Ардчилсан намын С.Эрдэнэ АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл С.Клеческийг хүлээн авч уулзлаа

 

    Ардчилсан намын дарга С.Эрдэнэ АНУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Майкл С.Клеческиийг хүлээн авч уулзлаа. Тус уулзалтанд Ардчилсан намын дэд дарга Р.Амаржаргал, Б.Дэлгэрмаа, АН-ын Гадаад харилцаа, сургалт хариуцсан нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар, ХЭГ-ын дэд дарга Б.Баттулга, АНУ-ын элчин сайдын яамнаас ЭСЯ-ны Улс төрийн хэлтсийн дарга Андрей Гүүдмэн нар оролцлоо.  Уулзалтын эхэнд Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Монгол улс гурав дахь хөрштэй харилцах харилцаагаа улам бүр өргөжүүлэхэд анхаарч ажиллаж байгааг онцоллоо. Мөн тэрээр Ардчилсан намын боловсон хүчнийг бэлтгэх асуудал болон Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй арга хэмжээнд АНУ-ын элчин сайдын яам дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаад талархаж буйгаа илэрхийлсэн юм.  АНУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Майкл С.Клечески хэлэхдээ, “Ардчилал бол манай хоёр орныг холбож буй гүүр юм. Цаашид ч бидний хамтын ажиллагаа улам бүр өргөжинө гэдэгт найдаж байна” гэлээ.