С.Санасэр: Эрх баригчид төсвийн төсөл дээр шинэ манлайлал, хандлага бий болгох боломжтой байсан

МУИС-ийн Бизнесийн Сургуулийн багш, эдийн засагч С.Санасэртэй ярилцлаа.
 
-Эрх баригчид ирэх оны төсвийг өөдрөг төсөөлж, тооцсон нь нэлээд шүүмжлэл дагуулж байна. Таны хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Орлого талыг нь асууж байна гэж ойлголоо. Эдийн засгийн өсөлтийн бус үед өөдрөгөөр төсөөлөх нь эрсдэлтэй. Хэрэв тухайн орлого орж ирэхгүй бол томоохон эрсдэлийг бий болгоно гэсэн үг. Манай улсын эдийн засаг мэдлэг, нэмүү өртөг хамгийн бага шингэсэн уул уурхай, түүхий эдийн үнийн өөрчлөлтөөс шууд хамаардаг. Ийм савлагаатай нөхцөлд төсвийг өөдрөг төсөөлөх бус хамгийн их дарж, бодитой төсөөлж байх учиртай.  Товчхондоо бид жил бүр төсвийг өөдрөг төсөөлөх гээд байдаг сул талтай. Үүнээс болоод эдийн засагт хүндрэл бий болсоор байна. Энэ алдаанаасаа суралцахгүй байгаа нь бидний гол дутагдал гэж хардаг. Эрх баригчид сонгуулийн жилийн төсвийн төсөл дээр орлогоо өөдрөг төсөөлж, зарлагаа нэмэгдүүлдэг буруу жишгийг дахин давтлаа. Уг нь тэд, үнэмлэхүй олонх болсон дээрээ шинэ манлайлал, цоо шинэ хандлага соёлыг бий болгох бүрэн боломжтой байсан. Харамсалтай нь үүнийг хийж чадахгүйд хүрээд байна.
 
-Төсвийн алдагдал жилээс жилд нэмэгдсээр байна. Алдаг­далгүй батлах боломж бий юу?

-Төсвийг алдагдалгүй батлахын тулд орлогыг тэлэх эсвэл зарлагыг хумих гэсэн хоёр зарчим байгаа. Дээр ярьсанчлан бидний хувьд зөвхөн зарлагыг хумих замаар төсвийн алдагдлаа  бууруулах боломжтой. Төсвийг алдагдалтай баталж байгааг хэд хэдэн хүчин зүйлээр тайлбарлаж болно. Нэгдүгээрт, нөгөө л сонгуулийн тогтолцоотой холбоотой. Гишүүд нөгөө жижиг тойрогтоо таалагдах гэсэн жижиг бодол руугаа хальтарч ордогтой холбоотой гэж хардаг. Тийм систем ажиллаж байгаа болохоор энэ УИХ-ын гишүүд нь Ерөнхий сайд, Сангийн сайдынхаа урд хойно нь гараад “Манай тойрог дээр төдөн төгрөг, өдөн төгрөг төсөвлөөд өг” гээд гүйчихдэг. Ийм байхад улсын хэмжээний нэгдсэн бодлого гаргахад хүндрэлтэй. Тухайлбал, энэ удаагийн төсөв дээр манай улсын 330 сумаас зөвхөн найман сумын оюутнуудад бүхэл бүтэн 9 тэрбум төгрөгөөр оюутны байр барина гэсэн байна. Энэ мэт жишээ олон бий. Бүр цаашилбал богино, дунд хугацаанд эргэж орлого олохгүй байр сав, сандал ширээнд хөрөнгө оруулсан нь дээр үү эсвэл технологи болон хүмүүсийн орлого олох салбаруудаа дэмжсэн нь дээр үү гэдэг асуудал яригдана. Хоёрдугаарт, манай Засгийн газар хэт өндөр үнээр маш үр ашиггүй, чанаргүй бүтээгдэхүүн үйлчилгээ худалдан авдаг. Улам илүү нээлттэй, ил тод, хариуцлага нэхдэг систем чухал байна. Гуравдугаарт, төсвийн төлөвлөгөө боловсруулах үе шатны сахилга бат маш хангалтгүй байна. Жишээ нь, хавдрын өвчлөл харанга дэлдэж байгаа энэ үед бид үүнийг төсөвт суулгаж амжаагүй гэдэг бол туйлын хариуцлагагүй, төлөвлөхөөсөө өмнөх судалгаанууд, нэн тэргүүний зорилтууд замбараагүй уялдаагүй байгааг харуулж байгаа юм. Эдгээр асуудлууд дээр анхаарч системтэй төлөвлөж чадвал төсвийг алдагдалгүй төлөвлөх бүрэн боломжтой гэж хардаг. Сүүлийн таван жилийг харъя. 2015 онд 7.1 их наядаар бид зардал гаргаж амьдарч байсан. Гэтэл өнөөдөр 13.9 их наядын зардал гаргана гээд сууж байна. Зардал нь хоёр дахин нэмэгдсэн байна. Гэтэл энэ хугацаанд иргэдийн амьдрал энэ хэмжээнд сайжирсан уу гэдэг асуудал бий. Тэгэхээр түрүү ярьсанчлан үр ашиггүй зардлуудыг ихээр гаргасаар байна гэсэн үг юм.
 
