байдаг. 

-Ардчиллын гол ололт, амжилт, үнэ цэнийг та тодруулаач?

-Би өмнө хэлсэн. Хүн өөрийгөө хүн гэж мэдрэх нэг сайхан. Өөрийнхөө үнэ цэнийг мэдрэх бүүр гоё. Социализмын үеийн нэг үндсэн шинж чанар нь тотальный дефицит буюу хомсдол. Тэр хомсдол гэдэг зүйл чинь хүнийг хүн биш болгодог байсан. Тухайлбал худалч, хулгайч, бялдууч, долгинуур гээд янз бүрээр нь эвдэж байсан. Хүн өөрийнхөө үнэ цэнийг мэдрэх нь бүү хэл, эрх чөлөөт хүн гэдгээ мэдрэхээ больчихсон байсан үе шүү дээ. Хомсдолын эдийн засгийн утга нь хүнийг тийм болгодог. Би заримдаа боддог юм. Өнөөгийн хүмүүсийн дунд байгаа адгийн зан чанар, шунал гэх мэт сүүлийн 30 жилийн үр дүн үү эсвэл, социализмын хомсдолын үр дагавар яваад байна уу гэж. “Үхэгсэд амьдаа барьж иднэ” гэсэн сүрхий үг Марксын “Капиталд” байдаг. Ямар ч болсон философи социологи, улс төр судлал чиглэлийн хүмүүс энэ сэдвийг гүнзгийрүүлэн судлаасай. Эргээд асуудалдаа орвол “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэж монгол ардын зүйр үг байдаг. Ардчилал үүнийг л хэрэгжүүлэх бололцоог өгсөн юм. Энэ бол хамгийн том ололт байх. Түүнээс энэ байшин, барилга барина гэдэг зүйл өөр хэрэг. Байшин барилга барьж, машин тэрэг хийж ч болох байх. Тэгэхдээ хүний тархи, зүрх, сэтгэлд байгаа зүйлийг, шинэ өнгө аястай болгоно гэдэг хамгийн том өөрчлөлт шүү дээ.

-Ардчиллыг ганц өгүүлбэрээр дүгнэж хэлбэл?

-Үгүй ээ одоо би яаж ардчиллыг томьёолох юм бэ. Түүнийг чинь, аль хэдийн мундаг хүмүүс томьёолчихсон байгаа. (инээв) Ардчилал бол төгс зүйл биш, гэхдээ хүн төрөлхтөн үүнээс дээр юм бодож олоогүй байна гэж хэлсэн байдаг. Монголын хувьд ардчилал Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлын баталгаа гэж ойлгодог юм. Эдийн засгийн харилцаа нь хувийн өмч дээр тулгуурладаг, зах зээлийн зарчмаар явж байгаа учраас Англи, Америк энэ дэлхийн том гүрнүүд Монголыг хүлээн зөвшөөрөөд дэмжээд байгаа юм шүү дээ. Тэгэхээр Монгол Улсын тусгаар тогтнол, Аюулгүй байдлын баталгаа нь энэ ардчилал юм. Түүнээс нэг Дорж, Дондог очоод сонгуульд оролцоод, саналаа худалдаад яваад байхдаа биш. Үүний цаана Монгол Улс, Монгол Үндэстний эрх ашиг яригдаж байгаа учраас бид энэ ардчиллаас ухрах ёсгүй юм. Үүнийг Монголчууд байнга санаж явах ёстой.

-Нэг зүйл асуумаар байна болох уу. Та яагаад тийм хэцүү үед эрсдэл гарган Ерөнхий сайд болсон юм. 1999.07.30-2000.07.26 ны хооронд нэг жилийн хугацаанд та тус албыг хашсан хэцүү байв уу?

