"Хөгжлийн төлөвлөгөө боловсруулах сургалт"-д 10 аймгийн 140 гаруй хүн хамрагдлаа

Ардчилсан нам гишүүдээ чадавхжуулах, системтэй мэдлэг олгох зорилгоор "Хөгжлийн төлөвлөгөө  боловсруулах сургалт"-ыг зохион байгуулж байна. Сургалтыг Ардчилсан нам, КАС (Конрад Аденауэрийн сан)-тай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн  "Хөгжлийн төлөвлөгөө боловсруулах сургалт"-д Завхан, Увс, Говь-Алтай зэрэг баруун болон хангайн бүсийн 10 аймгийн 140 гаруй хүн хамрагдлаа. Намын анхан шатанд ажиллаж буй сумдын намын дарга нар хамрагдсанаараа энэ удаагийн сургалт онцлог бөгөөд орон нутгийнхаа нөөц, боломжид суурилсан  хөгжлийн төлөвлөгөө боловсруулахад суралцах, онолын түвшинд системтэй мэдлэг авах зэрэг онцгой ач холбогдолтой арга хэмжээ болж байгааг оролцогчид хэлж байв.  Тус сургалтын үеэр УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ "Ардчилсан нам гишүүдээ чадавхжуулахад ихээхэн анхаарч ажиллаж байна. Улстөрийн намд боловсон хүчний чадавх чухал. Ер нь улстөрийн намын анхан, дунд аль ч шатанд ажиллаж буй удирдлагууд, гишүүд улс орны хөгжлийн бодлого, хөгжлийн төлөвлөгөөний талаар тодорхой мэдлэгтэй байх хэрэгтэй. Тиймээс ч энэ удаагийн сургалтыг зохион байгуулж, сумдын намын дарга нар хамрагдаж байна. Ардчилсан намын гишүүд  тухайн орон нутагтаа мэдлэг, чадвараараа манлайлдаг байх, хөгжлийн бодлогыг оновчтой тодорхойлох, бүс нутгийнхаа нөөц, боломжийг мэддэг байх нь чухал" гэлээ. "Хөгжлийн төлөвлөгөө боловсруулах" сургалт энэ сарыг дуустал үргэлжлэх бөгөөд сумдын намын дарга нараас гадна нийслэлийн есөн дүүргийн намын дарга нар хамрагдана.