-Ерөнхий сайд Хэнтий аймагт, Сангийн сайд Увс аймагт өндөр төсөв баталсан байна лээ. Энэ бүхэн эргээд сонгуулийн системтэй холбоотой гэж харж байна уу?

-Энэ бол маш буруу хандлага юм. Уг нь эрх баригчдад үүнийг өөрчлөх боломж байсан. Цаашид ч энэ зарчим улам бүр хүчээ авах боломжийг олгож буйгаараа маш хор хөнөөлтэй шийдвэр болсон. “Та Ерөнхий сайд байхдаа”, “Сангийн сайд байхдаа”, “УИХ-ын гишүүн байхдаа” тойрогтоо болон нутагтаа илүү төсөв батлуулж чадсан юм уу гэдэг хандлагыг улам бүр шинэ түвшинд гаргаж байна гэсэн үг. Монгол улс бол нэгдмэл улс. Нэг бодлого нэг стратеги энэ улсад хэрэгтэй. “Яг ямар технологи, ямар мэдлэг, ямар бизнес бидэнд чухал байна вэ?”, “Ямар бүс нутаг, дэд бүтэц, боловсрол, эрүүл мэндийн тогтолцоог дэмжих вэ” гэж системтэй харах учиртай. Хамгийн чухал нь оруулсан хөрөнгө оруулалт нь богино, дунд болон урт хугацаанд эргээд орлого оруулах тийм төслүүдэд өөрсдийн энэ хязгаарлагдмал нөөцөө ашиглаж хөрөнгө оруулалт хиймээр байгаа юм. Ялангуяа ирэх жилүүдэд санхүүгийн маш хүнд асуудлууд биднийг хүлээж байна. Зөвхөн Ерөнхий сайд, Сангийн сайд ч биш УИХ-ын бүх гишүүд өөрсдийн тойрогт хийх юм бодоод байгаа нь жижиг можаритар сонгуулийн  тогтолцоотой холбоотой ба эргээд уялдаа холбоо муутай, үрэлгэн, үр дүн тааруу төсөв болох суурь юм. Зарим холбоо, харилцаа муутай гишүүдийн тойрог энэ үед хөгжлийн талаар ярих ямар ч боломжгүй болдог. Одоо гарчхаад байгаа төсвийн төсөл дээр хэн хэн гэдэг гишүүд яг ямар ажил өөрийнхөө тойрог дээр хийх гэж байгааг бид хялбархан харж болохоор байна. Энэ бүхний цаана ямар шалтгаан байгаа вэ гэдгийг харах нь нэн тэргүүний шаардлагатай зүйл. Бодлого боловсруулагч нар зөвхөн тойрогтоо илүү ажиллах хөшүүрэг манай сонгуулийн тогтолцоонд байна. Бид үүн дээр ажиллах ёстой. Гэхдээ үүн дээр ажиллах нь өнөөдрийн УИХ-ын гишүүдэд дахин сонгогдох боломж гаргахгүй. Тэгэхээр энэ үед яах вэ гэдгийг бид маш сайн бодож хамтдаа шийдлийг хайх хэрэгтэй. Улс орныг бүхлээр нь харж нэгдсэн бодлого боловсруулах тийм тогтолцоо бидний хувьд сорилт хэвээр байна.
 
-Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк зэрэг байгууллагууд ирэх жилүүдэд эдийн засгийн өсөлт буурна гэдэг анхааруулга өгч байгаа. Мөн ирэх жилүүдэд бондын өр төлж эхэлнэ. Энэ мэт асуудлууд эдийн засагт хэрхэн нөлөөлөх бол?

-Азийн Хөгжлийн Банк манай эдийн засгийг 2020 онд 6.3 хувийн өсөлттэй байна гэж төсөөлсөн. Энэ нь энэ оны төлвөөс 0.4 хувь доогуур төсөөлсөн гэсэн үг. Ямар ч байсан энэ жилээсээ дээрдэнэ гэж харахгүй байгаа. Монголбанкны тайлангаас харахад 2012 оны Засгийн газрын өр сонгуулийн өмнөх жилийнхээсээ 1.6 пунктээр өссөн бол 2016, 2017 онуудад 7.3 буюу сонгуулийн өмнөх жилээсээ даруй 3.5 пунктээр өсчээ. Эдгээр өр төлбөрүүдийг бид 2021 оноос төлж эхэлнэ.