-1992-1995 он хүндхэн жилүүд байсан. 1990 оноос хойш 1996 он гэдэг чинь бүхэл бүтэн зургаан жил өнгөрчхөж байгаа байхгүй юу. Хүний ой их богинохон. Юмыг маш амархан мартдаг. Тэр зургаан жилийн хугацаанд нэг жаахан тийм бухимдал маягийн юм үүсч эхэлсэн. Нөгөө сайхан зүйл гээд байсан ардчилал чинь хаана байна, эдийн засаг тэгээд яаж өөрчлөгдөж байгаа юм гээд хүмүүс бухимдаад эхэлчихсэн байсан үе. Тэгээд ардчилал гэдэг чинь ер нь юу юм гээд эргэлзээ төрчихсөн байсан. Мэдээж тэр эргэлзээг нь өөгшүүлэх гэж түүн дээр нь тос асгасан улс төрийн хүчин, тодорхой зүйлүүд байж л байсан шүү дээ. Амаргүй нөхцөлд Ардчилсан холбоо эвсэл 1996 онд засаг авсан. Зөв гольдиролд оруулах, зүгшрүүлэхийн тулд улс төр, нийгэм эдийн засгийн салбарт хатуу ширүүн шийдвэр гаргах ёстой байсан. Зургаан жил тэвчиж ирсэн ард түмний нуруун дээр дахиад илүү хүнд ачаа үүрүүлэх бодит шаардлага байсан. Ямар сайндаа л орон нутгийн сонгуулийн өмнө эрчим хүчний үнэ нэмж байх вэ дээ. Орон нутгийн сонгуульд ялагдах нь ойлгомжтой л байсан. Орон нутгийн сонгуульд ялсан МАХН 2000 он хүртэл засгийн үйл ажиллагааг ил далд үгүйсгэж саботаж тасралтгүй хийж байсан. Өвгөд хөгшдийн тэтгэврийг олгохгүй хойшлуулах удаашруулах улмаар олны дургүйцэл эсэргүүцэл төрүүлэх гэж, өөрөөр хэлбэл МАХН-ынхаа төлөө, АН эсрэг улайран дайрахдаа, улс орон, ард олны ашиг сонирхлыг уландаа гишгэж байсан үе шүү дээ. Энэ мэтчилэн олон хүчин зүйлээс хамааран иргэд, нийгэм тун чардайж байсан бөгөөд эвгүйхэн хөдөлбөл буцаад дарангуйлал сэргэх аюул анзаарагдаж байсан. Ийм нөхцөл байдлаас үүдээд би энэ ардчилал гэдэг зүйл чамд мэдрэгдэх учиртай юм байна гэдгийг ард түмэнд ойлгуулахыг хүссэн юм. Тийм байр сууринаас л асуудалд хандаж Ерөнхий сайдын албан тушаалыг хүлээж авсан. Яагаад гэвэл 1990 онд тэр гарч ирсэн ардчилал нийгэмд асар том хүлээлт бий болгосон шүү дээ. Ард түмэн ардчилал гэдэг зүйл цоо шинээр гараад ирлээ. Төр засаг сайхан болоод явчих байх. Бүх зүйл нээлттэй, ил тод болох юм байна. Одоо бүх эрх, чөлөө маань хангагдаад явчих юм байна. Мөн энэ зах зээл гэдэг юм руу ороод ирэх юм бол амьдрал ахуй эрс дээшлэх юм байна гэж хүн бүрт асар их хүлээлт бий болсон цаг байсан.

-Социализм, коммунизм гэж 1990 онд тасалбар болсон. Капитализм нь хаачсан юм бэ?

-Капитализмаа байгуулаад л байгаа байх даа. Ер нь Монголд одоо өрнөж байгаа үйл явдлуудыг ойлгохын тулд, тэр социализмын түүх рүү нэлээн ухарч орох ёстой. Тэр бүх юм явсаар өнөөдөр тусгалаа олж байгаа гэж үзэж болох юм. Капиталист биш хөгжлийн замыг 1924 онд албан ёсоор зарласан шүү дээ. В.И.Ленин багшийн хэлсэн нэг үг байдаг. Ялсан пролетари нарын тусламжтайгаар буурай улс орнууд феодализмаас капитализмыг алгасаад шууд социализм байгуулж болно гэж. Тэр нэг өгүүлбэр л байхгүй юу. Онолын ямар нэгэн үндэслэл байхгүй зүгээр өөрийнх нь бүтээлүүд дотор байсан ганц өгүүлбэр. Ядаж тэр нь үзэл суртал, концепц болж хувираагүй. Ийм л зүйлээр манай, түүх явлаа шүү дээ.

