З.Нарантуяа: Малын хулгайчид ногдуулах ял хөнгөн байгаа учраас чангатгана

Монгол Улсын Үндсэн хуульд “Мал бол үндэсний баялаг. Төрийн хамгаалалтад байна” хэмээн хуульчилсан байдаг. Гэтэл сүүлийн хоёр жилийн хугацаанд мал хулгайлах гэмт хэргийн тоо огцом нэмэгдэж малчдад их хэмжээний хохирол учруулах болсон байна. Энэ оны байдлаар статистикийн мэдээгээр 1096 удаагийн малын хулгайн гэмт хэрэг бүртгэлтэй байгаа аж. Энэ нь нийт улсын хэмжээнд гарч буй гэмт хэргийн гурван хувийг дангаараа эзэлж байна гэсэн албан ёсны мэдээлэл бий. Мал хулгайлах гэмт хэрэг ийнхүү гаарах болсон шалтгаан нь хулгайчид ногдуулах ял хөнгөн байгаатай холбоотой аж. Ихэнх тохиолдолд шүүгч нар хохирлын хэмжээ их биш, хүндрүүлэх нөхцөлгүй хэмээн үзэж нийтийн тустай хөдөлмөр эрхлүүлэх, эсвэл зорчих эрхийг нь хязгаарлах, торгох ял ногдуулдаг гэсэн шүүмжлэл гарч байгаа билээ.  Иймд УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн нар Эрүүгийн хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид мал хулгайлах гэмт хэрэгт ногдуулах ял, шийтгэлийг чангатгах хуулийн төсөл УИХ-д өргөн бариад байна.  УИХ-ын 2019 оны намрын чуулганаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байгаа юм.

 

УИХ-ын дээрх гишүүдийн өргөн барьсан хуулийн төсөлд зохицуулах дараах байдлаар мал хулгайлах гэмт хэрэг ногдуулах ял, шийтгэл ногдуулахаар тусгажээ.

1. Эрүүгийн хуулиар болон Зөрчлийн тухай хуулиар мал хулгайлсан гэмт үйлдэлд ногдуулах хариуцлагын хэмжээг зааглаж өгнө. Ингэхдээ бусдын малыг хулгайлсан этгээдэд захиргааны хариуцлага ногдуулахын оронд эрүүгийн хариуцлага ногдуулахаар заасан байна.
2.Хүндрүүлэх нөхцөлтэйгээр бусдын малыг хулгайлсан бол хорихоос өөр төрлийн ял оногдуулдаг байдлыг өөрчилж, малын хулгайн гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөлийг илүү тодорхой болгож, ялыг ялгамжтай ногдуулах эрх зүйн үндэслэлийг тогтоосон байна.
3. Мөн “олон тооны мал” гэж хавтгайруулж заасныг хасахаар тусгажээ.
4. Зөрчлийн тухай хуульд “Бусдын малыг хулгайлсан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 240-250 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлс, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 7-30 хүртэл хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулна” гэсэн зүйлийг нэмэхээр төсөлд тусгажээ.


Ингээд УИХ-ын гишүүн З.Нарантуяагаас мал хулгайлах гэмт хэрэгт ногдуулах ял, шийтгэлийг хэрхэн өөрчлөхөөр хуулийн төсөлд тусгасан талаар тодрууллаа.

-Сүүлийн жилүүдэд мал хулгайлах гэмт хэрэг өссөн гэж байгаа. Энэ талаар тодорхой тоо баримт, мэдээлэл байна уу?


-Мал хулгайлах гэмт хэргийг Эрүүгийн хуульд 2017 онд оновчгүй тодорхойлсон. Үүнээс шалтгаалж малын хулгай гаарсан нь статистикийн судалгаагаар нотлогдож байгаа. Зөвхөн өнгөрсөн жил гарсан мал хулгайлах гэмт хэргийг энэ оныхтой харьцуулаад харвал 89 хувиар өссөн дүн гарсан. Мөн 2017-2018 онд 54 хувиар нэмэгдсэн байна. Энэ нь мал хулгайлах гэмт хэрэгт ногдуулах ял, шийтгэл хөнгөн, хууль нь сул байна гэсэн үг. Иймд уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай.


-Тэгэхээр одоо мөрдөж буй хуулиар мал хулгайлах гэмт хэрэгт ямар ял, шийтгэл ногдуулж байна вэ?