Дээр хэлсэнчлэн, урьд авсан бонд зээлийг богино, дунд хугацаанд хөрөнгөө эргэж олж авах төслүүдэд зарцуулаагүйн улмаас гадаад өрийг эргэн төлөхөд хүндрэлтэй харагдаж байгаа. Эдийн засагт янз бүрийн шокууд илрэх эрсдэлтэй. Бид асуудлуудаа нарийн харж чадахгүй бол валютын ханш томоохон эрсдэл болно. Өрийн үйлчилгээний зардал өсөх, санхүүгийн салбар доройтох, энэ бүхнээс иргэдийн худалдан авах чадвар муудаж, тэгш бус байдал нэмэгдэх зэрэг сөрөг талууд бий. Ядуурлын түвшин нэмэгдсэнээс улбаалсан нийгэм, эдийн засаг, улс төрийн олон асуудлуудыг эрсдэл гэж харж байгаа. Ийм учраас бид цаг тулсан эрсдэлтэй үед тэр тусмаа энэ жилийн төсвийн бодлого дээрээ хамгийн их анхаарах хэрэгтэй байна. Ухаалаг, холыг харсан, нэгдсэн бодлого, стратегитэй байх шаардлага хэзээ хэзээнээс илүү шаардагдаж байна.
 
-Манай улс саарал жагсаалтад орсон явдал төсвийн бүрдэлт хийгээд, иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлөх вэ?

-Саарал жагсаалттай холбоотой бид их юм сурч байна гэж л харж байна. Юунаас болж энэ анхааруулгыг авав гээд бүгд дор бүрнээ ярьж, хариуцлага шаардаж байгааг нь эергээр харвал давуу тал гэж болно. Сөргөөр нь харвал, хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй томоохон асуудлууд болох терроризм, мөнгө угаах зэрэгт бид хэт хэнэггүй хандаж байсантай холбоотой байх. Бид урьд нь 2013 онд саарал жагсаалтад орж байсан. Тэр үед асуудалд нухацтай хандаагүй, сургамж аваагүй. Тэгээд бонд, зээлийн эргэн төлөлтийн хугацаа тулсан гээд олон асуудал яригдана. FATF байгууллагын тайлан дээрээс хамгийн их анхаарал татаж байгаа зүйл нь банк, банк бус санхүүгийн байгууллага дээрээ хяналт хангалттай тавьж чадаагүй, алтаа хил давуулаад алдаад байдаг, нинжагаа хянаж чаддаггүй, хамгийн чухал нь эдгээртэй холбоотой асуудлуудад хүчний байгууллагууд нь уялдаатай хамтран ажиллах чадвар муу, хариуцлага тооцох, шийтгэл ногдуулалт тааруу, эргээд хэргүүд давтагдаад байдаг гээд бидний бодит институцийн чадамжгүй байдлыг онцолсон. Энэ бол бидний хамгийн том асуудал. Үүнийг нь олон улсын байгууллагууд эрсдэлтэй гээд анхааруулаад байгаа юм. Энэ бол бидний хөгжлийн том эрсдэл, гацаа гэж бид өөрсдөө ойлгох нь чухал байна. Хамгийн харамсалтай нь, манай улсын нэр хүнд олон улсын тавцанд унаж байгаа явдал юм. Бид улс орноо яаж сүйрүүлж болдог сонгодог жишээ болсон улсуудтай нэг эгнээнд бичигдэж байгаа нь бидэнд цаашдаа бүх асуудлууд дээрээ анхаарах том сануулга болж байна. Анхааруулсаар байхад Засгийн газар, Сангийн Яам, Монгол Банк бусад институцууд өөрсдийн үндсэн ажлаа маш хангалтгүй хийлээ. Гэсэн ч бид дээрхи асуудлууддаа ач холбогдол өгч, сайн ажиллавал FATF байгууллагын дараагийн хурал дээр буюу дөрвөн сарын дотор саарал жагсаалтаас гарах боломжтой гэж ойлгосон. 
 
-Валютын ханшийн өсөлтийг та юу гэж харж байна вэ?

-Мэдээж гадаад гуйвуулга дээр шалгах гээд цаг хугацаа илүү орж магадгүй, зардал нь өсч магадгүй. Гадаадын хөрөнгө оруулалтад ямар нэг хэмжээгээр нөлөөлж магадгүй. Хүмүүс доллар худалдан авах гэж уралдаж магадгүй. Энэ нь долларын ханшийг зохиомлоор өсгөх эрсдэлтэй. Өнөөдрийн долларын өсөлтийг би хөөсрөл гэж харж байгаа. Тэгэхээр бид дээрх асуудлууддаа ач холбогдол гүнзгий өгч ажиллавал FATF байгууллагын дараагийн хурал дээр буюу дөрвөн сарын дотор саарал жагсаалтаас гарах боломжтой гэж ойлгосон. Энэ хугацаанд харин маш сайн ажиллах цаашдаа энэ эмзэг байдлууд дээрээ онцгой анхаарах нь манай хамгийн том сорилт юм. 
 
Эх сурвалж: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН 
 
Сэтгүүлч: Б.НАРАНЧИМЭГ