-Тухайн үед СЭВ гэж байгууллагаас манай улсад нэлээн туслалцаа үзүүлдэг байсан тухай яриа байдаг. Энэ ямар учиртай байгууллага юм бол?

-1972 онд СЭВ гэж байгууллагын хурлаар зарим нэг, хоцрогдсон, улс орнуудын эдийн засгийг дэмжихийн тулд онцгой анхаарах тухай шийдвэр гаргасан юм. Энэ сонгогдсон улс дотор Монгол, Вьетнам, Куба гэсэн орнууд багтсан. Эдгээр улсуудад хөрөнгө оруулалт,техникийн туслалцаа үзүүлсэн. Энэ гурван улсад хайртайдаа биш 1960-аад онд колонийн систем задарч, тусгаар тогтносон улсууд бий болсон. Социализмын замаар явсан улс хөгжиж байгаа түүний тод жишээ нь Монгол, Вьетнам, Куба, тэднийг очиж хар гэхийн тулд тийм шийдвэр гаргасан байдаг.(инээв) Үүнтэй уялдуулаад хэлэхэд нэг инээдтэй онигоо байдаг. Гадны зочин онгоцны буудлаас явж байх замд нь үйлчилж буй албан тушаалтан нь социалист бүтээн байгуулалтаа танилцуулан, энэ үйлдвэрийг чехүүд барьсан, үүнийг югославууд, үүнийг германууд бас үүнийг зөвлөлтийн ах нар барьсан гэж. Тэгтэл өөдөөс нь та нар өөрсдөө юу бариад байгаа юм гэхэд бид социализм барьж байгаа гэсэн гэдэг. (инээв)

-Энэ үед өмч гэдэг ойлголт байхгүй байлаа шүү дээ. Өмчтэй байхын ач холбогдлыг энгийнээр хэлбэл?

-Өмч гэдэг бол чиний эрх чөлөөний баталгаа. Чи хүнийхээ хувьд хүний боол, хүний үгээр, хүний ухаанаар явах уу, эсвэл өөрийн бодлоор, өөрийнхөө ухаанаар амьдрал ахуйгаа залаад явах уу. Ерөөсөө л энэ шүү дээ. Тэгэхээр улс нийгэмдээ өөрийнхөө зохих хувь нэмрийг оруулж явах, тэр бүх зүйлийн чинь баталгаа нь өмч болдог. Ингэхээр өмчтэй болно гэдэг бол онцгой ач холбогдолтой асуудал. Өмчийг, өмчийн эрхийг хэрэгжүүлэх тухай асуудал байдаг. Чи өмчтэй болчихлоо гээд орхих нэг хэрэг. Тэр өмчийн эрхийг чинь хэрэгжүүлэх асуудал гэж байна. Мэдээж алдаа дутагдалтай зүйл их байсан. Өнөөдөр хүн өмчтэй байна гэхэд түүнийг өсгөж үржүүлэн, захиран зарцуулах ёстой. Гэтэл тэр эрхийг нь хязгаарлаж, бизнес хийх эрхийг хааж байгаа явдал гарч байгаа нь эмгэнэл.

-Өмч хувьчлалын талаар олон байр суурь байдаг. Өмчийг хэр зөв хуваарилсан гэж та үздэг вэ?

