С.Эрдэнэ: Энэ удаагийн нөхөн сонгууль улс төрийн намуудын рейтингийг тодорхойлох чухал сонгууль болно

Ардчилсан намын өчигдөр болсон Үндэсний бодлогын хорооны ээлжит бус VII хуралдаанаар УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох тухай хэлэлцэж, оролцох шийдвэрээ баталгаажуулжээ.

Сонгуулийн тухай хуулийн дагуу нам эвслүүд сонгуульд оролцох хүсэлтээ дөрөвдүгээр сарын 30-ны дотор Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлнэ. Мөн нэр дэвшигч нь сонгуульд 2016 оны мөрийн хөтөлбөрийн дагуу оролцох тухай СЕХ-ноос мэдэгдээд байна.

Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль ирэх зургаадугаар сарын 30-ны өдөр болох бөгөөд "Энэ удаагийн сонгууль улс төрийн намуудын рейтингийг тодорхойлох чухал сонгууль болно" хэмээн Ардчилсан намын дарга С.Эрдэнэ хурлыг нээж,  хэлсэн үгэндээ онцоллоо.

Мөн хурлын үеэр “Үзэл баримтлал”-ын танилцуулга хийх ажлын хэсэг мэдээлэл хийж, 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн намын гишүүдэд үзэл баримтлалаа таниулан, сурталчлах сарын аян эхлэх гэж байгааг дуулгав. Ирэх сарын 11-нд Үзэл баримтлалаа орон даяар таниулан, сурталчлах үндэсний аян эхэлнэ гэлээ.