-Одоо бол найман бод, 24 богоос дээш тооны мал хулгай хийвэл их хэмжээний хохиролтой гэж үзнэ. Тэгээд арай хатуу буюу 5-8 жил хорих л ногдуулж байгаа. Харин долоон бод 23 бог байвал зургаан сараас таван жил хүртэлх хорих ял, 240-720 цагийн нийгмийн тустай хөдөлмөр эрхлүүлэх, зургаан сараас таван жил хүртэл зорчих эрхийг нь хязгаарлах гэсэн туслах ял хэрэглэж байгаа юм.


-Шүүхээр малын хулгайч нарт ямар хариуцлага хүлээлгэх вэ?


-Дээр хэлсэн хязгаарт хүрээгүй тооны мал хулгайлсан бол ихэнхэд нь тэр туслах ял ногдуулсан байна. Ийм учраас малын хулгай гаараад байгаа юм.


-Та бүхний санаачилсан хуулийн төсөлд хариуцлагын хэмжээг хэрхэн тусгасан бэ?

-Хулгайлсан малд нь тооны хязгаар тавихгүй. Иймд нэг толгой мал хулгай хийсэн ч ял шийтгэл ногдуулна гэсэн үг. Нэг ёсондоо хийсэн хэрэгт нь ногдуулах зохих ял шийтгэлийг нь оновчтой болгоно. Энэ нь торгох, баривчлах, хорих төрлийн ял шийтгэл байна. Хорих ял ногдуулахдаа хохирлын хэмжээ бага байвал тав хүртэлх жил байх юм. Үлэмж их хэмжээний хохирол учруулсан бол найман жил хүртэлх ял ногдуулдаг болно.

 

-Та бүхний өргөн барьсан хуулийн төслөөс гадна бас нэг төсөл бий. Үүнтэй харьцуулж үзсэн үү?


-УИХ-ын гишүүн Х.Болорчулууны өргөн барьсан хуулийн төсөлд малын хулгайчид ял шийтгэл ногдуулахдаа хулгайлсан малын тооны доод хязгаарыг бууруулж авч үзсэн. Бүр хязгааргүй болгоогүй байна лээ. Хүндрүүлэх нөхцөл дээр цөм сүрэг, үүлдэр угсаа сайтай жишээ нь хурдан морь хулгай хийвэл ногдуулах ял нь чанга байх юм билээ. Зөрчлийн тухай хуульд баривчлах, торгох ял хэрэглэхээр оруулаагүй. Техник хэрэгсэл ашиглаж тээвэрлэсэн бол захиргааны хариуцлага хүлээлгэнэ гэж тусгасан байна. Энэ бүгдээс харвал зарчмын хувьд их ялгаатай хуулийн төсөл юм.


-Малын үнэлгээг хэрхэн тогтоох вэ?


-Иргэд малаа өөрсдөө үнэлнэ. Шүүхийн явцад тэр үнэлгээ нь хэр бодитой вэ гэдгийг тогтоох юм. Энэ тогтоосон хэмжээгээр хохирол нь тодорхойлогдоно. Эрүүгийн хуульд ямар хэмжээний хохирлыг бага, үлэмж, их гэж үзэхийг тодорхойлж өгсөн байдаг. Тухайлбал, 50 сая төгрөгөөс дээш хохирол учруулсан бол их хэмжээнийх гэж үздэг. Мөн 10 сая төгрөгөөс дээш хохиролтой бол үлэмж хэмжээнийх гэж тодорхойлсон. Тэгээд үлэмж хэмжээний хохирлоос дээш мал хулгайлсан бол ялын өөр сонголтгүйгээр 5-8 жил хорино гэсэн үг.


-Сүүлийн жилүүдэд мал хулгайлах гэмт хэргийг шүүхээр шийдвэрлэсэн жишээ юу вэ?


-Яг хэдэн хэрэг шүүхээр шийдэгдсэн тоог сайн мэдэхгүй байна. Харин малчдад учруулсан хохирлын хэмжээ асар их нэмэгдсэн. Нийт хулгайн гэмт хэргийн 15 хувийг нь мал хулгайлах гэмт хэрэг эзэлж байгаа.

 

Эх сурвалж: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН 

Сэтгүүлч: Т.ЖАНЦАН