-Ер нь 1990 оноос хойших хөгжлийн үзүүлэлтүүдээ аваад үзэхээр сонин юм их. Манай ДНБ-хэд дахин өссөн байдаг. 30 жилийн хугацаанд шүү. Нэг хүнд ногдож байгаа ДНБ хэд дахин өссөн, хувиар биш шүү. Энэ бол асар том өсөлт. Дэлхийн бусад улс орнуудтай харьцуулаад үзэхээр ийм үсрэнгүй өсөлт гаргасан улс орнууд их ховор. Тэгээд одоо тийм их өндөр амжилтад хүрчихсэн улс чинь сэтгэл хангалуун сайхан мишээсэн хүмүүс сууж байх ёстой шүү дээ. Гэтэл нэг сэтгэл дундуур, духаараа харсан улс л яваад байгаа. Түүний учир нь нийгмийн баялгийн хуваарилалт үнэхээр, бидний хүссэн хэмжээнд болоогүй гэсэн үг. Нэг хэсэг нь баяжсан. Нөгөө хэсэг нь амьдрал ахуй, хөлөө олохгүй явсаар байгаа. Тэгэхдээ манайд бол туйлын ядуурлын тухай ярьдаггүй их сонин. Энэ яриад байгаа юм чинь харьцангуй ядуурлын тухай ойлголт. Тэр орлогын ялгаварлын асуудлыг бид онцгой анхаарах хэрэгтэй. Яг цаашдаа нийгмийн тогтвортой байдлыг хангах асуудал үүнтэй уялдаа холбоотой байх ёстой. Мөн төр засгийн бүтэц зохион байгуулалтын асуудал ч үүнтэй уялдаж гарах нь зөв. Ер нь дорвитой арга хэмжээ авах цаг бол гарцаагүй болчихсон шүү дээ.

-Хараат бус эдийн засгийн талаар. Та мэргэжлийн хүний хувьд тайлбарлаач?

-Ер нь глобалчлал гэдэг чинь эдийн засгийн глобалчлалын тухай эхэндээ ярьж эхэлсэн юм. Эдийн засаг дэлхий дээр өнөөдөр сүлбэлдчихсэн. Гэхдээ энэ том глобалчлал дотор бид өөрсдийнхөө орон зайг олж зөв томьёолж, түүн дотроо интеграцад нь аль болох хурдан ямар замаар, яаж нэгдэх юм бэ гэдгээ зөв томьёолох асуудал юм. Үүнийгээ бид өнөөдөр тэр болгон харгалзаж чадахгүй байгаа. Тэр утгаараа эдийн засгийн хараат байдалд тодорхой салбарууд бол байгаа, үүнийгээ өнөөдөр олж харах ёстой. Харж чадаж байгаа бол шийдлийг нь олж таарна тийм үү.

-Төр, нам хоёрын байр солигдчихоод байгааг та ер нь юу гэж хариулах вэ?

-Тоглоомын дүрэм өнөөдөр ингэж л шийдсэн. Өөрөөр хэлэх юм бол улс төрийн намаар дамжуулаад төрөө зохицуулдаг тийм систем рүү оръё гэж. Энэ бол бидний 1990 онд хийсэн сонголт. Шинэ Үндсэн хуулиа 1992 онд баталж байхдаа сонгож авсан сонголт энэ. Үүнийг хэрэгжүүлэх нь асуудал болчхоод байгаа юм. Бид субьектив хүчин зүйлээс хамаараад юмыг янз бүрээр уншаад байна шүү дээ. Та нэг янзаар уншиж байхад би бас нэг янзаар унших жишээтэй. Тэгэхээр би өнөөдөр нам гэдэг зүйл яг нөгөө 21 дүгээр зууныхаа шаардлагыг хангахуйц хэмжээнд төлөвшиж бүрэлдэж дуусаагүй байна гэж үзэж байна. Энэ ажил их хоцорч байгаа. Ер нь зүгээр нэг сонин юм ажиглагдаад байдаг. 1990-ээд оны үед улс төрийн хүрээний өөрчлөлтүүд давшингуй явж, эдийн засаг нь хоцорчихсон байж. Эдийн засаг өөрчлөгдөхөд хугацаа хэрэгтэй шүү дээ. Нэлээн олон жилийн хугацаа хэрэгтэй доод тал нь. Гэтэл өнөөдөр 30 жилийн дараа эргээд харж байхад эдийн засаг урагшаагаа явчихсан. Нөгөө улс төр хоцорчихсон байна. Харин бүр эсрэгээр эдийн засгийн хөгжилд улс төр чөдөр болчхоод байгаа. Улс төрийн нам ч гэсэн ялгаа байхгүй.

 

Эх сурвалж: "АРДЧИЛАЛ ТАЙМС" сонин